МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН СИМПОЗИУМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

0


Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 50 жилийн тэртээ 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр БНМАУ, Япон Улсын Засгийн газар хооронд дипломат харилцаа тогтоох тухай ноот бичиг солилцсоноор манай хоёр улсын албан ёсны харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй.

Ойг тэмдэглэх хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны яаманд “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” сэдэвт симпозиум болон Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа – 50 жил” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов.


Симпозиумыг нээж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар үг хэлэв. Симпозиумын үйл ажиллагаанд Гадаад Харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам,  Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн аюулгүй байдлын судалгааны төв, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, “Мегатэк Манюфактуринг Монгол” ХХК, “ЮниГаз” ХХК,  Мобиком” корпорац, “Эвридэй ферм”  ХХК, “АНД Глобал” ХХК,  Монгол,  Японы харилцааг дэмжих нийгэмлэг, Монгол, Японы найрамдлын нийгэмлэг, Монгол Японы бизнес харилцааны нийгэмлэг зэрэг хоёр улсын эдийн засаг, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид өргөнөөр оролцов.

Симпозиумын хүрээнд “Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилт”, “Монгол Улс дахь Японы хөрөнгө оруулалт ба бизнесийн хамтын ажиллагааны төлөв” хэлэлцүүлгүүд өрнөж,  бизнесийн сайн туршлага болон худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид өргөжүүлэн тэлэхэд тулгарч буй зарим бэрхшээл, шийдвэрлэх асуудлуудын талаар сонирхолтой илтгэлүүд тавигдав.

“Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа-50 жил” сэдэвт Гэрэл зургийн үзэсгэлэнг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар нээж, П.Очирбат, Д.Содном, Ц.Гомбосүрэн нарын хүндэт зочид оролцов.

Энэхүү үзэсгэлэнд Гадаад харилцааны яамны төв архиваас гадна Батлан хамгаалах яам, Улаанбаатар хотын болон үе үеийн Элчин сайд нар, ахмад дипломатуудын гэрэл зургийн сангаас цуглуулсан гэрэл зургуудыг нэгтгэн толилуулав.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x