Нутагт минь үлдсэн цагаан сар

0


Цаг хугацаа, он жилүүд хөсөг нүүдэл шиг ар араасаа цуварч одох бүрийд дурсамжин дундах зарим нэг цаг хугацаандаа үүрд үлдчих юм сан гэх бодол хааяа төрнө. Тэрхүү гэгээн дурсамжуудийн минь ихэнх нь Эх орны алс баруун хязгаарт орших Бөөрөг дэл, Алтан элсэн дунд буй төрж өссөн говь нутагт минь бүтээгджээ.

Тийм л гэгээн дурсамжуудийн нэг бол яах аргагүй хүүхэд ахуйд минь болж өнгөрсөн цагаан сарын баяр юм.   Шинэ гэр бүрэх, ураг барилдах хурим найр зэргийг эс тооцвол цагаан сар, улсын наадам хоёроос өөр бусад баярыг бараг л үл тоох баяд зон цагаан сарыг харин их л өргөн тэмдэглэнэ. Тийм ч болохоор хүүхэд багачууд бид цагаан сар дөхөх тусам өдөр хоногийг ёстой л хуруу даран тоолж эхэлнэ. Хүүхэд гэлтгүй томчууд ч хөл хөөр болж эрчүүд нь сарын өмнөөс унах морь, тохох эмээлээ зэхэж, охид бүсгүйчүүд чимэглэлээ урлан мэтгэцгээж дор бүртээ завгүй болцгооно. Манай нутгийнхан өөр хоорондоо хоёроос гурван км зайтай өвөлжих тул малын бэлчээр нь ч хэмжээ хязгаартай. Бэлчээрийн тэрхүү хязгаараа хавь ойрдоо арай томхон харагдах элсэн манхадаар зааглаж түүнийгээ “Сав” гэж нэрлэцгээх бөгөөд бусдын сав руу малаа оруулж хариулахгүй байхыг хүүхэд багачууддаа ихэд анхааруулна. Айл бүхэн сав дотроо бэлчээр нутгаа бод, богийнх хэмээн зааглаж тэр бүү хэл бог малынхаа бэлчээрийг сар өдрөөр нь хуваарилж малаа бэлчээрлүүлнэ. Ах бид хэд ээлж ээлжээр хониндоо явах бөгөөд бараг л хоёр сарын өмнөөс сар шинийн гурван өдөрт зориулан хамгийн их хариулга, маллагаа шаардагдах хонин сүрэгтээ “Цол” гаргана даа.

Цол гэдэг нь шинийн нэгнээс эхлэн шинийн гурваныг хүртэл хонио хариулгагүй бэлчээрлүүлэх харуус сайтай газрыг эртнээс бэлдэж буй хэрэг л дээ. Тэгэхдээ цол гаргах газрынхаа цасыг малын хөлөөр цараалуулахгүйн тулд эртнээс тооцоолсоны дагуу алсуур тойруулан өдөр өдрийн хэмжээт газартаа л хонио хариулна. Монголчууд адууг л ухаантай гэлцээд байдгаас бус хонь, ямааг ямар их ухаантай болох талаар урьд өмнө нь хэн нэгний ярьж байгааг би огтхон ч сонсоогүй.

Гэхдээ л тэрхүү богино хөлийн хонь ямаа, адуунаас ч дутахгүй ухаантай болохыг би тэр үеэс л сайн мэдэх болсон. Өглөө эрт хотноосоо бэлчсэн хонин сүрэг урьд өдрүүдийнхээ царааг даган явсаар шинэ бэлчээрт хүрмэгцээ тэрүүхэндээ тархан дор бүрдээ л цас тээгээд л тогтчихно. Ингэж тогтсон хонин сүрэг өдрийн турш тухайн бэлчээртээ л идээшилнэ. Эздийнхээ хариулга маллагаанд дасаж бэлчээр дамжиж гүйхгүй болохоор тарга тэвэргээ ч үл алдах ийм малыг ухаантай гэхээс өөр юу гэхсэн билээ. Ийнхүү өдөр өдрөөр хэмжээт газрууддаа хонио бэлчээрлүүлсээр битүүний өдөр болоход цол маань ч жинхэнэ утгаараа битүүрнэ дээ. Тэрхүү цолоо элсэн манхадын оройгоос харахад эргэн тойронд нь дагтаршсан малын цараан дунд нэг ч мөр гараагүй цавцайсан цагаан тал дугуйрч харагддагсан. Ингэж бэлдсэн цолдоо хонин сүргээ оруулчихсан байхад шинийн гурваныг хүртэл цагаан сарын гурван өдөр хариулга маллагаа үл шаардана. Хаа очиж ойр тойронд нь хээрийн боохой үүрэлчихмээр уул хад үгүй тул тэр талын аюулаас манай нутгийнхан үл айна.                    

 За тэгээд л битүүний өдөр болоход гэр орон, хот хороо цэвэрлэх ажил дуусч “Ендэр” босгох гэж нэг сайхан ажил бидэнд оногдоно. Ендэр гэдэг нь хотныхоо урд нар мандах зүгийн өндөрлөг дээр цасаар овоо босгохыг хэлж байгаа хэрэг юм. Хажуу бөөрөөр нь элсний үртэс, өвсний ширхэг ч оруулалгүй босгосон Ендэрийнхөө оройг тогоо шиг хонхойлгон гал түлэхэд бэлтгэж элс дэвсээд дээр нь аргал овоолно. Тэгээд бас болоогүй ээ, урд талд арц хүж уйгуулах тавцан гаргадаг гэж байгаа. Ах нартайгаа цуг жилийн жилд Ендөр босгох нь надад их л зугаатай санагддаг байж билээ. Үдэш нь дэнгийн бүдэг гэрэлд гэр хотлоороо битүүрэн тоглож наадсаар унтацгаах болоход хөөрхий ээж маань л хараахан оёж  дуусаагүй дээлнийхээ товч,  шилбийг хадсаар хамгийн сүүлд үлддэгсэн. Орь залуухан насандаа хань ижилээ алдан бэлэвсэрч долоон бурхан оддын тоотой хэдэн үрсээ бусдын нүдэнд мөр бүтэн харагдуулж хүний зэрэгт хүргэхээр нойр хоолоо умартан зүтгэж явсан ижий минь тэр өдрүүдэд бүтэн нойртой хоносон гэдэгт би итгэдэггүй. Дөлөндөө бөөр нь харалсан шилэн дэнгийн дөл ширтэн маргааш өдөр болох цагаан сарын тухай, унах морь, тохох эмээл, хэсэх айлуудаа тооцоолон ижийнхээ унтахыг хүлээн нойроо хулжаасаар нэг л мэдэхнээ нам унтчихсан байдагсан.                 

Тогоо шанага үл мэдэгхэн хангинаж, ах нарын дүнгэр дангар ярилцах чимээнээр нойрноосоо сэрэхэд ижий хэдийн цайгаа чанаад гялалзтал зүлгэж өнгөлсөн цайр данханд уудлаж сууна. Өмнө нь өглөө бүр нойроо харамлан орноосоо босох гэж бөөн юм болдог ах нар хүртэл надаас түрүүлэн босчихсон байна. Намайг морь харахаар нүдээ нухалсаар гэрээс гарч ирхэд зургаан мичид баруунаа тонгойн үүр тэмдгэрч, тэнгэрийн хаяа улбартаж харагддагсан. Уяан дээр морьд тургилах нь ах нар аргамжаатай хоносон морьдоо хэдийн уяан дээр эмээллэсэн байгаа хэрэг. Нэлээд хэд хонгийн өмнөөс идэш ундыг нь тааруулан сойсон хур дэлтэй омголон морьд тольтой мөнгөн хазаарын амгай зажлан уяан дээр толгой хаялан дүүхэлзэх нь өөрийн эрхгүй сэтгэл догдлуулж орхино. Морьдын дундаас өөрийн унах номхон хээрээ ажиглан битүүхэн баяссаар гэртээ буцаж ороход гэрийн хоймор зулаатай байсан ор дэр ид шидээр хураагдсан мэт цэмцийж оронд нь явган ширээн дээр урд үдшийн бэлтгэсэн тавгийн идээ, шүүс засагдсан харагдана. Ах нар ургах нарнаас урьтан Ендэрт гарахаар олон өнгийн торго, хоргойны цуулдсаар Заваа залам буюу одоогийнхоор бол хийморийн дарцаг гэмээр зүйл бэлтгэж, хонины өвчүү, идээ шүүс зэргийг дор бүрдээ л зэхэцгээнэ. Би ч ах нараасаа үлдэж хоцрохгүйг хичээн нүүр гараа балгахан усаар хальтхан шудраад бушуухан шинэ дээл хувцсаа өмсөнө. Хэрэв ах нар намайг дамшиглахаар шийдэн суудлаасаа өндийцгөөх юм бол би ч бөөн шуугиан дэгдээнэ. Ах нар ээжийн зэмлэл дор инээд баяслаа нуун тэрүүхэндээ нуг нуг хөхрөлдсөөр намайг бэлэн болохыг хүлээнэ.

Ямартай ч ах нарыгаа дийлэн өөрийгөө хүлээлгэж чадсан би доголон нулимстайгаа инээсээр хамтдаа гэрээс гарч ирэхэд үүр хэдийн цайж нар мандах дөхсөн байна. Том ах гэрийн зүүн бүслүүрт хавчуулсан хэдэн саравгар мөчир бүхий бургасыг аван өнөөх бэлдэж зэхсэн олон өнгийн торго хоргойны цуулдасаа бургасныхаа мөчир бүрт уяна. Том ахыг тэрхүү Заваа залам уясан бургасаа дээш өргөхөд нь надад ээжийн ярьсан үлгэрт гардаг түмэн цэрэг захирсан эртний хөлөг баатар шиг л сүртэй санагдана. Тэр хатсан хуурай бургасыг Заваа залам уяж Ендэрийн оройд хатгахын тулд хэд хонгийн өмнө дунд ах Нарийний голыг зорьж мордон залж ирсэн юм. Заваа залам хийсгэсэн бургасаа дээш өргөн алхах том ахынхаа араас бид гурав саалийн хувинтай сүү, цацал, тавагтай идээ зэргийг барьсаар насныхаа эрэмбээр ар араасаа цувран жагссан цэрэг шиг л Ендэрийг чиглэцгээнэ. Хотны ноход ч биднийг даган урд хойноо орон хормой хоттой орооцолдон шогшицгооно. Бид Ендэрийн дэргэд ирж оройд нь зэхэж бэлтгэсэн аргалаа асааж, арц хүжсээ уугиулах үед тэртээх тэнгэрийн хаяанаас нар цухуйдаг байж билээ. Ендэрт дан эрчүүдээс гадна нөхөрт гараагүй охид бүсгүйчүүд гарч болдог гэж  манай нутгийнхан ярьдагсан. Гэхдээ манай гэр бүлийн хувьд хоёр эгч маань айлын бэр болоод явчихсан удаах эгч сургууль соёлд сурна гээд хот хүрээ явчихсан байсан тийм л үе байсан юм.

Бид аавыг оролсон том ахынхаа араас даган оройд нь гал асааж, энгэрт нь арц хүж уугиулсан Ендэрийнхөө овоог тойрон сүүн цацал, идээ шүүсээ өргөн “Цөөд Хайрхан” гэлцэн чанга дуугаар хурайлсаар гурвантаа тойрцгооно. Том ах Заваа залам залсан бургасаа Ендэрийн ар руу хатгаж орхиод идээ шүүсний үлдэгдэл, хонины өвчүү тэргүүтнээ галд өргөөд Ендөрийн урд очин завилж суухад бид насныхаа эрэмбээр том ахаас эхлэн бие биетэйгээ золгоцгоон доо. Ендөрийн дэргэдээс гэрийн зүг эргэж харахад уяан дээр эргэцэх моридын нуруунд тохсон битүү ястай эмээлийн мөнгөн баавар ургах нарны туяанд гялбалзан гялталзана. Ендөрөөс бууж ирэхэд ээж шинэ дээл хувцсаа өмсөж, бурхан шүтээндээ арц хүжээ уугиулаад гэртээ хүлээж  сууна. Биднийг ээжтэйгээ золгох тэр үед нүдэнд нулимс цийлэгнэн байхыг би мөн ч олон харсан даа. За тэгээд цай унд болж багахан ёслосныхоо дараа мал хуйгаа бэлчээрт гаргаж, хонио цолд оруулаад ах бидэн нутгийн хөгшидтэй золгохоор мордоцгооно.

Тухайн үед одоогийнх шиг хүн бүр мөрөө гаргадаг ёс байсан үгүйг би мэдэхгүй. Харин нутгийн хөгшид өнөө энэ тухай хүүрнэхдээ “Ендэрт гарах нь л зүг чигээ гаргаж буй эртний ёс юм шүү дээ” хэмээх нь нэгийг бодогдуулна. Юутай ч хүүхэд насны минь дурсамж дүүрэн тийм л цагаан сарууд одоо ч нутагт минь жилийн жилд болсоор байгаа гэдэгт би итгэл дүүрэн байдаг юм.

МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч С.Баттулга






Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x