Нүүдэлчдийн удмынханд зориулсан тусгай дүрэм байхгүй

1

БНХАУ-д хийсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын айлчлалын хамгийн гол хэлцлүүд амжилттай явагдаж, хоёр улсын Ерөнхий сайдууд Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь хоёр талын эрх ашигт харилцан нийцнэ гэдэгт санал нэгдсэнээр БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан мэдэгдэл гаргалаа.

1.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийх, “Бээжин- 2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцохоор Бээжин хотыг зорьсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал өнөөдөр өндөрлөж байна.

Хүн төрөлхтний анхаарал олимпын наадам дээр төвлөрч буй энэ өдрүүдээр хийсэн уг ажлын айлчлал бидний хувьд илүү их чих тавьсан үйл явдал байв. Богино хугацаанд олон чухал ач холбогдолтой уулзалт, хэлцлүүдийг хийж амжсан уг айлчлалын бэлтгэл маш чамбай хангагджээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийлээ.

Хоёр улсын удирдлагууд найрсаг, дотно уур амьсгалд Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ хэмээн мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай хийсэн цахим уулзалтыг өнөөдрийн айлчлалын үндсэн суурийг тавьсан гэж харж болох юм.  Хэрэв уншигч та мартаагүй бол энэхүү цахим уулзалт нь улс төр, худалдаа, эдийн засаг болон мөн цар тахлын үеийн хамтын ажиллагаа гээд маш өргөн хүрээг хамарсан. Тухайлбал, Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах, Тяньжин боомтод гацсан ачаа тээврийн асуудлуудыг шийдвэрлэх зэрэг ахуйн тулгамдсан асуудлуудаас эхлээд Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил  огтлолын цэгийг эцэслэн тохирох гээд гол асуудлууд бүгд яригдсан.  Тийм учраас өнөөдрийн ажлын айлчлалын суурийг тавьсан хэмээн үзэж болох юм.

Мэдээж Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын эхний уулзалт 2022 оны 2-р сарын 5-нд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчянтай хийсэн уулзалт байлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Ли Кэчян “Хятад, Монгол хоёр орон бол зөвхөн хөршүүд төдийгүй сайн найз, сайн түншүүд” хэмээн онцолж,  цаашид улс төрийн итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар идэвхтэй ажиллахад  бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр хоёр талын боомтуудын хэвийн ажиллагааг хангах талаар чухалчлан анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлээд, төмөр зам, авто зам, эрчим хүч болон бусад төслүүдийн бүтээн байгуулалтын ажлууд дээр зах зээлийн зарчим, бизнесийн дүрэм журмын дагуу хамтран ажиллана хэмээн мэдэгдэв. Уг уулзалтын үеэр өөр хэд хэдэн асуудлууд яригдаж, үр дүнтэй хэлэлцээрүүд хийгдсэн нь илүү дэлгэрэнгүйгээр өдөр тутмын мэдээллийн хөтөлбөрүүдээр цацагдсан тул энд нурших илүүц биз ээ.

Найрсаг, найрамдалт харилцаатай хөрш орнуудын удирдагчдын дунд болдог халуун дотно гэмээр энэхүү яриа хэлэлцээрийн үед Ли Кечяны хэлсэн үгс дотроос зарчим сануулсан хоёр тод өнгө аяс ажиглагдаж байгаа байх. Түүнийг улс төрийн итгэлцлийн тухай, хамтран хэрэгжүүлэх төслүүд дээр бизнесийн дүрэм журам, зах зээлийн зарчмыг баримтлан ажиллах тухайд зүгээр л жижүүрийн үг унагасан гэж харахгүй байна. Биднийгээ нэвт шувт мэддэг айл хөрш улс маань шүү дээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятад улс цар тахлын эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, халдварт өвчинтэй хамтран тэмцэж, хилийн боомтуудаа хэвийн ажиллагаанд шилжүүлэхийн тулд хоёр тал эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг чухалчилсан байна. Мэдээж энэ бол манай талаас нэн тэргүүнд тавигдаж буй хүлээлт юм. Гэвч энэ асуудал бидний хүслээс шалтгаалах зүйл биш.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хоёр орны хөгжлийн стратегийг харилцан уялдуулж, эрчим хүч, уул уурхай, зам тээвэр,  дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна цөлжилттэй тэмцэх зэрэг бусад олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, иж бүрэн түншлэлийн харилцаагаа шинэ шатанд гаргах”-ын төлөө хамтран ажиллахад санал нэг байгаад талархаж буйгаа мөн илэрхийлжээ.

Айлчлалын гол ач холбогдол манай экспортын үндсэн бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон явдал гэж олонх ажиглагчид үзэж байна.

Үнэн хэрэгтээ манай дотоодын улс төрийн тэмцлээс болж бүтэн арванаар гацсан  Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан бол зөвхөн бидний гунигт түүх болон үлдэнэ. Өөр хааш нь ч нялзаах боломжгүй. Тийм учраас зарим эх сурвалжууд улс хоорондын асуудал байсан ч юм шиг харагдахаар хайнга мэдээлэх нь зохисгүй юм.

Юутай ч улс төрийн дээд үеийнхнийхээ хүний өөрийнгүй хэрж хэлхэлдсэн зузаан давхаргыг сөрж, тарьсан балгийг нь нялх нялзрайгаараа дуудуулан чичлүүлж яваа наяад оны залуу лидер ийнхүү ховхолж байна. Тэр Гашуунсухайтын төмөр замыг БНХАУ-ын талтай холбох цэгийг  эцэслэн тохирч чадлаа. Одоо манай нийгмийг эргэлзээ тээнэгэлзээн дунд, эцэс төгсгөлгүй хэрүүл талцал дотор эргэлдүүлсэн бүдүүн нарийн царигийн асуудал дуусч байна. Энэ бол үр дүн юм. Үнэн хэрэгтээ бид өөрсдөө яасан их залхаснаа, ямар их тэвчээртэй хүлээснээ мэдэрч байгаа байх. Үр хүүхдүүдийнхээ ирээдүйгээс хэлтэлж тарьсан өр төлөөсний өмнө үгтэн зогсож буй учраас…

Айлчлалын өөр нэг чухал хэсэг Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх хүрээнд өрнөсөн яриа хэлцлүүд юм. Жишээ нь, маш олон жил яригдсан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны замын төсөл.

Гурван улсын төрийн тэргүүн нарын 2016 онд болсон дээд хэмжээний уулзалтаар тохиролцож баталсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр, хил гааль, шинжлэх ухаан технологи, хөдөө аж ахуй зэрэг есөн салбарт нийт 32 төсөл арга хэмжээг гурван улс хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсоныг уншигчид маань санаж байгаа биз ээ.

Мөн өөр нэгэн сайхан мэдээ бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийгдэх хурдны тойрог замын сүлжээ, гүүрэн байгууламжийн төслүүдэд хамтран ажиллахаар зөвшилцсөн юм. Ийнхүү БНХАУ-д хийсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын айлчлалын хамгийн гол хэлцлүүд амжилттай явагдаж, хоёр улсын Ерөнхий сайдууд Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь хоёр талын эрх ашигт харилцан нийцнэ гэдэгт санал нэгдсэнээр БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан мэдэгдэл гаргалаа.

2.

Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар хоорондын хамтарсан мэдэгдэл

Энэхүү хамтарсан мэдэгдлийн эхэнд буюу нэгдүгээрт  “Талууд олимпын наадам нь хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын бэлгэ тэмдэг гэдгийг санал нэгтэй тэмдэглээд, Бээжингийн өвлийн олимпын наадам нь улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн энх тайвныг бэхжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох үйлсэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Бээжингийн өвлийн олимп товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулагдаж байгаад монголын тал баяр хүргэн амжилт хүсэв. Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад Монголын тал идэвхтэй дэмжиж байгаад Хятадын тал талархал илэрхийлэв” хэмээн цохон тэмдэглэжээ. Энэ нь Монголын Ерөнхий сайдын хийсэн ажлын айлчлал цаг хугацааны хувьд Бээжин-2022 олимпын нээлтийн үеэр болсонд Хятадын тал хүндэтгэлтэй хандсаны илрэл болов уу. Тийм ч учраас шат шатны уулзалтууд бүгд шуурхай товлогдож өрнөсөн биз ээ.

Уг хамтарсан мэдэгдлийг цааш нь  ЭНД дарж үзнэ үү.

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 6-ны өдөр БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй уулзсан юм. Энэ үеэр тэд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих төслүүдийг эрчимжүүлэх, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Бээжин хотноо зохион байгуулагдаж буй өвлийн олимпын XXIV наадмыг бүх талаар дэмжиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад биечлэн хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлэв.  Мөн Монгол Улсын шинэ Засгийн газрын дэвшүүлж буй төсөл хөтөлбөрүүд бодит ажил болно гэдэгт итгэж байна хэмээгээд, бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Тэрбээр Монгол Хятад улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд бүс нутгийн чухал улсууд  юм. Хоёр улсын харилцааг хамгаалах, бэхжүүлэх, хөгжүүлэх нь хоёр орны урт хугацааны болон язгуур эрх ашигт бүрэн нийцнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын өөр нэгэн онцлох уулзалт Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй хийсэн уулзалт байлаа. Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён А.Гутерреш  Монгол Улс НҮБ-ын чухал түнш гэдгийг онцолж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын оруулж ирсэн хувь нэмэр болон далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлдэгээ цохон тэмдэглэв. Мөн тэрбээр Монгол Улс “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжин идэвхтэй бодлого явуулж буйд талархал дэвшүүлж, НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон түүний эхний 10 жилд хэрэгжүүлэх эдийн засгийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо талаар танилцуулан, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нягт уялдаж байгааг тэмдэглэж,  НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн тэрбээр намын даргын хувьд Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Сун Тао-тай уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Ерөнхий сайдын анхны ажлын айлчлал өмнөд хөршид хийгдэж буй нь мэдээж тооцоололгүй, тохиолдлын зүйл биш. Бид улсынхаа гадаад харилцааны бодлогууд дээр хэт ойворгон амтай байна уу даа гэж эрхгүй бодогдоно. Ялангуяа хөрш орнууд дээр тэрс үзэлтэй цөөнх хэсгийнхний үзүүлдэг ааш авирыг цахим сүлжээгээр түрхэрэх зэрэг болчимгүй үйлдлүүд сүүлийн жилүүдэд хавтгайрч буй нь таатай үзэгдэл биш юм. Үүний нэг илрэл нь сошил орчинд хөвөрсөн “Олимп үзэх гэж явлаа, гуйлга гуйх гэж байна” гэх мэт савсаг шүүмжлэлүүд байв. Нөгөө л буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл хоёроор улс орныхоо гадаад бодлогын түвшнийг хардаг нүдээ одоо солих цаг болжээ.

Монгол Улс Гадаад бодлогын үзэл баримтлалдаа “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ” гэж заасан байдаг. Тодруулбал харилцааны маань төвшин яг адил тэнцүү хэм хэмжээтэй гэсэн үг. Зэрэглэл нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа. Ийм зиндааны түншлэлийн эрэмбийг бурхан бидэнд заяасан байна. Худалдаа, эдийн засгийн, хүмүүнлэгийн, соёлын бүхий л харилцаа маань улс түмнүүдийн жишгээр явагддаг. Бид хүн төрөлхтөнтэй ижил дүрмээр л тоглоно. Учир нь бидний нүүдэлчдийн удмынханд зориулсан тусгай дүрэм байхгүй шүү дээ.

3.

Бээжингийн олимпын наадмын нээлтийн өдөр хоёр хөршийн маань төрийн тэргүүн хамтарсан мэдэгдэл гаргасан нь “Бээжин – 2022” -оос дутуугүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа байх. Энэ үйл явдлыг дэлхийн улс төрд хүчний дахин хуваарилалт явагдахын том дохио гэж шинжээчид үзэж байна.

Тэд өөрсдийн хамтарсан мэдэгдлээрээ бүс нутагт өрнөж буй сүүлийн жилүүдийн үйл явцаас үүдэж аюулгүй байдлыг сахин хамгаалах шаардлага тулгарч байгаа учраас манлайллыг өөрсөд дээрээ авч буйгаа бараг “зарлав”.  Мөн зарим улс орон бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс хэт оролцон, дур зоргоороо авирлаж буйг хатуу шүүмжилжээ.

Ардчилал бол нийт хүн төрөлхтний ололт, дундын үнэт зүйл болохоос хэдхэн орны өөрсөд дээрээ наадаг, өмчилдөг  ойлголт биш хэмээн тэд мөн онцлов. Ингээд зогссонгүй ардчиллын эцэг болж давхидаг, өөрсдийн жорыг бусад улс орнуудад тулгадаг эрээ цээргүй байдлаас нь болж бүс нутгийн хийгээд дэлхий нийтийн тогтвортой байдалд эрсдэл үүсч байна гэж шулуухан мэдэгдлээ.

Дэлхийн хоёр их гүрний удирдагчийн хийсэн энэхүү хамтарсан мэдэгдэл өргөн хүрээг хамарснаас гадна маш олон анхаарал татсан мессежүүд багтжээ. Мэдэгдэл нь өөрөө ч олон талтай юм. Тиймээс  олон улсын харилцааны мэргэжилтнүүд, судлаачдын хийсэн дэлгэрэнгүй дүн шинжилгээнүүд ар араасаа хөврөх нь дамжиггүй.

Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй шинэ дэлхий өөрөө шинэ дэг ёс, шинэ дүрэм шаардаж байна. Бидэнд ч гэсэн өдий төдий нөхөөстэй хуучин дугуйтай цаашлах боломж байхгүй шүү гэсэн дохио дуугарч эхэлснийг  ойлгох цаг иржээ…

Сэтгүүлч Б.Ганчимэг

Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
Нүүдэлчдийн удмынханд зориулсан тусгай дүрэм байхгүй – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
3 сарын өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x