Монгол залуус Шинэ Зеландад цахилгаан хайчаар өдөрт 250 хонь хяргаж байна » Econews.mn

0



Манай улсын 4 залуу малчин болох Бүдээ, Бааска, Амаа, Хандаа нарын тухай Шинэ Зеландын сайт онцолжээ.

Тэд өнгөрсөн нэгдүгээр сард шинэ ур чадвар эзэмшинэ гэсэн итгэл найдвар тээн Шинэ Зеландад очсон байна. Тэд Монголдоо гар хайчаар өдөрт 30 хонь хяргадаг байсан бол Шинэ Зеландад очоод цахилгаан хайчаар өдөрт 250 гаруй хонь хяргаж байна.

Анх 2019 онд Шинэ Зеландын ХАА-н бизнесийн менежер Пол Брау Монголд ирэхдээ монгол малчид гар хайчаар хонь хяргаж байгааг харж тэдний ажлыг хэрхэн хөнгөвчлөх тухай бодож эхэлжээ. Тэд 900 хонийг хяргахын тулд бүтэн сар шаардагддаг тухай Полд ярьжээ. Ингээд Пол Броу, үүнийг электрон төхөөрөмжөөр хийхэд хэчнээн цаг, хөдөлмөр хэмнэх тухай бодож, тэдэнд туслах арга хайж эхэлжээ. Тэрээр эргэж ирээд хамтран ажиллагсадтай ярилцсаны эцэст энэ онд 4 монгол залууг Шинэ Зеландад авчирч, ажил, амьдрах байр болон хонь хяргах хэрэгсэлтэй болгож чадсан байна.

Хэлний бэрхшээл, өдөр тутмын амьдралын хэв маяг гээд олон бэрхшээл тулгарсан ч тэд хурдан хугацаанд электрон төхөөрөмжтэй ажиллаж сурч, 3 сарын дараа өдөрт 250 гаруй хонь хяргаж байна.

Тэднийг өвөлдөө -40 хэмд хүрч хүйтэрдэг, дэлхийн хамгийн хүйтэн газруудын нэг, Монголоос ирсэн гэж Пол ярилаа. Аяллын өмнө залуусын хэн нь ч онгоц, эсвэл завинд сууж үзээгүй, аяга угаагч машин, угаалгын машин зэрэг цахилгаан төхөөрөмж ашиглаж байгаагүй, өвдөгнөөсөө дээш гарсан усанд орж үзээгүй байсан учраас эхний хэдэн өдөрт соёлын шокнд орж байсан гэж онцолж байна.

Орчуулагч болоод орон нутгийн хонь хяргагчдын тусламжтайгаар дөрвөн Монгол залуу Пиопио, Хоукийн булан, Вайроа дахь хонь хяргах бүлэглэлд орж ажиллаж, маш хурдан дасан зохицжээ.

“Шинэ Зеландын хонь хяргах хэрэгсэл, хонины хэмжээ, ноосны тоо хэмжээ нь эдгээр залуусын хувьд маш шинэ зүйл байсан ч бусад хяргагч нарынхаа дэмжлэгийг авч, дорхноо дасжээ.

Тэднийг Монголд буцаж ирэхэд нь зориулж хонь хяргах зөөврийн хоёр чиргүүл хийж байна. Share Mongolia аяллыг ивээн тэтгэж байгаа баг, Хонь хяргах төхөөрөмжийг худалдан авахад туслахын тулд хандив цуглуулж эхэлжээ. Тэд энэ төхөөрөмжид зориулж 8000 доллар цуглуулна гэж найдаж байна.

Дөрвөн монгол залуу явуулын хонь хяргагч хийх хувийн бизнестэй болохоор төлөвлөсөн байна.

“Хэдийгээр Монголд хонь хяргах улирал богино боловч залуус жилд 60 орчим хоног ажиллаж, өдөрт 100 доллар олох ёстой. Тэд өмнө нь өдөрт хамгийн ихдээ 15 доллар олдог байсан учраас тэдний орлого эрс өснө гэсэн үг юм байна.

Мөн Пол Броу монгол залуусыг сурсан чадвараа бусад малчиддаа зааж хуваалцана гэж найдаж байна гэлээ. 

Монгол залуус Шинэ Зеландад цахилгаан хайчаар өдөрт 250 хонь хяргаж байна

скачать dle 12.0

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x