МИНИЙ ААВ ОРОС, МИНИЙ ЭЭЖ ТУВА, БИ ӨӨРӨӨ МОНГОЛ

0

Энэ үгийг зургаан настай орос охин анх сургуульд орохдоо багш, найз нартаа дуржигнуулан хэлсэн гэдэг юм. Арван долоохон настайдаа урлагийн суутнаар тооцогдож, эмгэн болно гэдгийг эгнэгт үзэхгүйгээр мөнхөрч хоцорсон Надя Рушева л тэгж хэлсэндээ, ингэж хэзээ хойно санахаар тод мөртэй үлдсэн болохоос биш, хичнээн зуун орос охид хөвгүүд би Монголд төрсөн, би Монголд байсан, би олон монгол найзтай хэмээн хөөр болон ярьсныг хэн өнөөдөр хөөж хэлцэхсэн билээ.Надя Рушеватай холбоотой ном зохиол, нийтлэл, тэмдэглэл, үзэсгэлэнгийн тайлбар, баримтат болон уран сайхны кино, намтар зэрэг юм болгонд байх Улаанбаатарт төрсөн гэдэг үг ийм учиртай юмсанжээ. 1950 оны намар Николай Рушев хэмээх театрын зураач эр, хорин дөрвөн настай, балетчин эхнэр Наталья Ажикмаагаа дагуулан монгол газар анх хөл тавьжээ. Төдөлгүй нөхөр нь театрын зөвлөх зураач, дүрслэх урлагийн дунд сургуулийн багш болж, эхнэр нь бүжгэн жүжиг заах ажил үйлст тохоогджээ. Насныхаа ханийг олж авсан, Тувагийн хөгжимт драмын театраас авахуулаад, олон газар яваад сурчихсан, уран бүтээлч хүний зангаар тэднийхний гэр бүл хүн хөлхсөн, босго зөөлөнтэй айл болжээ. Нийтэч зантай эхнэр нөхөр хоёр монгол хүмүүстэй ч танилцаж цөхсөнгүй. Төрийн ордны зүүн хойт тал, одоогийнхоор бол, Grand Ulaanbaatar хэмээх нүсэр барилгын суурин дээр байсан “Ухаантны ягаан” гэх хоёр давхар байшингийн нэг давхарт тэднийх төвхнөж авсан нь тэр гэнэ. Эрдэнэбатын Оюун, Цагааны Цэгмид, Самбын Гончигсумлаа, Билигийн Дамдинсүрэн, Жамъянгийн Чулуун, Лувсангийн Гаваа, Лувсанжамцын Цогзолмаа зэрэг урлаг соёлын алдар суутнууд чухам тэр байшинд гал голомтоо бадрааж, хөлтэйхэн аж төрцгөөж байсан гэдэг. Манайхаас өөр газар бол, түүхээ тэгж индүүдэх адил зүлгүүрдэх биш, хэв янзаар нь үлдээж, монгол хүн бүхний нэрий нь сонсохын төдийд бишрэл төрдөг тэр суутнуудын гэр музей болгох л байсан байх. Манай нийслэл Улаанбаатарт өнөөгийнхнөөс өөр бахархал болгон аж төрж байсан хүмүүс байхгүй юм шиг, дурсгалтай гэсэн болгонд нь өштэй юм шиг загнацгаалаа даа, одоо болсон хойно яах ч билээ…1952 оны 1-р сарын 31-ний идэр ес ид тачигнасан нэгэн өдөр. Үр хүүхдийн хүслэн болсон гучин дөрвөн настай, орос зураач эрийн магнай нь ёстой тэнийжээ. Өвлийн тэр дүн хүйтнээр хахир цасан дундаас хаврын хэнзхэн яргуй цухуйхын үлгэрээр охин үрийнхээ дууг сонсч, одот тэнгэрийн доор баярлаагүйгээрээ баярласнаа хожим нь тэд дурссан нь бий. “Монгол орон Найданг минь бидэнд бэлэглэсэн юм” хэмээн тэр цагаас хойш Николай Рушев манай орон, монгол хүнд ачлал санаж, ам л ангайвал, тэр тухай ярих болсон гэдэг юм. Бяцхан жаахан охинд нь Найдан хэмээх нэрийг нэгд, орос нэрнийх нь дуудлагад нь дөхүүлж, хоёрт, яагаад ч юм бэ, ирээдүйг нь зөгнөсөн мэт өнө мөнхийн билэгдэл оршоож, гуравт, Монгол газар төрлөө хэмээн өхөөрдөн баясаж Найдан гэдэг нэрийг Б.Ринчен доктор хайрлажээ. Тэгээд ч тэр байх, нэг биш захиандаа тэднийхэн, “Академич Б.Ринчен гуай танаа мэхийн ёсольё” хэмээн нэн хүндэтгэлтэйгээр дурдатгасан байдаг. Авъяас билэг төгөлдөр ард түмний дунд төрсөн орос тэр охин аргагүй л ид бах болгохоор, тэнгэрт мандсан тэргэл сар шиг гялалзахаар тод нэгэн од байжээ.

А үсгийн ацаг ч мэдэхгүй, хар багаасаа л аавынхаа өвөр дээр суугаад үлгэр дуудуулж, тэнд гарах үйл явдал, баатар болгоныг нь дүрслэн зурах болжээ. “Аав үлгэрээ уншаад л байдаг, би төсөөлснөө зураад л байдаг” хэмээн тэр тухайгаа өөрөө ярьсан ч бий. Охины авъяас тийнхүү ундарга сайт булгийн ус шиг дэвэрч асгаран цутгах болжээ. Их зохиолч А.С.Пушкины “Салтан хааны үлгэр”-т л гэхэд, гучин зургаан зураг зурсан гэдэг. Надягийн зургийг харсан хэн ч бол, суу билэгтэн эрт тодорлоо хэмээн дуу алдахаас аргагүй л болсон юм билээ. “Суутан гэдгээ анхны зургуудаараа л шууд зарлалаа, дүрслэх урлагийн ертөнцөд хар багаасаа ингэж тэсрэх мэт тодорсон хааныхан хэн байдгийг бид мэдэхгүй, яруу найрагчид, хөгжмийн зохиолчдод л ховорхон үзэгдсэн үзэгдэл, зураачдын хувьд, урьд өмнө хэзээ ч ийм багаасаа ингэж гийж байсангүй хэмээн хол ойргүй шагшилдаж шуугилдаж гарав. Олны тэр дуулиан шуугианыг огт анзаарсан шинжгүй, мань охин урдын л адил харандаа цааснаас нэг салалгүй, өдөртөө хэдэн арван зураг зурсаар л байжээ. “Надя Рушева нэг л удаа гартаа харандаа цаас атгасан, тэр цагаас хойш тавиагүй” гэдэг тодорхойлолт аргагүй түүнд зохихоор санагдана. Надя Рушевад, энгийн үгээр хэлэхэд, ноорог зураг гаргах гэсэн ойлголт ерөөсөө байсангүй, гараас гарсан болгон нь шууд л бүтээл болдог онцлогтой байжээ. “Зурах зүйл өмнөөс минь тодорч харагдаад байдаг юм. Усны хээ л жирэлзээд байгаа гэсэн үг, би түүнийг нь хүрээлээд л байна” хэмээн нэгэнтээ хүүхэд зангаараа хүүрнэсэн ажээ. Тэгж ч байж гэмээнэ, А.С.Пушкин хийгээд түүний зохиол бүтээлийн сэдвээр гурван зуу гаруй зураг туурвисан биз ээ. Лермонтов, Некрасов, Блок, Есенин, Грин, Шекспирийг бас зурна гэж байсан ч амжсангүй, сургуульд явна гэж гараад мөнх нойрсчээ. Надяг ердөөн зургаан сартайд нь л Москва руугаа тэднийхэн буцсан ч, би Улаанбаатарт төрсөн, би Монголд дуртай, хэзээ нэг цагт төрсөн газраа заавал очно, миний монгол нэрийг Найдан гэдэг хэмээн бахдан ярьж явсан тэр нэгэн од харвасан өдөр нь 1969 оны 3-р сарын 5-ны ногоо соёолж байсан цагаар юм гэнэ билээ. “Хөөрхий охин минь харандаанаас гэр салгалгүй, тоглодог хүүхэлдэйгээ ч том боллоо гэж цүнхнээсээ гаргаж тавилгүй байсаар явчихлаа даа” хэмээн бахардсан эх нь хэлсэн юм гэнэ билээ.

До.Чулуунбаатар тэрлэв.

2020 оны 8-р сарын 05

5 1 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x