Монгол Улс тооцоотой, прагматик байх ёстой – Pax Mongolica

1


NEWS.MN

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.ЭНХСАЙХАН:

-Дэлхийн геоулстөр, тэр дундаа хоёр хөршийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Монгол Улс ямар бодлого хэрэгжүүлэх нь зөв бэ. Өнөөдрийг хүртэл төвийг сахисан байр байр сууриа хадгалж байгаа нь зөв үү?

-2022 оны хоёрдугаар сарын 24-нд манай хойд хөрш Орос улс Украинд түрэмгийлэл хийж дайн өдөөсөн. Уг нь эхэндээ гурав хоног, хамгийн ихдээ долоо хоног болно гэж төлөвлөсөн юм шиг байгаа юм. Бүгд л тийм байх болов уу гэж тооцоолж байсан.

Бодит байдал дээрээ жил гаруй сунжирч Орос стратегийн хувьд ялагдах нь тодорхой болчихоод байна.

Дайн дуусаагүй оргил үе дээрээ явж байгаа тул дайнаас үлдэж гарах үр дагаврыг урьдчилан хэлэх хэцүү. Гэвч нэг юм тодорхой. Энэ бол дайны дараах дэлхийн дэг журам ихэд өөрчлөгдөнө. Дэлхийн геоулстөрийн дүр зураг ч ихэд өөрчлөгдөнө. Бизнес, худалдаа, хөрөнгө оруулалт ч шинэ маягаар глобалчлагдана. Товчхондоо зах зээлийн хөдөлгүүртэй глобальчлал супер гүрнүүдийн хөдөлгүүртэй глобалчлал болно гэж байгаа. Хятадын хувьд Оросын өдөөсөн дайн сунжирч том асуудал болно гэж бодоогүй. Ямар сайндаа Украинд сурч байсан 6000 оюутнаа татаж амжаагүй байснаас үзэхэд Путины дайны товыг Хятад урьдчилан мэдэж байгаагүй бололтой юм.

Украинд болж байгаа үйл явдал сунжрах нь Хятадын геоулстөрийн эрх ашгийг хөндөж байгаа тул бараг нэг жил таг дуугуй суусан. Цаашид дуугүй суух нь олон улсын тавцан дээр Хятадыг улам бүр ганцаардуулах нөхцөл байдал руу түлхэж байгаа тул “Энхтайвны төлөвлөгөө” гэгчийг санаачилж зуучлагчийн үүрэг роль гүйцэтгэх оролдлого хийж байна.

Тэр хүрээндээ Ши Жиньпин Москвад айлчилж байгаа. Нөгөөтэйгүүр, хөрш Орос оронтой тогтоосон харилцаагаа хадгалахыг эрмэлзэж байгаа. Орос-Хятадын гадаад худалдаа 150 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь Хятадын хэмжигдэхүүнээр их биш, Хятадын нийт худалдаа эргэлтийн гурван хувиас хэтрэхгүй. Тиймээс эдийн засаг гэхээсээ илүүтэй “хязгааргүй найрамдал”-аа хөгжүүлж байна.

Монгол Улс НҮБ-ын талбар дээр Украины асуудлаар үргэлж түдгэлзсээр ирсэн. Монгол Улс АНУ, ОХУ, Хятад улстай стратегийн түншлэлийн гэрээтэй. Алив огцом гадаад бодлогын өөрчлөлтөө түншүүдтэйгээ зохицуулах бэрхшээлээс болоод түдгэлзэх дипломаси явуулсан бизээ гэж бодож болох юм.

Гэвч дайн сунжирч үргэлжлэх тусам Монгол Улс дэлхийн дийлэнх олонхоос холдон хүнийсвэл ирээдүйд учрах хохирол нөхөж баршгүй.

Дайн хэзээ нэгэн цагт дуусна. Украин Европын хүчтэй гүрэн болно. Дэлхийд нөлөөтэй болно.

Европын хөрөнгө оруулалт, санхүүгийн хаб болно. Ийм үзэл баримтлалтайгаар жижиг улс орнууд гадаад бодлогодоо өөрчлөлт хийж байгаа харагдана. Судалгаатай, тооцоотой ажиллах цаг тулчхаад л байна гэсэн үг.

-Хятадын зүгээс Монголын нүүрсийг зах зээлээс шахах гэсэн албан бус мэдээлэл цацагдаж байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Албан бус мэдээллийг тойрч  ярилцаж суух хэрэг байна уу даа. Зах зээл талаас нь харвал ойрын үед нүүрснээс дэлхий тэр тусмаа Хятад тийм хурдан татгалзах болоогүй байгаа. Хүлэмжийн хийг багасгах, байгаль цаг агаарын өөрчлөлттэй холбоотой  хязгаарлалтууд бол харин илүү бодитой байх. Монголчууд экологид ээлтэй олборлолт, ачилт, буулгалт, тээвэрлэлтээ анхаарч суусан нь дээр.

-Хятадын удирдагч ОХУ-д айлчилж байна. Монгол Улсад энэ хэр нөлөөлөх бол?

-Айлчлал дуусаагүй байна. Үр дүнг хэлэлцэх болоогүй. Би дээр хэлсэн Хятадын хувьд Орос бол авч болохгүй, хаяж болохгүй орон. Тэр хүрээндээ айлчлал хийж байгаа бизээ. Тэглээ гээд Орос, Хятад тас тэврэлдэхгүй. Учир нь, хамтын ажиллагаа нь үзэл суртлаар биш өөр өөрсдийн эрх ашгаар хөгжиж ирсэн.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон олон улсын дэг журмаас Хятад өөрийгөө хожигч гэдэг бол Орос өөрийгөө хохирогч гэж төсөөлдөг. Суурь сонирхлоороо зөрүүтэй тул Оросын дайныг санхүүжүүлэгч болох хэмжээнд асуудал очихгүй гэж бодож байна.

Тэр тусмаа Хятад улсын эдийн засаг тийм ч сайн биш байгаа. Гадаад өр нь бараг гурван триллион ам.доллар. Монгол Улсын хувьд хөрш орнуудаас бэлэнчлэх биш харилцан ашигтай байх төсөл, хөтөлбөрүүдийг санаачилж хэрэгжүүлэхээс бидний амьдралын чанар хамаарна.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
Монгол Улс тооцоотой, прагматик байх ёстой – Pax Mongolica – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
2 сарын өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x