Нэгэн зэрэг наадмаа тэмдэглэж, амарсан шиг амарчихаад намрынхаа ажилд ордог хандлага, системтэй болох шаардлагатай DNN.mn

0


-ТӨР, ЗАСГИЙН АНХААРУУЛГЫГ ТООЛГҮЙ САЙН ДУРААРАА БӨХИЙН БАРИЛДААН ЯВУУЛЧИХААД УЛСЫН ЦОЛ ЧИМЭГ АВНА ГЭДЭГ АСУУДАЛ БАЙХГҮЙ –


УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Наадмыг зохион байгуулах комиссыг Шадар сайд ахалдаг. Тэр утгаараа энэ жилийн наадмын бэлтгэл ажил хангагдаж байна уу?

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо чиглэл чиглэлээрээ үйл ажиллагаануудаа хариуцаад бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна. Баяр болоход цөөхөн хоног үлдсэн. Тэр утгаараа бэлтгэл ажлууд ч гэсэн салбар, чиглэл бүрдээ хангагдаж байгаа гэж ойлгож болно. Наадмын үндсэн хөтөлбөр батлагдсан. Шинэ сар гараад л эхнээсээ сур, шагайн харвааны арга хэмжээнүүд явагдана. Улмаар долдугаар сарын 13-ныг дуустал үндсэн батлагдсан хөтөлбөрийнхөө дагуу л явагдаж дуусна.

-Энэ жилийн баяр наадмын онцлог юу байна. Мэдээж тодорхой журмын хүрээнд зохион байгуулагдах байх л даа…?

-Өнгөрсөн жилээс эхлээд наадмын хаалт гэж хийдэг болсон. Түүнийг энэ жил мөн хийхээр хөтөлбөртөө тусгаж баталсан. Тусгай хөтөлбөртэй. Долдугаар сарын 13-нд Уяачдын наадам болдог. Энэхүү наадмаар өмнө нь зохион байгуулагддаггүй байсан жороо морины уралдааныг явуулахаар хөтөлбөрт тусгасан.

Ингэснээрээ хаягдаад байсан жороо морины уралдааныг сэргээх, өв соёлыг нь хадгалж үлдэх, өвлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгаа. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулж зарим дүрэм журамд өөрчлөлт орсон. Тухайлбал, бөхийн болоод морин уралдааны салбар хороодын зохион байгуулалттай холбоотойгоор бага зэргийн өөрчлөлтүүд орсон байгаа. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар тун удахгүй батална.

-Баяр наадмын тухай хуульд мөн адил бага зэргийн өөрчлөлт оруулахаар УИХ хэлэлцэж байна. Яг ямар өөрчлөлт орохоор байгаа вэ?

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн жил хэлэлцээд баталчихсан.

Энэ жилийн тухайд бага зэргийн өөрчлөлтүүд л яригдаж байгаа. Уг хуулийн төсөлд холбогдуулан УИХ-ын зарим гишүүдээс санал гаргасан. Тухайлбал, Үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд долдугаар сарын 10-ны өдөр нь ажлын өдөр байгаа. Тэгэхээр уг хуульд мөн өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Өөр нэг зүйл нь бөхийн барилдаан дээр тодорхой өөрчлөлтүүд орсон. Өнгөрсөн жил тэгш ой тохиосон учир 1026 бөх барилдсан. Харин энэ жил 512 бөх барилдана. Уг барилдаанд арслан цолтой бөх түрүүлбэл аварга цолтон болно. Хэрэв аварга цолтон бөх түрүүлбэл даян аварга цолтон болно гэсэн нэмэлт заалтуудыг оруулж байгаа. Өнгөрсөн жилийн хуульд Бүх цэргийн наадмыг хассан байсан. Харин энэ жил уг хуульд оруулж өгч байгаа.

-Цэргийн наадмыг хуульчилж өгсөн гэхээр аймаг, цэргийн цолтнуудын эрэмбийг яаж тогтооно гэсэн үг вэ?

-Эрэмбийн тухайд тогтсон дүрмийнхээ хүрээнд өмнөх шигээ л явна. Шинээр ингэж тогтооно гэсэн зүйл байхгүй. Өмнө яаж эрэмбэ тогтоодог байсан түүгээрээ л явна гэсэн үг.

-Үндэсний их баяр наадмыг нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэх талаарх албан бичгийг орон нутгийн удирдлагуудад явуулсан байсан. Зарим иргэдийн хувьд нэг зэрэг баяраа тэмдэглэх асуудал дээр янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Орон нутаг нь наадмаа хэзээ тэмдэглэх вэ гэдгээ шийдэж болдоггүй юм уу гэсэн саналтай иргэд ч байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Би ийм шийдвэр гаргасан зүйл байхгүй. Энэ бол хуульд заагаад өгчихсөн байгаа тодорхой асуудал. Нэгэнт хуульд заагаад өгчихсөн учраас хуулиа л хэрэгжүүлэх ёстой. Хуулиас гадуур наадам зохион байгуулах гэж байгаа учраас хуульд заасан хугацаандаа л тэмдэглэн өнгөрүүлэх шаардлагатай гэдэг үүргийг өгсөн. Түүнээс биш хэн нэгэн аймаг, сумын Засаг даргын хүсэлтээр наадам тэмдэглэнэ гэж байхгүй. Аймаг, сумдын удирдлагууд дураараа журам дүрэм гаргаад явдаг бол бид энд хууль батлаад байх хэрэг байна уу. Тиймээс нэгэнт батлагдчихсан хуулиа л бүх нийтээрээ дагах ёстой. Нөгөөтэйгүүр бид нэг цаг хугацаанд баяр наадмаа тэмдэглэсэн шиг тэмдэглээд амарсан шиг амарчихаад намрынхаа ажилд ордог хандлага, системтэй болох шаардлагатай. Тэгэхгүй намаржин наадам, цэнгээн гэж явсаар ажил амьдралаа алддаг. Энэ нь улс орны ажилд ч нөлөөлнө. Тиймээс тогтсон хугацаандаа бүгд баяраа тэмдэглэсэн шиг тэмдэглэчихээд намрын ажлаа бодох хэрэгтэй.

-Баяр наадмын үеэр дэг журмыг хэрхэн хангаж ажиллахаар байгаа вэ. Наадмын өдрүүдэд осол аваарын дуудлага ихэсдэг шүү дээ?

-Мэдээж үүнд цагдаагийн байгууллага онцгой анхаарч ажиллана. Наадмын өдрүүдэд орчин тойрны дэг журмыг хангах, орон нутагт гарч болзошгүй салхи шуурга, үер ус зэрэг байгалийн гамшгийн үед холбогдох аврагчид, хууль, хүчний байгууллагад бүгд бэлэн байх чиглэлээр маш өндөр зохион байгуулалттай ажиллах шаардлагатай. Нийслэлийн хувьд наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг нэмэгдүүлэн ажиллуулна. Үндэсний хорооны салбар хороод дээрх чиглэлүүдээр ажлаа төлөвлөж, анхаарч ажиллана. Нийтийн тээврийн хувьд аль болох түргэн шуурхай, хүртээмжтэй, найдвартай байлгах чиглэлд илүү анхаарч байна.

-Засгийн газраас энэ жилийг Монголд зочлох жил болгон зарласан. Тэр утгаараа гадаадын жуулчид, аялагчид наадмын үйл ажиллагааг сонирхохоор хүрэлцэн ирэх нь тодорхой. Тэгвэл гадаад иргэдийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагыг хангах тал дээр ямар ажил хийгдэх вэ?

-Мэдээж хэв журам сахиулах ажлыг цагдаагийн байгууллага хариуцан ажиллах нь тодорхой. Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор энэ жилийн баяр наадмыг өмнөхөөсөө илүү их жуулчид үзэж сонирхоно гэсэн тооцоолол бий. Тиймээс бид аль болох гадаадын зочид, жуулчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, наадмын хөтөлбөр бүрдээ оролцуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концертыг зөвхөн Соёлын төв өргөөнд хийгээд дуусгадаг байсан. Харин сүүлийн жилүүдэд Төв талбайд долдугаар сарын 10-ны үдэш зохион байгуулдаг болсон. Энэ тогтсон уламжлалаараа хүндэтгэлийн концерт төв талбайд болно. Энэ жилийн хүндэтгэлийн тоглолтын гол онцлог бол Монгол Улсын 21 аймгийн төлөөлөл бүгд оролцоно.

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын асуудлаар тодорхой хэдэн асуулт байна. Тухайлбал, энэ жилийн хувьд бөхийн барилдааны дүрэмд тодорхой өөрчлөлтүүд орж байх шиг байна шүү дээ?

-Тэмцээн уралдаан, спорт гэдэг бол дүрэмтэй. Тэр дүрэм нь тодорхой, нийтийн эрх ашигт нийцсэн, шударга л байх ёстой. Ам авч байна гээд цаагуур наагуураа янз бүрийн асуудал гаргадаг зүйл цөөнгүй бий. Ам бөхөө авах гэж байна гээд хоорондоо хэрэлдээд эсвэл утсаар яриад таг зогсчихдог байсан. Эсвэл дэвжээн дээр гараад хоорондоо маргалдаад зогсчихдог шүү дээ. Товчхондоо бөхийн барилдаантай холбоотой маргаанууд цөөнгүй жил явж ирлээ. Энэ бол өнгөрсөн жилээс эхлээд ерөнхийдөө цэгцэндээ орсон гэж ойлгож байгаа. Тиймээс шинэ батлагдсан хууль, дүрэм журмынхаа хүрээнд бөх, морь, шагай, сур харваа нь явагдах ёстой. Үүнээс хамгийн маргаангүй явагддаг нь шагай, сур хоёр шүү дээ.

-Морины уралдаантай холбоотойгоор шинээр журам батлагдсан гэж байгаа. Ямар журам гарч ирсэн бэ?

-Энэ жилээс эхлээд бид морины уралдааныг давхар хяналттай болгохоор болсон. Өөрөөр хэлбэл шүдлэнгээ явуулахад мөн сэрвээ хэмжихдээ давхар хяналттай явуулахаар болсон гэсэн үг. Өмнө бол дан хяналтаар оруулаад л гаргадаг байсан. Үүнээсээ болоод янз бүрийн маргаантай асуудал үүсдэг байсан учраас энэ жилээс эхлээд морины уралдааны бүртгэл, шүдлэх, хэмжих чиглэлд давхар хяналттай явуулахаар болсон байгаа. Үүн дотор шүдлэх гэж байгаа хүмүүсийг бид сугалаагаар гаргаж ирнэ. Тэгэхгүй бол олон жилийн турш уралдааныг зохион байгуулаад дотор нь оролцоод ирсэн хүмүүс хувийн ашиг сонирхлоо шингээчихсэн байдаг юм байна. Үүнийг задлахын тулд бид шүдлэх улсуудаа сугалаагаар гаргаж ирэхээр болсон байгаа. Товчхондоо морины уралдаан дээр будилаан, эргэлзээ гаргахгүйн тулд давхар хянах бүтцийг шинээр бий болгосон.

-Соёл, урлагийн салбарынхан цалин нэмэгдүүлэхтэй холбоотойгоор жагсаал, тэмцэл өрнүүлсэн. Улмаар цалин нэмэхгүй бол наадамд оролцохгүй гэдгээ илэрхийлээд байсан. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын хувьд уг асуудалд ямар байдлаар анхаарч ажиллаж байна. Уг салбарынхнаас болж наадам тасалдах үйл явц өрнөх үү?

-Яах вэ уран бүтээлчид өөрсдийнхөө өмнө тулгамдсан асуудлаа салбарынхаа сайдад уламжилж ярьж байсан. Гэхдээ энэ бол монгол төрийн наадам. Салбартаа асуудалтай байж болно. Гэвч хэсэг бүлэг хүний санаагаар ч гэдэг юм уу эсвэл хэн нэг хүний дур сонирхлоос болоод монгол төрийн наадам гацдаг зүйл огт биш ээ. Үндэсний их баяр наадам гэдэг бол монголчуудын дархлаа. Монгол төр, Монгол Улсын оршин тогтнохын үндэс болсон их баяр. Тэр утгаараа холбогдох төрийн албан хаагчид, бусад хүмүүс монгол төрийн их баяр наадамд хүндэтгэлтэй хандах ёстой. Тэгэхээр хэн нэгнээс шалтгаалж энэ жилийн наадамд сөрөг үр дагавар учруулж болохгүй. Наадам болдгоороо болно. Урлаг соёлынхон оролцдогоороо оролцоно.

-Баяр наадмын тухай хуулиар бол шинэ цолтнуудын цолыг допингийн шинжилгээний хариу ирүүлсний дараа албан ёсоор олгоно гэж заасан байдаг шүү дээ. Тэгэхээр энэхүү заалтаараа цол, чимэг олгох асуудал явагдах уу. Ер нь энэ допингийн асуудлыг яаж зохицуулахаар байгаа вэ?

-Мэдээж энэ допингийн асуудал олон жил маргаантай явж ирлээ. Цаашид шинэ дүрэм журмаар уг асуудлыг улам бүр нарийвчлах шаардлагатай байгаа. Нэг үеэ бодоход допинг хэрэглэсэн бөхчүүдэд авах хариуцлага чанга хатуу болсон гэж үзэж байна. Тэгэхээр эдгээр асуудлуудаа манай бөхчүүд маш сайн мэддэг, ойлгодог болсон учраас дор бүрнээ анхааралтай байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр допингийн шинжилгээний хариу гаргахтай холбоотой асуудал ямар нэгэн будилаан эргэлзээгүй байх хэрэгтэй л дээ. Наадмын үеэр цол чимэг, бай шагналаа авдгаараа авна. Харин дараа нь допинг хэрэглэсэн нь тогтоогдвол цолоо хураалгах, эрхээ хасуулах зэрэг шийтгэлээ үүрнэ.

-Ковидын үед буюу 2021 оны зун зохион байгуулагдсан 512 бөхийн барилдаанд амжилттай барилдаж шөвгөрч, түрүүлсэн бөхчүүдэд цол олгоно гээд батламж гардуулсан. Одоо энэхүү цол, чимгээ зарим бөхчүүд нэхэж байна. Бөхчүүд гэхээсээ илүү бөх сонирхогчид, нутаг усныхан нь нэхсээр байх юм. Үүнийг тодорхой шийдэж болдоггүй юм уу?

-Өнгөрсөн жил бид энэ асуудлаар маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч гэсэн байр сууриа илэрхийлсэн шүү дээ. 2021 оны баяр наадмыг Засгийн газрын тогтоолоор хойшлуулсан. Хууль журмаараа бол Үндэсний их баяр наадмаар цол чимэг олгоно гээд заачихсан байдаг. Харин Засгийн газрын тогтоолоор Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамт тэмдэглэнэ гээд баталчихсан байхад бөхийн холбоо хэсэг бүлэг бөхчүүд нийлээд тэр барилдааныг зохион байгуулсан. Тэгэхээр төрийн их баяр наадам зохион байгуулагдаагүй, хойшлуулсан байх үед энэхүү барилдаан болсон учир амжилт гаргасан бөхчүүдэд улсын цол, чимэг олгох эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй. Тухайн үед буюу барилдаан зохион байгуулахаас нь өмнө бид анхааруулж хэлж л байсан. Гэтэл бидний анхааруулгыг тоолгүй өөрсдөө сайн дураараа бөхийн барилдаан зохион байгуулчихаад одоо улсын цол чимэг авна гэдэг асуудал огт байхгүй ээ.

-УИХ-ын гишүүний хувьд яг одоо чуулганаар хэлэлцэгдэж байгаа зарим хуулийн төсөл, заалтууд дээр ямар байр суурьтай байна вэ. Тухайлбал Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд малчдын нийгмийн даатгалыг төр 50 хувийг нь даана гэсэн заалт олны шүүмжлэлийг дагуулаад байна л даа?

-Манай эдийн засгийн голлох салбар болох мал аж ахуйг авч яваа хүмүүс бол малчид. Тэр утгаараа малчдын хувьд нуруу дээрээ маш хүнд ачааг үүрч яваа хүмүүс гэж боддог. Нөгөөтэйгүүр малчдын амьдрал гэдэг бол зөвхөн нэг малчин, өрхийн асуудал огт биш ээ. Өргөн уудам нутагтай, хүн ам цөөнтэй манай улсын хувьд малчид маань дан ганц малаа хариулж өсгөөд зогсохгүй тухайн газар нутгийнхаа манаач, эзэн нь байдаг. Хажуугаар нь үр хүүхдээ өсгөж, халуунд халж хүйтэнд хөрж яваа хүмүүс. Тэгэхээр зөвхөн малчин гэдэг дан тодотголоор эсвэл мал хувийн өмч гэдэг өнцгөөр энэхүү асуудалд хандаж огт болохгүй. Энэ утгаараа миний хувьд малчдын нийгмийн даатгалыг төр 50 хувийг нь даах зохицуулалтыг дэмжиж байгаа. Төрөөс үүнийг зохицуулах шаардлагатай гэж үздэг. Ер нь монголчууд цаашдаа нүүдлийн мал аж ахуйгаа авч явж байж л оршин тогтоно. Гэтэл сүүлийн жилүүдэд малчдын халааг авах залуу малчидгүй болсон байна. Энэ бол үндэсний хэмжээнд яригдах гол тулгамдсан асуудал. Мал маллах хүнгүй болно гэдэг нь өөрөө Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүнсний аюулгүй байдлын суурь үзүүлэлтэд сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Нөгөөтэйгүүр нийслэлийн хэт төвлөрөлт улам л нэмэгдэнэ. Бид түүхэндээ өлсөж үзээгүй ард түмэн гэдэг. Үүний гол учир нь бидэнд нүүдэлчин ахуй, нүүдэлчин мал аж ахуй байсантай холбоотой. Тиймээс төр засгаас цаашид малчдын асуудалд улам илүү анхаарах шаардлагатай. Малчдын асуудлыг анхаарахгүй хаях юм бол наад зах нь улаанбаатарчууд хүнсээ хаанаас яаж хангах юм. Нөгөө хэт төвлөрсөн 1.5 сая хүн ам нь шууд 2.5 сая болно. Тэгвэл энэ хотод яаж багталцах юм. Нөгөө түгжрэл, утаа, хөрсний бохирдол гээд асуудлууд хэд дахин илүү нэмэгдэнэ. Тиймээс бид хөдөөгийн сэргэлт, хөдөө аж ахуйн салбарын цогц бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

-Улс төрийн намын тухай хуулийг чуулганаар хэлэлцэж эхэллээ. Энэхүү хуулийн гол заалт нь намын санхүүжилт, нөгөөх нь намын жагсаалт байгаа шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой гэж таны хувьд бодож байна вэ?

-Тодорхой үзэл баримтлалтай, үйл ажиллагаатай улс төрийн хүчний зохих хэмжээнд санхүүжүүлэх, үйл ажиллагааг нь дэмжихийг зөв гэж үздэг. Ингэж байж төр төлөвших, улс төр тогтвортой, соёлтой байх асуудал шийдэгдэнэ. Эргээд ёс суртахуунтай, хариуцлагатай улс төр хийдэг байх түүгээрээ дамжаад төрийн тогтолцоо илүү боловсронгуй болдог байх гэдэг эрх ашгийн үүднээс энэ бол байх ёстой зүйл гэж ойлгож байгаа. Ер нь бол төр гэж байгаа цагт улс төрийн нам гэж байх нь ойлгомжтой. Улс төрийн нам байж төр оршин тогтоно. Төр оршин байж улс орны тусгаар тогтнол баталгааждаг. Энэ зарчмаараа уг зохицуулалтыг оруулж өгөх ёстой. Харин нь ямар нам ямар үйл ажиллагаа явуулж байна вэ гэдгээс ихээхэн зүйл хамаарна л даа. Үүнийг мэдээж тодорхой шалгууртай болгох нь зайлшгүй асуудал.

-Намын жагсаалтын хувьд таны байр суурь ямар байна вэ. Квотын асуудлыг сая нэлээд ярьж шуугилаа шүү дээ…?

-Намын жагсаалтын асуудалд бид нэг талыг барьж хэт их туйлшрах хэрэггүй юм. Заавал нэг квот тогтоох гээд үхэн хатан яваад ч байх ёсгүй. Чадаж байвал эрэгтэй, эмэгтэй ялгаагүй зуун хувь оролцдог тийм л ардчилсан нийгэмд бид амьдарч байгаа биз дээ. Чадахгүй байвал түүнд нь хүйс ямар хамаатай юм. Ерөөсөө чадвар мэдлэгээрээ сонгогддог ерөнхий гол зарчмаараа л явах учиртай. Зуун хувь сонгогдох боломж нь нээлттэй байх зүйлийг заавал 30, 40 хувь гээд хязгаар тогтоож өгөөд байгааг би хувьдаа ойлгодоггүй. Яах вэ оролцоог нь хангах үүднээс ингэж явж байгаа байх л даа. Гэхдээ л чадаж байгаа нь гарч ирдэг. Чадахгүй нь өөр боломж буюу хийж чаддаг зүйлээ хийгээд явдаг ийм л ардчилсан тогтолцоотой. Тогтолцооны хувьд жендэрийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг бид баталгаажуулж өгөх нь зөв. Гэхдээ хэт их туйлширч болохгүй асуудал гэж боддог.





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x