Найрамдалт харилцааг хойч үедээ залгамжлуулна

0


Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өнөөдөр тохиож байна. Манай улс 1972 онд Токио хотод Элчин сайдын яамаа, Япон улс дараа жил нь Элчин сайдын яамаа Улаанбаатарт тус тус байгуулсан түүхтэй.

Япон бол манай улсын “гуравдагч” хөрш, стратегийн чухал түнш билээ. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос хойш эрчимтэй хөгжиж, зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд амжилттай хамтран ажиллаж байна. 

Түүхт 50 жилийн ойн хүрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки “Дэлхий 2022 онд” сэтгүүлд хоёр орны хамтын ажиллагааны талаар бичсэн нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.

“Mongolian Economy” сэтгүүлээс тусгай лицензийн хүрээнд гаргадаг “Дэлхий” дугаарын уншигч та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Энэ жил Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтаж байна. 

Япон Улстай Монгол Улс 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Тухайн үед хоёр орон нийгмийн өөр өөр тогтолцоотой, харилцаа хязгаарлагдмал байсан хэдий ч 1977 онд Япон Улс Монгол Улсад буцалтгүй тусламжийн төслөөр “Говь” ноолуурын үйлдвэрийг барьж, байгуулснаар эдийн засгийн хамтын ажиллагаа эхэлсэн. Монгол Улс эдийн засгийн гүн хямралд ороод байсан ардчиллын эхэн үед Япон Улс хүнсний тусламж үзүүлэн, бараа бүтээгдэхүүн нийлүүлж, мөн ДЦС-4-ийг засаж сайжруулах төсөл хэрэгжүүлэх зэргээр тусламжийг шуурхай хүргэж байв. Мөн Улаанбаатар хотод байрлах нийт 59 сургуулийн шинэ барилга болон өргөтгөлийн ажил, Замын-Үүдийн ачаа шилжүүлэн ачих байгууламж, Нарны зам, Нарны гүүр болон Улаанбаатар хотын усан хангамжийн барилга байгууламж, Монгол-Японы эмнэлэг, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал барих зэргээр Монгол Улсын тогтвортой хөгжилд зайлшгүй шаардлагатай нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлж ирсэн.

Үүнтэй зэрэгцэн Япон Улсын Засгийн газар дайны дараа өөрийн улсыг сэргээн босгосон туршлагадаа тулгуурлан Монгол Улсад сайн дурын ажилтан, мэргэжилтэнг томилон ажиллуулахын хамт Япон Улсын Засгийн газрын тэтгэлэг, Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр, Инженер технологийн дээд боловсролыг дэмжих төслөөр оюутан залуусыг Японд суралцуулж ирсэн. 2021 оны эцсийн байдлаар Япон Улсаас Монгол Улсад үзүүлсэн албан ёсны тусламжийн нийт дүн 336 тэрбум иенд хүрээд байна.

Ковид-19 цар тахлын  эсрэг Монгол Улсын авч буй арга хэмжээг дэмжин Япон Улсаас шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, вакцин зэргийг нийлүүлэхээс гадна санхүүгийн дэмжлэг үзүүлэн 25 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл олгосон.

Японы хамтын ажиллагааны төслөөр баригдсан Монгол-Японы эмнэлэгт Японоос нийлүүлсэн тоног төхөөрөмжийг ашиглан Японд сургалтад хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Монгол дахь коронавирусийн цар тахалтай тэмцэн тэргүүн эгнээд ажиллаж буйг хараад сэтгэл минь ихэд хөдөлсөн. Мөн Монголд ажиллаж буй Япон дипломатчын хувьд, Монгол Улсад үзүүлсэн тусламж, дэмжлэгийн талаарх сэтгэл хөдөлгөм дурсамж, талархлын үгсийг Монголын ард иргэдээс олонтаа сонсдогтоо  баяртай байдаг. Эдгээр тусламжаараа дамжуулан бид Монгол Улс төдийгүй бүс нутаг, дэлхийн хөгжил, энх тайван, аюулгүй байдлыг хангахад өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. 

Худалдаа эдийн засгийн салбарын тухайд, 2016 онд Монгол Улсын хувьд анхны “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг Япон Улстай байгуулж, хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцаа бэхжиж ирлээ. Монголд үйл ажиллагаагаа явуулж буй Японы хөрөнгө оруулалттай 500 гаруй компаниар дамжин мэдээллийн технологи, нисэх онгоцны буудлын менежмент, япон хоол, финтек, автомашин, барилгын тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүч, ашигт малтмал зэрэг олон салбарт бизнесийн харилцаа гүнзгийрч байгаад баяртай байна. 

Хоёр орны цаашдын харилцааг хөгжүүлэх гол хүчин зүйл бол хувийн хэвшлийн хамтын ажиллагаа юм. Японы KDDI компанийн хөрөнгө оруулалттай Мобиком компани нь байгуулагдсан цагаасаа хойш 25 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, өдгөө харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг томоохон компани болтлоо өсөн дэвжсэн. Үүнтэй адил амжилттай жишээг нэмэгдүүлэхийн төлөө Японы Элчин сайдын яам хичээн ажиллах болно. 

Монголд уул уурхайн баялгаас гадна маш олон баялаг бий. Тэнгэрийн хаяа хүртэл үргэлжлэх уудам тал хээр, мөнх цаст уул нурууд, ой мод, цэнгэг нуурууд, гол мөрөн, элсэн манхан хосолсон өвөрмөц тогтоцтой Монголын үзэсгэлэнт байгаль бидний сэтгэлийг ихэд хөдөлгөдөг билээ.

Хувь хүнийхээ хувьд, эко аялал хийхээр Монголыг зорин ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэж, Монголын уудам нутагт ургасан хүнсний бүтээгдэхүүн, эмийн ургамал зэрэг нь дэлхийн зах зээлд гарах мөчийг би сэтгэлийнхээ гүнд ихэд хүлээж байна. 

2021 оны долдугаар сард болсон хоёр орны Ерөнхий сайд нарын өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр 2022 оныг “Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан билээ. Тиймээс хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг хойч үедээ залгамжлуулан үлдээхэд та бүхнийхээ халуун дотно дэмжлэгийг талархан хүлээн авахын зэрэгцээ ойн жилээ хүүхэд, залуусын оролцоотойгоор өргөн дэлгэр, утга төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэж байна. 

Цаашдын 50 жил, 100 жил Япон, Монголын эдийн засаг, бизнесийн харилцаа бэхжиж, хоёр орон хамтдаа хөгжин цэцэглэнэ гэдэгт найдаж байна. 50 жилийн ойн хүрээнд бизнесийг дэмжсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул өргөнөөр оролцохыг Монголын бизнесийн салбарынхан та бүхнээс хүсье. 

 

 

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x