МҮАН ба Үндэсний ЭВСЭЛ – Pax Mongolica

0


Монголын улс төрд өрнөж байгаа нэгэн шинэлэг үйл явдал нь Монгол Үндэсний Ардчилсан Нам Монголын Ногоон Намтай хамтран “Үндэсний Эвсэл” байгуулж, Сонгогчдод сонголтын өргөн боломж, итгэл найдварыг өгсөн явдал юм.

Уг арга хэмжээн дээр МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн хэлсэн үгийг өөрийнх нь зөвшөөрснөөр толилуулж байна.

Монгол сайхан орныхоо ирээдүй хойчийн сайн сайханд итгэл алдраагүй зүтгэж байгаа ард иргэдээ, дэлхийн өнцөг булан бүхэнд нүүдэллэн яваа ахан дүүсээ. Та бүхэндээ Луу жилийн босгон дээр сайн цагийг билэгдэн мэндэлж байгаа Үндэсний Эвсэлд нэгдсэн Монгол Үндэсний ардчилсан намын даргын хувиар мэндчилж байна.

Бид өнөөдөр урьд хожид байгаагүй хурдтай технологийн эрин үед амьдарч хүн төрөлхтний хөгжил дэвшлийг амьдрал ахуйдаа хүртэж байна. Дэлхий даяаршиж, мэдээлэл, хэрэглээ, соёл, иргэншил ижилсэж байна. Үүнийг хаа сайгүй дэлхий хавтгай болсон гэж хэлдэг. Тэгвэл энэ хавтгай дэлхийд бид хаана явна, Монгол хүний амьдралын чанар ямар түвшинд байна,  бид аз жаргалтай байна уу, энэ дэлхийд бид ямар үүрэг рольтой улс вэ, цаашид энэ улсын ирээдүйг яаж харах вэ, Монгол үндэстэн хэрхэх тухай нэг сайн бодох цаг болсныг хүн бүрд ялангуяа өрх бүрийн тэргүүн бүрд, айл болгоны аавыг нэг сайн тунгаан бодоосой хэмээн хүсэх юун.

Өнөөдөр хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээг харвал бид чинь “Муу муухай бүхний үүр уурхай мэт, ямар ч гэрэл гэгээ үгүй болсон мэт” шар мэдээгээр амьсгалж, хар пи араар хооллох боллоо..

Гэвч Тэнгэр заяат Монголчуудын итгэл тэгтэлээ дундарч, сэтгэл хөрч мохоогүй гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Харин ирээдүй хойч үеээ гутрангаар харах болгоод байгаа бидний нэн тэргүүнд устгах ёстой гурван гутамшиг, гурван гамшиг, гурван аймшиг бий болжээ. Энэ бол манай нэг найрагчийн хэлснээр

Улсаа залгин цөлмөгч дээдсүүд нэг Гутамшиг

Улсаараа хүлэгдсэн өр шир нэг Гутамшиг

Урагшлах замгүй нам зогссон түгжрэл нэг Гутамшиг

Хорт утаа нь ураг төрөлд Гамшиг

Хойч үе маань мансууралд донтоод Гамшиг

Холын хөдөө цөлжилтөд нэрвэгдээд Гамшиг

Эх соёлоо умартаж гадныг шүтэх нь Аймшиг

Эрдэнэс баялгаа найр тавиад гаслаж хэвтэх нь Аймшиг

Эх нутгаасаа дүрвээд эзнээ алдах нь Аймшиг юм.

Энэ шившгийн гутамшиг, гамшиг, аймшгаас гэтэлгэх хүч, нэгдэл бидэнд хэрэгтэй байна..

Бидний дайсан бол МАН, АН биш.

Бидний дайсан бол дээдсийн авлига, хулгай, доодсын ажилгүйдэл, ядуурал юм.

Бидний дайсан бол хотын утаа, замын түгжрэл юм.

МАН, АН гучин жил хийж чадаагүйг хийж бүтээх, амлаад мурьсныг ажил хэрэг болгох ийм хүчирхэг баг, төлөвлөлт шийдэл бүхий бүтээлч, ажил хэрэгч хүмүүсийг нэгтгэх хэрэгтэй байна.

Хөдөөгийнхөн маань Шинэ эрины малчин фермер, аялал жуулчлалын менежер, түүх соёлын улаачид байгаасай. 

Залуус маань үйлдвэржилтийн шинэ эрин үеийн манлайлагчид, аугаа их бүтээн байгуулалтын эзэд байгаасай.

Зет, альфа үеийнхэн маань ухаалаг технологийн боол биш, хөтөч нь байгаасай.

Ахмадууд маань амгалан тайван, сэтгэл хангалуунаар аугаа түүхт дээдсийнхээ түүх, соёлын хоточ байгаасай гэж хүсч байна.

Монгол маань хүн төрөлхтний хувьд байгаль дэлхийтэйгээ хоршин амьдрах үлгэр жишээ загвар, энх тайваны билэгдэл, эрүүл таатай орчны өлгий байгаасай гэж хүсч байна. Ийм байх бүрэн боломжтой.

Үүнийг бодит үйл хэрэг болгох үзэл санаа, хүсэл зориг, эрч хүч, зоримог шийдэмгий, бүтээлч чанар манай эвсэлд манай эвслийн удирдлагад байна гэж харж, итгэл төгс байна.

Удахгүй болох УИХ-ын сонгууль бол нам, эвслүүдийг хэн удирдаж орж байгаагаас ихээхэн хамаарах сонгууль юм.

Сонгогчид хэн бүтээн байгуулалтыг өрнүүлж чадах вэ, хэн авлигын ханыг нурааж, шударга бустай хатуу ширүүн тэмцэж чадах вэ, хэн эх орон, ард түмнийхээ эрх ашгийг илүүтэй хамгаалах вэ, хэн хэлсэн ярьсан даа хүрч чадах вэ, хэний баг илүү зохион байгуулалттай вэ гэдгийг харах сонгууль юм.

Яг ийм чадварууд манай эвслийн тэргүүн Нямтайширийн Номтойбаярт байдаг. Чухам ийм чанараар нь Монголын ногоон нам, Монгол Үндэсний ардчилсан намууд энэ хүнийг урьж, санал нэгтэйгээр Эвслийнхээ тэргүүнээр сонгосон билээ. Энэ бол нийгмийн захиалга, өнөөдрийн Монголын шаардлага. өөрчлөлтийг хүссэн, хөгжихийг хүссэн хэн бүхний хүсэл юм.  

Номт овогт Нямтайширийн Номтойбаярын удмын түүхийг бүтээн байгуулалтын түүх гэж хэлж болно. Бага ярьж их хийдэг, за гэвэл ёогүй Номтойбаяр шиг хүн манай Эвслийг манлайлж сонгуульд орох болсонд туйлын баяртай байна.

Чингис хааны сургаал “Алтан Эрих”-д “Харийг даган дуурайвал Хөх Монгол гутмой” гэсэн байдаг.

Энэ ертөнцөд олон зуун үзэл, измүүд байдаг. Харин Монголчуудын яс, цус, зүрхэнд байдаг хамгийн ойр, хамгийн үнэн, хамгийн бодитой үзэл бол үндэсний үзэл юм. Үндэсний үзэл дээрээ нам харгалзахгүй хуран цуглаж байж бид бүгдээрээ ялна.

Нуур усандаа цугласан мал, амьтан шиг хүн ч гэсэн үндэс угсаагаа гэсэн үзэл дээрээ хамгийн хүчтэй, хамгийн жаргалтай, хамгийн тайван байдаг.

Үндэсний үзэл суурьтай ардчилал бол мандан бадралын хөдөлгөх хүч мөн. Тийм ч учраас манай эвсэл үндэсний ардчилсан үзэл дээрээ нэгдэхийг Монголчууддаа уриалж байгаа. Энэ удаагийн сонгуулиар намчирхаж талцахаасаа илүү хамгийн чадварлаг инженерүүд, мэргэжил мэргэжлийн бүтээлч хүмүүс цугларч, бидэнтэй хамт үйлдвэржилтийн шинэ эрин үеийг өрнүүлэхэд гар бие оролцоорой гэж урьж байгаа.

Сайхан Монгол оронд маань ирсэн очсон болгон эцэг өвгөд, өвөө эмээгийндээ очсон мэт эх дэлхийн хүмүүсийн үүх түүхийнх нь өлгий, энх амгалангийн голомт байдаг тийм байх хувь тавилан бидний Монголд бий гэдэгт огтхон ч  эргэлздэггүй нэгэн билээ би. Дэлхийн Монгол угсаатнууд, Монголч эрдэмтэд ч энэ тухай л зөгнөж байна.

Жинхэнэ ардчилал бол шинэчлэл, өөрчлөлт мөн.  Ардчиллыг бэхжүүлэх бус сэргээн засварлах хэрэгтэй байна. Ардчиллыг үндэсний үзлээрээ шүүн тунгааж нутагшуулах шаардлага байна. Жинхэнэ ардчилал бол муу удирдагчдаасаа салах үйл явц мөн. Шинэчлэл, өөрчлөлтийг хүсч байгаа, муу удирдагчдаасаа салахыг хүсч байгаа бүхэн нэгдэцгээе.

Хөгжлийн хүрдийг хамтдаа эргүүлж, үйлдвэржилт, бүтээн байгуулалтын шинэ эриныг цогцлоохын төлөө хүчээ нэгтгэцгээе.

Монгол Улс мандан бадартугай.

Мөнх Хөх тэнгэр Монгол түмнийг ивээх болтугай.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x