“Молор хонгор” галын морьд өнгөтэй байна DNN.mn

0


Уяан дээрээ дүүхэлзэх наран хонгор соёолонгийн хавирга шинийн хоёрны сар шиг хэрзийжээ. Сэлэм шиг хурц хөлөөрөө газар цавчиж цангинатал янцгаах ажнайг гуч эргэм насны шар залуу эмээллэж эрхийн чинээ жаахан хүүг мордуулаад тавилаа. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Энхтайваны Энхбаяраар ахлуулсан “Молор хонгор” галын уяачид наадамд уралдах морьдоо бариад байгаа нь энэ. Эднийх Сэргэлэн сумын урдхан талд гурван гэр бариад буужээ. Морьдоо энэ зургадугаар сарын 2-ны их дүйчин өдрөөр бариад, хараахан ёсолж амжаагүй байхад нь явж очлоо.

“Молор хонгор” галын ахлах, аймгийн алдарт уяач Э.Энхбаяр унаач хүүхдүүд болоод туслах уяачдынхаа ойр зуурын хэрэгцээтэй зүйлсийг аймгийн төвөөс авчраад удаагүй байна гэнэ. Түүнтэй мэнд мэдэж таван үг солих зуурт багачууд шаагилдаад орж ирэв. Дээрээс хойш гал дээр пургилсан шөл гүйцэд болов бололтой, жаахнууд гал тойроод л аягаа бариад сууцгаав. Үдийн хоолоо идэж байгаа нь энэ ажээ

Тэд цайны цагаараа морьдынхоо идэш тэжээлийн талаар хоорондоо зөвлөлдөж, аль мориндоо ямар ажил хийх тухай болоод бас бус зүйлийг зөвлөлдөнө. Аяга шөлөө шоржигнотол сороод, аяга цай залгилсан тэд өдрийн ажилдаа ханцуй шамлаад орлоо.

Өнгөрсөн жилийн аймгийн наадмын өнгөнд давхисан морьдын цөм нь энд цуглажээ. Төв аймгийн 99 жилийн ойд аман хүзүүдсэн хүрэн морио хүлгүүдийнхээ хамгийн дээд талд нь сойсон байв. Энхбаяр уяач хүрэн морь руугаа үе үе анхааралтай харах нь ямар ажил хийх талаараа тархиа гашилгаж байгаа бололтой. Удахгүй тохиох наадмаар хүрэн морио хурдлуулахаар ихэд чармайж байгаа нь илт. Өнгөрсөн жил аймгийн наадамдаа айрагдсан соёолон нь ч эзэндээ итгэл төрүүлж байгаа бололтой.

Э.Энхбаяр уяач сүүлийн хорь гаруй жил энд галд гарч байгаа гэнэ. Энэ жил Сэргэлэн сумын урд дэнжид ногоо эрт цухуйжээ. Бага зэрэг сэрүүн салхитай байгааг эс тооцвол морины ажилд хамгийн таатай цаг агаар тохиож байгаа гэнэ.

Э.Энхбаярын өвөө нь Монгол Улсын анхны манлай уяачдын нэг Д.Даш. Хүүхэд ахуйдаа яг л энэ уяанд өвөөгийнхөө энгэрт зүүгдэж өссөн тэрбээр өвлөсөн эрдмээ залуу уяачдад хуваалцаж адууны сүүл боож явсаар төдийгөөс өдийтэй золгожээ. Тод манлай уяач Ц.Хэнмэдэх, П.Онон гээд 1990-ээд оны үеийн цуутай уяачид бүгд л энэ дэнжид чуулдаг байсан талаар Э.Энхбаяр хуучилж байна. Тэр үеийн домогт хурдан хүлгүүдийн цөм нь яг энэ дэнжид уягдаж төрийн наадамдаа тоосоо өргөдөг байж. Д.Ганбаатарын дархан түмэн эх хүрэн халзан морь л гэхэд энэ уяанд тэнцсэн унага гэнэ. Энэ хөндийд идээшсэн хүрэн халзан унага хожим төрийн наадамд гурав түрүүлж нэг айрагдсан түүхтэй.

Энэ арвин түүхтэй дэнжид сойгдсон хүлгүүд өнөө хэр нь төрийн наадамдаа хурдалж, түмэн олноо цэнгүүлсээр байна.

Өнгөрсөн жил л гэхэд энэ уяанаас мордсон хүрэн морь Төв аймгийнхаа 99 жилийн ойн их баяр наадмаар аман хүзүүдсэн гэнэ. Түүнчлэн соёолон насны ангилалд ч хул нь айрагджээ. Энэ жилийн тухайд уяа эвлэг морь хөнгөн сайхан байгаа талаар уяачид хэлж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд ийм дэлгэр зун Сэргэлэнгийн урд дэнжид тохиогоогүй гэнэ. “Молор хонгор” галынхан хэд хоногийн өмнө морьдынхоо өнгийг шинжихээр урагшаа Авдрын уулын тийш овооны наадамд оролцож хоёр ч айраг амсаад ирж. Энэ уралдаанаар морьдоо шинжиж хийх ажлуудаа тодорхойлж, төлөвлөгөө гаргаж аймгийнхаа зуун жилийн ойд тун чамбай бэлтгэж байна. Зургадугаар сарын 20-д гараад эрлийз давхилаа хийж ажлынхаа явцыг шинжих гэнэ. Улмаар бага, дунд сунгаагаараа ажлаа тааруулаад Хүй долоон худгийн дэнжийг зорих гэнэ.

Энэ уяанд найман настай балчраас ная шахсан буурал нийлсэн арав гаруй хүн цуглаад байна. Эдэн дунд хий эргэсэн нь нэг ч алга. Бүгд л дор бүрнээ тус тусын үүрэгтэй. Ная шахсан Цогоо гуай туслахтайгаа чөдөр зангидаж байхад гадаа найман настай Бат-Ирээдүй хүү морьдын нэмнээг уяа руу зөөнө. Өөр нэг балчир хажууд нь эмээл тэврээд дагаж байна. Тэр балчруудын амнаас гарах үг бүр наадамтай л холбоотой. Наадмаар тэр морь тэгнэ, энэ азарга ингэнэ гэхчлэн удахгүй болох наадмыг өөр өөрийн өнгөөрөө дүгнэж бяцхан мэтгээн үүсгэнэ.

Тэдний ажлын завсраар бяцхан хүү н.Бат-Ирээдүйтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Энэ жил хэдэн насны морь унах вэ?

-Зургаан насны морь унана.

-Аль насны морийг нь унах илүү дуртай вэ?

-Бүх насны л морь унаж байсан. Их насны морь унах илүү дуртай. Хамгийн хол газар уралддаг болохоор тэр.

-Даага унахад гоё биш үү?

-Зарим даага цуцаад явдаггүй юм аа. Нялх амьтныг чинь гуядаад байж болохгүй, хайрлаад байдаг юм. Хамаагүй явуулбал бахардаад уначихна.

-Наадмаа хүлээж байна уу?

-Наадмаа хүлээгээд нойр ч хүрэхгүй юм. Шөнө уралдаж байна гэж зүүдэлнэ. Наадмын урьд шөнө тохомоо дэрлээд хэвтэж байх хамгийн гоё. Уяа нь таарсан морьдын хөл хөнгөрөөд ямар гоё гээч. Айрагдаад ирвэл хамгийн сайхан.

-Өнгөрсөн жил ямар амжилттай уралдав?

-Говь-Алтайн наадамд уралдаад аман хүзүүдсэн. Үзүүр дээрээ жаахан шахуулаад урдаа алдчихсан. Энэ жил шахуулахгүй уралдана аа. Би хурдны морь гурван жил унаж байна. Аймгийн наадамд арай түрүүлж чадаагүй. Энэ жил түрүүлэх байх аа”. Бид ийн ярилцлаа.

“Молор хонгор” галын ахмад уяачид морины галд ирсэн хүүхэд ажил сураад буцдаг талаар хэлж байна. Морь уях ажлын ард хүүхэд хүмүүжүүлэх, хүн төлөвшүүлэх их ухаан явж байдгийг энэ насаараа адууны сүүл боож буй ахмад Цогоо гуай ярьж байна. Морины ажлын дэргэд өссөн хүүхэд амьтныг хайрлах сэтгэлтэй болж төлөвшихөөс гадна ажил хөдөлмөрт ч гавшгай суралцдаг ажээ.

Э.Энхбаяр уяачийн өвөө Д.Даш гуайн “Молор хонгор” азарга 1982-1987 оны хооронд улсын наадамд зургаан удаа айрагдаж байсан гэнэ. Даш гуай ч гол төлөв хонгор адуу хурдлуулдаг нэгэн байж. Түүний суут хонгор азарганы төл өдгөө ч улс бүсийн наадамд хурдалсаар байгааг ач хүү нь хэлж байлаа. Энэ жилийн тухайд “Молор хонгор” галын хүрэн морь төрийн наадам тоосоо өргөх бололтой. Өнгөрсөн жил аймгийнхаа наадамд аман хүзүүдсэн энэ хүлгийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадмын цээжинд уралдах морьдын нэгээр нэрлэж байна. Дархан түмэн эх хүрэн халзан морь тэнцсэн энэ хөндийгөөс энэ цагт хурдалж буй хүрэн морь төрийн наадамд торгон жолоо өргүүлж залуухан уяач Э.Энхбаяр цэнгэлдэх хүрээлэнд манлай уяач өвөөгийнхөө нэрийг дуурсгах цаг тийм ч хол биш биз ээ.





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x