Налайхчууд хүн биш юм уу Л.Оюун-Эрдэнэ ээ, Д.Сумьяабазар аа!

0


Хамгийн орчин үеийн техник, технологитой гэгдэгч тус түлшний үйлдвэрийн орчиндоо учруулж буй хор хохирлын тухай тоочиж үл барна. Үйлдвэр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш орчмын 639 айл өрх, 27 аж ахуйн нэгж, байгууллагын 50-60 мянган хүний эрүүл амьдрах эрх ноцтой зөрчигдөх болсон юм. Үйлдвэрийн гол түүхий эд нүүрсний ил овоолго, нунтаг нүүрснээс байнга босох тоосжилт, хүнд даацын машинуудын тасралтгүй нааш цааш холхих хөдөлгөөнд эвдэрсэн зам, хөрс, хөө тортог, манарсан тоос шороо, дуу чимээн дунд хүн хэрхэн амьдарч чадах билээ.

Монгол Улсын төр, засаг, ард иргэдийн амьсгалыг давчдуулж, аргыг нь барсаар ирсэн УТААТАЙ тэмцэх тэмцэл хэзээ дуусахыг таашгүй ээ. Хамгийн гол нь өнгөрсөн он жилүүдэд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд бараг нэг их наяд шахам төгрөгийг эрх баригчид зарцуулсан байдаг ч УТАА буураагүй улам ихссэн байдаг юм. Өөрөөр хэлбэл утааг устгах биш эрх баригчид өөрсдийн эрх мэдэл, хөрөнгө зоорийг зутаатгах арга хэрэгсэл болгож хувиргасан байлаа.

Тухайн үед улсын маань Ерөнхий сайд нь хүртэл утаагаар бизнес хийж байлаа шүү дээ. Утааны эсрэг нэртэй төрийн болон төрийн бус олон байгууллага, иргэний нэртэй холбоо эвслүүд ийм новшийн аргаар хөлжиж, ажил албанд томилогдож, албан тушаал ахиж ирсэн байдаг. Эцэст нь зарим нэг нь орон шоронд орсон нь ч бий.

Хэдийгээр 2018 онд “Тавантолгой түлш” компани байгуулагдаж, Энержи ресурс компанийн баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн (middling) – ээр сайжруулсан шахмал түлш хийх томоохон үйлдвэр байгуулсан нь хамгийн оновчтой шийдэл болж, утаа, агаарын бохирдол Улаанбаатарт 50 хувиар буурсан гэдэг ч утаа бараадсан, утаанд “хайртай” эрх баригчдын төрийн мөнгөөр хийх хувийн бизнес өнөө ч зогссонгүй. Үүний тод нэгэн жишээ, нотолгоо нь Сонгино хайрхан дүүрэг дэхь баруун бүсийн утаагүй түлшний үйлдвэрийг нэн даруй Налайх дүүрэг рүү буюу зүүн бүсийн утаагүй түлшний үйлдвэрийн дэргэд нүүлгэн шилжүүлэхээр болсон үйл явдал болно.

Хамгийн орчин үеийн техник, технологитой гэгдэгч тус түлшний үйлдвэрийн орчиндоо учруулж буй хор хохирлын тухай тоочиж үл барна. Үйлдвэр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш орчмын 639 айл өрх, 27 аж ахуйн нэгж, байгууллагын 50-60 мянган хүний эрүүл амьдрах эрх ноцтой зөрчигдөх болсон юм. Үйлдвэрийн гол түүхий эд нүүрсний ил овоолго, нунтаг нүүрснээс байнга босох тоосжилт, хүнд даацын машинуудын тасралтгүй нааш цааш холхих хөдөлгөөнд эвдэрсэн зам, хөрс, хөө тортог, манарсан тоос шороо, дуу чимээн дунд хүн хэрхэн амьдарч чадах билээ. Тиймээс уг үйлдвэрийг нүүлгэхээс аргагүйд эрх баригчид эцсийн эцэст хүрлээ. Ер нь анхнаасаа ийм хортой, нөлөөлөлтэй үйлдвэрийг хүн ам шигүү амьдардаг бүсэд, салхины дээр барина гэдэг асар тэнэг мулгуу шийдвэр байсныг одоо л эрх баригчид замбараагүй их мөнгө хөрөнгө, цаг хугацаа зарцуулсныхаа эцэст ухаарч байгаа юм байх аа. БОЯ-ны сайдаар шинэхэн томилогдсон Бат-Эрдэнэ хэмээх нөхрийн хэлж буйгаар бол Сонгино хайрхан дахь үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхэд 30 тэрбум төгрөг, зүүн бүсэд буюу Налайхад шилжүүлээд дахин үйлдвэр барихад 30 тэрбум нийт 60 тэрбум буюу 30 гаруй сая ам. доллар шаардлагатай гэнэ. Ямар ч байсан баруун бүсийн үйлдвэрийг нийслэлээс нүүлгэх нь зөв шийдвэр. Харин зүүн бүс, Налайхад тус үйлдвэрийг байршуулах нь хэр оновчтой байх юм бол оо!

Орчноо ийм болгосон баруун бүсийн үйлдвэрийг шилжүүлж, зүүн бүсийн үйлдвэртэй нэгтгэвэл Налайх орчмын амьдрах орчинд жинхэнэ гамшиг учруулах болно

Учир нь Налайх дүүргийн салхины дээр буюу баруун урд талд орших Салхитын хөндий хэмээх алдарт газарт 3 жилийн мөнө байгуулагдсан зүүн бүсийн утаагүй түлшний үйлдвэрийн байгаль орчиндоо сөргөөр нөлөөлж байгаа асуудал басхүү нэн хурцаар тавигддаг юм. Зүүн бүсийн 100 га талбайг эзэлсэн энэ үйлдвэр нь гурван цехтэй, 8 шугамаар түлш үйлдвэрлдэг. Үйлдвэрээс мөн адил гардаг утаа, тоос тортог орчныг бохирдуулж, хордуулж байгаа нь ч баруун бүсийнхтэйгээ адил. Тэр орчинд очоод харахад Налайхын баруун урд хэсгийн уул толгод тэр чигээрээ хав хар хөө тортогт хучигдсан байхыг анзаарч болно.

Мөн л, үйлдвэрийн болон хүнд даацын машины дуу чимээ, тэнгэрт хөшиглөсөн тоос тортог, утаа униар энэ хавийн оршин суугчдыг залхаан, тэсч тэвчихийн эцэсгүй байдалд оруулж байдаг. Хамгийн ноцтой нь тус үйлдвэр Туул голын савд цутгадаг Хөлийн голын ундрага дээр баригдсан нь зөвхөн Налайхын төдийгүй улаанбаатарчуудын ундны цэвэр усны нөөцөд жинхэнэ гамшиг учруулж болзошгүй явдал юм. Гэтэл тус үйлдвэрээс даруй хүчин чадал нь илүү 7 цехтэй, 12 шугамтай баруун бүсийн үйлдвэр шилжин ирж нэгдэж нийлэх аваас Налайх хавь төдийгүй улаанбаатарчуудын эрүүл амьдрах орчинд аюултайгаар нөлөөлөх болно. Үүнийг шийдвэр гаргагч эрхмүүд тооцоогүй байна гэж баймааргүй.

Налайх орчмын чимээгүй хот буюу нас барагсдын газар эдүгээ тэр чигээрээ хөө тортогт булуулаастай байна. Цааш цаашдаа Налайх дүүрэг наашаа буюу баруун тийшээ, харин нийслэл зүүн тийшээ тэлж угтаж хөгжинө гэж байгаа. Бараг одоо хаяа зах нийлж байгаа энэ бүс нутагт орчиндоо ийм их хор хөнөөлтэй хоёр үйлдвэрийг төвлөрүүлэн байгуулснаар асуудлыг улам л хүндрүүлэнэ шүү дээ. Хэрэв энэ чигээрээ шийдвэл хэдэн жилийн дараа дахиад хоёуланг нь нүүлгэх шийдвэр гаргах нь гарцаагүй. Дахиад цаг хугацаа зарцуулж, мөнгө хөрөнгө урсана. Ингэх шаардлага байдаг юм уу. Тэгээд хэнд ашигтай байхав энэ бүхэн. Мэдээж татвар төлөгчдийн мөнгөөр бизнес хийгч дарга нарт. Хэн хохирох вэ гэхээр ард иргэд. Хүний амьдралд мөнгөөр хэмжиж баршгүй, юутай ч зүйрлэж үл болох эрхмээс эрхэм үнэ цэнтэй гуравхан зүйл бий. Энэ бол цэвэр ус, агаар, эрүүл мэнд. Тэгвэл яг энэ үнэ цэнтэй зүйлсийг устгах хор хөнөөлүүдийн нэг бол зөв төлөвлөөгүй, байршуулаагүй хүнд үйлдвэрүүдийн процесс юм. Утаагүй түлшний үйлдвэр бол тэдгээр гол хөнөөлийн нэг мөн шүү дээ. Мянганы хөгжлийн сорилын сангаас гаргасан судалгаагаар Улаанбаатарын цэвэр усны нөөц 2030 он гэхэд дуусна гэсэн байсан. Цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хэдэн зуун сая долларын төслийг Монголд МХССангаас хэрэгжүүлж махаа идэж байхад эсрэгээр Туулын ундрага болох Хөлийн голын эх дээр ийм үйлдвэр байгуулан төвлөрүүлж байгаа нь ямар гээч мулгуу, харгис, эх оронч бус бодлого байна вэ?

Зөвхөн түлшний үйлдвэрээр зогсохгүй Налайх буюу Хөлийн голын эхэнд гүний цэвэр усаар нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийг энэ хавраас эхлэн барьж, ирэх намар ашиглалтад оруулна гэж байгааг иргэд хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй юм. Дараа жилээс баяжуулах үйлдвэрийнхээ дэргэд коксийн үйлдвэр мөн байгуулах шийдвэр гаргасан байна. Хотын дарга Д.Сумьяабазар энэ бүхний талаар мэддэг ч юм уу бүү мэд. Бараг ч ойлгодоггүй байх л даа. Энэ усан тэнэг шийдвэрийг тэгээд хамгийн зөв гээд алгаа ташиж суугаа нөхдүүдийн цаана ямар эрх ашиг нуугдаж байгаа нь ч тодорхой. Нэгэнт л нүүлгэж байгаа хойно даацтайхан шийдэж, утаагүй түлшний үйлдвэрүүдээ Улаанбаатар төдийгүй Налайхаас зайлуулж, Төв аймгийн Хөшигтийн хөндий дэх Энержи ресурсийн нүүрс буулгаж нөөцөлдөг газартаа нэг мөр болгон байгуулж яагаад болдоггүй юм бэ?
Налайхын иргэд хүн биш хэрэг үү!? Дарга нар аа!

Налайхын байгаль экологи болон хүний амьдрах орчинд хөнөөл учруулж буй Зүүн бүсийн утаагүй түлшний үйлдвэр

Яагаад “Эрдэнэс тавантолгой” уурхайн дэргэд нүүрс угаах, баяжуулах үйлдвэрүүдээ байгуулж болдоггүй хэрэг вэ?

Эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БО-ны шинэ сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн бөх дарга Д.Сумьяабазар аа! Аливаа шийдвэр гаргахдаа ядахдаа нягтлаж байгаа ч дээ. Баруун бүсийн түлшний үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх нь зөв ч, зүүн бүсийн үйлдвэртэй нийлүүлэн тэлэх нь харин чулуу шидчихээд шүдэнзний модны ард нүүрээ нуухтай адил шийдвэр юм биш үү?

Хэдэн жилийн дараа энэ шийдвэрийнхээ балаг, үйлийн үрийг эргээд амсах болно гэж огтхон ч эмээхгүй байна уу!

Ажлаа авмагцаа Б.Бат-Эрдэнэ сайдын хэлсэн үнэхээр үнэн юм бол одоо болтол “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй утаагүй түлш, түүний гол түүхий эд болох “Энержи ресурс”-ийн нүүрсний нунтаг хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгааг судлаж, шинжлэх лаборатори ч байдаггүй юм байна шүү дээ. Тэр ч бүү хэл түлшний стандарт ч байдаггүй юм байна гэж ойлгогдлоо. Ийм дампуу байж таарах уу? Утаа, агаарын бохирдол, түлшний үйлдвэр дагасан бизнесээр мөнгө угааж, халаасаа дүүргэдгээ хэзээ болих ёстой юм бэ, дарга нар аа! Цаашаа ийм байдлаар хэдэн жил үргэлжлэх юм вэ? Татвар төлөгчдийн буюу төрийн мөнгийг ингэж идэж уудгаа одоо больцгоо л доо! Ингэж байж хөгжилд хүрдэггүй юм. Нэг жил болоод л баахан мөнгө зарцуулж нааш цааш нүүх шаардлага анхнаасаа огт байхгүй байж болох л байлаа шүү дээ. Сайн бодох л хэрэгтэй юм даа, дарга нар аа!

Үргэлжлэл бий…

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “Наж могой” үндэсний холбоо





Баабар.мн

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x