Монголын 10-15 насны 100 хүүхдийн 11 нь амиа хорлож байна – ТАШАА

0


НҮБ-ийн хүн амын сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа “Монголын 10-15 насны 100 хүүхдийн 11 нь амиа хорлож байна. Энэ тоо бол Ази бүсдээ 5 дахин илүү үзүүлэлттэй байгаа” хэмээн МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

ДЭМБ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран “Эрүүл мэндийн үзүүлэлт” сэдэвтэй судалгааг 2020 онд хийж танилцуулсан байдаг.

Уг судалгаагаар 2009 оны байдлаар амиа хорлосон нас баралт 10,000 хүн тутамд 1.7 байсан бол 2020 онд 1.4 хүн болж буурсан эерэг үзүүлэлт байгаа ч насны бүлгийн тухайд өсвөр үеийнхний амиа хорлолт нэмэгдсэнийг онцолсон байна.

2003 онд 10-14 насны хүүхдүүдийн амиа хорлолт энэ насныхны нийт нас баралтын 3.3%-ийг эзэлж байсан бол 2020 онд 11.6 хувь болж, 3.5 дахин өссөн байна. Энэ нь бусад насныхтай харьцуулахад хамгийн их өөрчлөлттэй бүлэг байгаа бөгөөд өсвөр үе, залуучуудын дунд амиа хорлолт нас баралтын шалтгааныг тэргүүлж байгааг тэмдэглэжээ.

Амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин Номхон далайн баруун бүсийн орнуудын дунд 5 дахь өндөр тархалттай орон болж байна. Монгол улсын хүн амын дундах амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин 100,000 хүн амд 14 байгаа нь дэлхийн дундаж (10.6)-аас 3.4, бүсийн дундаж (10.2)- аас 3.8-оор тус тус өндөр байна гэж үзжээ.

Эндээс үзвэл манай улсын амиа хорлолтын түвшин бүс нутагтаа 5 дахь өндөр улсад тооцогдож байгаа нь үнэн ч Монголын 10-15 насны 100 хүүхдийн 11 нь амиа хорлож байна гэдэг нь ТАШАА байна.

Харин энэ насныхны нас баралтын 11.6 хувийг эзэлж байгаа буюу 10-15 насны нас барсан 100 хүүхэд тутмын 11.6 нь амиа хорлосон гэсэн дүн байжээ.

Эх сурвалж:

Эрүүл мэндийн хөгжлийн төв

ДЭМБ





Fact check Mongolia нягтлав

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x