НББХ: “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төсөл зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв | Мэдээллийн дэлгэрэнгүй

0

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.05.10) хуралдаан 10 цаг 20 минутад ирц 58.8 хувьтай бүрдсэнээр эхэллээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосныг Байнгын хорооны дарга танилцуулав.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

    Хуралдаанаар эхлээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Тайланг Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Энхболд танилцуулав. Танилцуулгадаа, тайлант онд 3.251,4 мянган даатгуулагч эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, хамралтын түвшин 96.8 хувьтай бөгөөд даатгалд хамрагдсан хүний тоо өмнөх оноос 251,7 мянган даатгуулагчаар нэмэгдлээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулиар  Эрүүл мэндийн  даатгалын санд төвлөрүүлэх нийт орлогын хэмжээ 951.2 тэрбум төгрөг баталснаас 1,002.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 105 хувьтай биелсэн нь өмнөх оны орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 11 хувиар өссөн. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулиар  зарлагын хэмжээг 1,210.2 тэрбум төгрөгөөр баталсан ба төсвийн гүйцэтгэл 1,208.1 тэрбум төгрөг байна.


    Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,159.2 тэрбум төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг гүйцэтгэлээр тооцон бүрэн олгож, эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардалд 7.5 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгох зардалд 1.1 тэрбум төгрөг, бусад зардалд 40.2 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг үндэслэн илүү төлсөн шимтгэлээ буцаан авах хүсэлт гаргасан даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын сангаас 79.9 сая төгрөгийг буцаан олгоход тус тус зарцуулсан. Эрүүл мэндийн даатгалын сан 2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн санд хадгаламж хэлбэрээр 100.0 тэрбум төгрөг, харилцах дансанд 162.1 тэрбум төгрөг, арилжааны долоон банкны харилцах дансанд  156.7 тэрбум төгрөгийн  үлдэгдэлтэй байна. 

    “Капитал” банкнаас авах өрийг барагдуулахтай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны Өр төлбөр барагдуулах тухай 06 дугаар тогтоолоор өр төлбөрт тооцон авах боломжтой 61.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 74 үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг баталж, биелэлтийг хангуулж байна. Энэ бүхний үр дүнд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “Капитал банк” ХХК-иас  авах өр төлбөрөөс 8.1 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр,  06 дугаар тогтоолын дагуу 36.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 39 обьект, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран 10 обьектийг шилжүүлэн авав. Авлагын үлдэгдэл 91.6 тэрбум төгрөгийг барагдуулах ажлыг 2022 онд үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллана гэв.


    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, С.Чинзориг, Д.Сарангэрэл, П.Анужин, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, С.Ганбаатар, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Д.Батлут, М.Оюунчимэг, С.Одонтуяа нар асуулт асууж, хариулт авав. Гишүүд эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой асуудал, мөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөр, эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, стратегийн худалдан авалт, даатгалын шимтгэл төлөгчдийн гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар тодрууллаа. Мөн “Капитал” банкны өрөнд авсан орон сууцыг Эрүүл мэндийн даатгалын байгууллагын ажилтнуудад өгсөн гэх асуудлыг тодруулж хариулт авав. Гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Энхболд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн.  Асуулт асууж, хариулт авч дууссанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар, П.Анужин, С.Одонтуяа, М.Оюунчимэг нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов

    Дараа нь Байнгын хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын биелэлтийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Тэрбээр  05 дугаар тогтоолд заасан 17 чиглэлийн үүрэг, даалгавар тус бүрээр хийсэн ажлаа танилцуулсан.


    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Туваан, Ц.Сандаг-Очир, Ё.Баатарбилэг, Д.Батлут нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд  Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хоёр дахин нэмэгдүүлэх, хуулийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн засаглалыг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх, төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах ажлыг 2021 оны 12 дугаар сард багтаан дуусгах зэрэг ажлууд удаашралтай байгаад шүүмжлэлтэй хандаж, шуурхай хийх талаар санал хэлэв. Гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хариулт өглөө. Хариултдаа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийг 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон нөхөж олгоно, мөн 4 дүгээр сарын 01-ээс хэвийн олгогдож буй гэдгийг онцоллоо.

Тайлан сонссонтой холбогдуулж Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Байнгын хорооны тогтоолоор өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх тал дээр удаан байгааг анхааруулж, нэгэнт эрх зүйн орчныг бүрдүүлсэн учир эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, шинэчлэлтийг шуурхай хийх чиглэлийг өглөө.

 “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг дэмжив

     Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн  “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэв.


    Тогтоолын төслийн талаар төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцууллаа. Тэрбээр, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийхэд 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл эзэмшиж буйгаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын шаардлагыг хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй, дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй тул Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэйгөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж тус тус дүгнэсэн талаар болон зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгааг хэллээ. Мөн дотоодын зах зээлийн эм нь өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмтэй орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөлөлтэй нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын үр нөлөө бага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэслэл болж байна гэв. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийн дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг боловсрууллаа гэдгийг тэрбээр танилцуулав.


    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, П.Анужин, Ц.Туваан, Б.Саранчимэг,  М.Оюунчимэг асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд хэлсэн үгэндээ Түр хороо байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн дотоодын зах зээл дээрх эм хэт өндөр үнэтэй, эмчилгээний үр дүн муутай байдаг талаар болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийг Монголд бүртгээгүй гэдэг шалтгаанаар хувь хүмүүс хэрэгцээндээ оруулж ирдгийг хориглож буйг болиулах зэрэг асуудлаар саналаа хэллээ.

    Үргэлжлүүлэн Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулав. Ингээд тогтоолын төслийг батлуулахыг дэмжье гэсэн горимоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73 хувийн саналаар дэмжигдлээ. Ингээд уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Улсын Их Хурлын гишүүн П.Анужингаар ахлуулсан ажлын хэсэг байгуулав

    Хуралдааны төгсгөлд Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг дэмжье гэсэн агуулгаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувийн саналаар дэмжигдэв. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн П.Анужинг баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x