Монголын тусгаар тогтнол хоймороосоо сэмрэх ёсгүй! – Pax Mongolica

0


Сонгуулийн албан ёсны нээлт дээр хэлсэн үг

2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Эрхэм Сонгогчид оо

ХҮН Намын гишүүд, дэмжигчид ээ

Нэр дэвшигчид ээ

            ​Өнөөдөр улс орон даяар УИХ-ын сонгуулийн албан ёсны нээлтийн өдөр болж байна. ХҮН Намаас зохион байгуулж байгаа энэхүү нээлтийн арга хэмжээнд хуран цугласан Та бүхэнд, мөн Хэвлэл мэдээлэл, Сошиал ертөнцөөр анхааран ажиглаж байгаа нийт иргэддээ ХҮН Намын мэргэжилтэн залуусынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

            ​Монгол улс 1990 оноос хойш УИХ-ын сонгуулийг 9 дэх удаагаа хийх гэж байна. Монгол бол аварга хоёр гүрний дунд өөрийнхөөрөө эрх чөлөөтэй оршин байгаа ардчилсан улс юм. Иймдээ ч гадны улсууд Монголыг Төв болон зүүн Азид орших  “Ардчиллын баянбүрд” гэж нэрлэсэн байдаг. Тэгвэл энэ удаагийн 9 дэх сонгууль нь бидний сүүлийн 4 жил манлайлан өөрчилсөн ҮХНӨ-ийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог бөгөөд Ардчилсан Монгол улсын төлөө өөрсдийн эхлүүлсэн үйл хэргээ цементлэх, үр шимийг нь иргэддээ хүлээлгэн өгөх түүхэн хариуцлагатай сонгуулийн өмнө бид ирээд байна. Монгол улсынхаа 21 аймаг, 9 дүүргээр хамтдаа явж иргэддээ мэдээлэл түгээсэн намынхаа залуус, дэмжигчиддээ болон тогтолцооны өөрчлөлт хийхийг дэмжиж шаардсан нийт Монголчууддаа талархлаа илэрхийлье.

            ​Өмнөх үеийн маань байгуулж, бидэнд хүлээлгэн өгсөн ардчилсан тогтолцоонд ололттой болон засаж залруулах олон зүйлс байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Юуны өмнө үзэл санааны өрсөлдөөн хумигдаж,  популизм газар авлаа.  Төрийн үйл хэрэгт олон түмний оролцоо, дуу хоолой дутагдаж тэдний бодит төлөөлөл төрийн ордонд биш талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж байна. Бид 1992 онд олон намын тогтолцоотой, парламентийн засаглалтай, бүгд найрамдах улс байна гэж Ардчилсан Үндсэн хуульдаа тусгасан боловч бодит байдалд хэлбэр төдий 2 намын бүлэглэлийн тогтолцоо руу гулсаж, Өнөөдөр бүр нэг намын тогтолцоо уруу шилжээд байна. Үр дүнд нь УИХ-д сөрөг хүчний бодит төлөөлөлгүйгээр сүүлийн 8 жилийг ардаа орхилоо. Авилга, хулгай ч бодитойгоор нүүрлэж, алдаа гаргасан төрийн хүмүүст хариуцлага тооцож чадахгүй байдал руу орсон байна.

ХҮН Нам энэхүү хандлагыг сөрж УИХ-д ганц гишүүнтэй ч олон түмний дуу хоолой болж Хөгжлийн банк,  Нүүрсний 40 их наяд, Цавчаа ногооны хулгай болон Офф-тейк гэрээг ил болгож парламентын сонсголыг зохион байгуулах замаар иргэдийн мэдэх эрхийг хангалаа. Хэрэв ХҮН нам УИХ-д нэг суудалгүй, Нийслэлийн төлөөлөгчдийн хуралд бүлэггүй байсан бол эдгээр хулгайнууд хэзээ ч ил болохгүй байв. Харин одоо эхлүүлсэн ажлаа дуусгаж, авилга авсан эрх мэдэлтэй дарга нарт хуулийн хариуцлага тооцох цаг нь иржээ ХҮНчүүдээ. Үүнийг бид хамтдаа нэр төртэйгөөр хийх болноо.

            ​ХҮН Нам бусад намуудаас юугаараа ялгаатай вэ гэдгийг маш тодорхой 3 зүйлээр онцлоё.

            ​Нэгд, алдаатай оноотой ч өөрийн зөв замаар туулж буй ардчилсан Монголын хөрснөөс соёолон ургаж буй  Улс төрийн анхны том инстүүц бол ХҮН Нам юм. Тиймээс ч бид дүүрэн нэр дэвшилт хийж чадсан шинэ үеийнхий дэмжлэгтэй Хориннэгдүгээр зууны нам билээ.

            ​Хоёрт, бид дотоод ардчиллаа хөгжүүлж ХҮН намаар дамжуулан Монголын Төрд үгүйлэгдээд буй салбар бүрийн мэргэжилтнүүдийг төрийн ачаа үүрүүлэхээр зорьж буй олон түмний оролцоог хангасан улстөрийн инстүүц юм.

            ​Гуравт, бид хурдан өөрчлөгдөж байгаа ертөнцөд шинэ үеийнхний улс төрийн боловсролыг дээшлүүлж, оролцоог нь хангах замаар Ардчиллыг бэхжүүлж, биеэ даасан эдийн засгийн бүтэцтэй тусгаар Монгол улсыг дараа үедээ, үр хүүхдүүддээ өвлүүлж өгөхөөр сэтгэл шулуудсан, эрдэм боловсролыг эрхэмлэсэн “гишүүн” төвтэй нам юм.

            ​ХҮН Нам энэ сонгуулиар монголчуудын эв нэгдлийг эрхэмлэсэн, Төрийн бодлогыг цэгцлэх чадвартай, ард иргэдийн итгэл хүлээсэн Эвслийн Засгийн газар байгуулагдаасай гэж хүсч байна.

            ​Үүний тулд ХҮН Нам Сонгуульд нэр дэвшүүлэхдээ 54 хувь нь эрэгтэй, 46 хувь нь эмэгтэй байхаар, нийт нэр дэвшигчдийн 70 хувь нь Баруунд боловсрол эзэмшсэн мастер докторууд, 30 хувь нь бакалврууд буюу эмч багш, инженер, хуульч, эдийн засагч гээд салбар бүрийн мэргэжилтэн, ажлын туршлагатай 126 лидерээ сонгогч Танд илгээж байна. Та тосоод дэмжээд, сонгоод өгөөрэй.

            ​ХҮН Нам бүх улс төрийн хүчинтэй хамтарч Монголын нийгэмд Маргаашийг илүү сайн болгох өөрчлөлт авчирахыг хүсч байна.

            ​Бид намуудтай гоё сайхан хэллэг, амлалт, олон хуудас хөтөлбөрөөр уралдья гэсэнгүй. Бидний итгэл үнэмшил, мэргэжлийн хандлагад нийцэж байгаа болгоныг ХҮН Нам дэмжиж ажиллах болно.

            ​Тэгвэл бид юу хийхийг зорьж байгаа вэ?

1. Төрийн Засаглалыг сайжруулна

• ХҮН Нам төрийг цомхон, мэргэжлийн байлгахаас ажлаа эхэлнэ. Юуны өмнө яамдын тоог 9 болгоно. Агентлагийн тоог 2-3 дахин бууруулна. Энэ нь төсвийн хөрөнгийг ихээр хэмнэхээс гадна бизнесийн орчинд бий болсон төрийн дарамтыг арилгах болно.

• Нүүрс, Зэс, Хөгжлийн банк, цавчаа ногооны жинхэнэ хулгайчид, авилгачдад хуулийн хариуцлага тооцно. Иймд хараат бус, хэрэг хурдан шийдвэрлэдэг шүүхийн тогтолцоог бүрдүүлж, Прокурорын байгууллагыг шүүх эрх мэдлийн бус гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болгоно.

• Авлигатай тэмцэх газрыг зөвхөн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болгон өөрчилж, авлига албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах бүрэн эрх бүхий тусгай субъектийн гэмт хэргийг мөрдөн шалгах нэгжийг сэргээн байгуулна.

2. Уул уурхайн Засаглалыг өөрчилнө

• Уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг иргэдийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгоно. Ялсан намын дарга биш хөндлөнгийн мэргэжлийн удирдлагын багийг томилно.

• Стратегийн ач холбогдол бүхий ордыг уул уурхайн салбарын дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн стратегийн ач холбогдол бүхий чухал ашигт малтмалд хамааруулах байдлаар эрх зүйн зохицуулалт хийнэ.

• Баялгийн санг цуглуулж хуваарилахаас илүү хуримтлуулж үржүүлдэг олон улсын жишгээр хөгжүүлнэ.

3. Татварын дарамтыг багасгаж Зээлийн хүүг бодитой бууруулж, бизнесийн шинэ чиглэлийг дэмжинэ

• Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар(ААНОАТ)-ыг 50 хувиар хөнгөлж, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлнэ.

•   АМНАТ зэрэг давхардсан татварын дарамтыг арилгана.

• Гарааны бизнесийг санхүүжүүлэх венчур капитал сан байгуулна

• “Сумын хөрөнгө оруулалтын сан” хөтөлбөрийг хэрэгжүүлж орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийг өндөр хүүтэй зээлийн өрийн дарамтаас чөлөөлөх замаар орон нутагт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлнэ.

•  Ипотекийн зээлээр хүн амыг орон сууцжуулна

4. Эрчим хүч,Үйлдвэржилтийг дэмжинэ

• Ган, цемент, шилний үйлдвэрт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлнэ

• Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэн найруулж, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн, шинэ технологийг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгоно. ​

5. Нийгмийн бодлогыг хүртээмжтэй болгоно

• Багшийн үнэлэмжийг хамгийн өндөрт тавьж цалинг нэмэгдүүлэх эдийн засгийн орчныг бүрдүүлнэ.

• Өмчийн хэлбэр, байршлаас үл хамааран боловсролын чанарыг ижил байлгах бодлого баримтална.

• Хүүхдийн нүдэнд аюулгүй “дижитал сурах бичиг”-ийг үе шаттайгаар нэвтрүүлнэ.

• Суурь тэтгэвэр, хуримтлалын тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн олон тулгуурт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж тэтгэврийн реформыг цогцоор нь хийнэ.

• 10,000 айл өрхийн цахилгаан болон дулаан хангамжийг нарны эрчим хүчээр хангах төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.

Монгол Улсын иргэд, эх орончид, нийт монголчууд аа!

            Нийгмийн хөгжил хүний нэг үе буюу 25-30 жилээр давалгаалан явдаг. Монголчууд бид хөгжлийн нэгэн үе шатыг өндөрлөж, дараагийн шатны босгон дээр зогсож байна. Монгол хүн бүрээс, танаас бүх зүйл хамаарна.

6/28-нд болох УИХ-ын Сонгууль бол дараагийн ээлжийн дарга нар, гишүүдээ сонгох биш, үр хүүхдийнхээ, эх орныхоо ирээдүйг сонгох өдөр юм шүү.

Хэрэв Монгол ХҮН та ирэх 30 жилийг өнгөрсөн 30 жил шиг өнгөрөөхийг хүсэхгүй бол, өнөөдрийн асуудал зовлон, өр төлбөрийг үр хүүхэддээ өвлүүлэхийг хүсэхгүй бол мэргэжилтэн залуусаа, ХҮН намаа сонгоорой.

Өнөөгийн нийгэмд бухимдан суугаа ахмадуудаа,

            Энэ удаа та бүхэн өөрийн харъяалагддаг нам төр биш өсгөж бойжуулсан үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүйн төлөө, улс орныхоо ирээдүйд саналаа өгөөрэй. Бид өөрчилж чадна.

Ирээдүйдээ итгэл алдан Fuck Off гээд амьдрал хөөн гадагшаа явахаар сэтгэл шулуудсан Залуус аа,

            Төрөө барих нэг өдрийн эрхээ эдэлж сонгуулиа өгцгөө. Өөрийн болон найз нөхдийнхөө нийгмийг өөрчлөх, авсан цалиндаа сэтгэл хангалуун байх, хадгалсан мөнгөөрөө гадагшаа аялах, сурах боломжийг хамтдаа бүтээцгээе. Бид өөрчилнө. ЦАГ НЬ БОЛСОН!

            Монголчууд түүхэндээ хүнд бэрх, итгэмээргүй олон сорилтыг даван туулж, унасан ч дандаа босож ирсэн ард түмэн юм. Харин өнөөдөр Монголын тусгаар тогтнол хоймороосоо сэмрэх ёсгүй!

            Монголоо монголоор нь хадгалж, эх орноо хөгжлийн шинэ шатанд гаргах чин сэтгэл, хүсэл тэмүүлэл, эрдэм мэдлэг, итгэл үнэмшил шингэсэн иж бүрэн хөтөлбөр бидэнд бий. Үүнийг хэрэгжүүлэх ирээдүй хойч, эх орноо гэсэн сэтгэлтэй баг мэргэжилтнүүд бидэнд бас байна. Хамгийн чухал нь энэ бүхнийг ойлгон таних, түүхэн шинэ цагаа мэдрэх олон түмэн монголчууд, дэмжигчид та бүхэн маань энэхүү өөрчлөлтөд бэлэн гэдэгт итгэж байна.

            Улс орныг хоосон үг, популист амлалтаар хөгжүүлдэггүй. Эрдэм мэдлэг, эх оронч сэтгэл, прагматик бодлогоор хөгжүүлдэг. Ирэх 4 жил, цаашлаад ирэх 30 жил Монгол оронд хөлөө олох, хөгжил дэвшил, уужуу зорилго, урам зоригтой урагшлах цаг үе байх ёстой. Ийм цаг үеийг бид бүгд хамтдаа сонгож, эхлүүлэх болно.

Бид ирээдүйдээ итгэл алдсан энэ нийгмийг өөрчилнө.

Бид үргэлж алдагдалтай, өр үйлдвэрлэдэг үрэлгэн төсвийг өөрчилнө

Бид төр нь томорч, бизнес нь жижгэрдэг чөтгөрийн тойргийг өөрчилнө

Бид хулгайчийг хамгаалдаг хууль, шүүхийн тогтолцоог өөрчилнө

Бид утаатай, түгжрэлтэй Улаанбаатарыг өөрчилнө.

Өнгөрснийг авардаггүй, ирээдүйг л авардаг!

Сонголт таных, харин ирээдүй үр хүүхдүүдийнх.

Бид өөрчилнө! Цаг нь болсон…

Баярлалаа.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x