Монгол Улс 2,5 сая Пфайзер вакцины эхний ээлжийн 84,000 гаруй тунг хүлээн авлаа

0
Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer / Biontech) компанийн хооронд 2021 оны 5-р сард байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Pfizer/Biontech вакцины эхний ээлжийн 84,000 тун Монголд буулаа. Ирэх долоо хоногт 2 дахь ээлжийн нийлүүлэлтийг хүлээн авах бөгөөд улмаар үлдсэн хэсэг нь 2021 оны хоёрдугаар хагаст ирэх юм.
Дээрх гэрээний хүрээнд оруулж ирэх 2.5 сая тун вакциныг 2021 оны 3-р сарын 11-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа юм. Дашрамд дурдахад Япон Улсын Засгийн газар нь КОВАКС хөтөлбөрийн гол санхүүжүүлэгчдийн нэг бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс одоогийн байдлаар 239,160 тун Астразенека, Пфайзер вакциныг хүлээн аваад байгаа юм.
Шадар сайд С.Амарсайхан Япон Улс манай Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, вакцин нийлүүлэхэд болон вакцины хүйтэн хэлхээг бүрдүүлэхэд ийнхүү дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь манай хүн амыг бүрэн дархлаажуулахад, нэн ялангуяа манай ирээдүй болсон хүүхэд залуучуудыг вакцинд хамруулахад үнэтэй бөгөөд бодит дэмжлэг болно гээд Япон Улсын Засгийн газар, японы ард түмэн, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хүүхдийн санд гүн талархал илэрхийлэв.
Элчин сайд Кобаяши Хироюки “Pfizer вакцины 2.5 сая тунгаас Японы засгийн газар 2.35 саяыг худалдан авахад санхүүжилт олгож буйдаа таатай байна. Япон улс НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч дэмжлэг үзүүлж байгаа нь вакцинжуулалтын хөтөлбөрийг улам бэхжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээхэд дэмжлэг болно гэж би итгэж байна” гэж хэлжээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэхдээ “Монгол Улс цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд Япон улсын засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархалаа илэрхийлэхийн хамт вакцинжуулалтын ажлыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Өнөөдөр бидний хүлээн авч буй вакциныг дархлаажуулалтад хамрагдах боломжгүй байсан иргэдэд зориулж байгаагаараа онцлог юм” гэлээ.
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x