Маргааш угаартаж амь насаа алдсан долоон иргэнийг хүндэтгэн иргэд 1080 зул өргөнө

0

Сайжруулсан түлшинд угаартан нас барсан хоёр хүүхэд, дөрвөн иргэнийг хүндэтгэж 1080 зул өргөх арга хэмжээг 2019 оны аравдугаар сарын 11-ний өдөр буюу маргааш 18 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон тухай өнөөдөр сэтгүүлчид мэдээлэл хийлээ.

Сэтгүүлч Ц.Цолмон “Энэ эмгэнэлт зүйлд сэтгэл өвдөхгүй байхын арга алга. Нийслэлчүүд утаатай тэмцээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хагас тэрбум америк доллар зарцуулсан баримт байна. Үүний үр дүнд иргэдийнхээ амь насыг аврах биш харин бид алдаж байгаа. Өнөөдөр Улаанбаатарт 1 сая 500 мянган хүн амьдарч байгаа. Монгол Улсын иргэдийн тал хувь агаарын бохирдлоос болж, ургийн гажиг, хавдар болж эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Утаагүй зуух, утаагүй түлш гэж иргэдийн эрүүл мэндээр туршилт хийх ёсгүй. Монгол хүний амь нас утаагүй зуух түлшнээс илүү үнэтэй байх ёстой. Өнөөдөр хүн бүр яндан байвал утаа гарна гэдгийг мэдэж байгаа. Утаанаас салах эцсийн шийдэл бол утаагүй зуух, түлш биш харин орон сууцжуулах хөтөлбөр юм ” гэлээ.

Сэтгүүлч О.Батханд “Үндсэн хуульд хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл сайжруулсан түлшинд угаартаж зургаан хүн амь насаа алдлаа. Амиа алдсан хүмүүсийн хоёр нь бага насны хүүхэд байгаа. Энэ асуудалд сэтгүүлчид бид маш их эмзэглэж байна. Иймээс амиа алдсан зургаан хүний гэгээн дурсгалд зориулж маргааш Сүхбаатарын талбай дээр 18 цагаас 1080 зул өргөнө. Энэ цаг үед сэтгүүлч бидний үзэгний үзүүр мохох учиргүй. Үг хэлэх эрх боомилуулах учиргүй. Монгол улс хуультай, түүхтэй улс. Иймээс долоон иргэний амь нас ямар шалтгаанаар угаартаж амиа насаа алдсаныг тогтоох байгууллага нь тогтоож, үнэн бодит зүйлийг тодорхой мэдээллэх хэрэгтэй. Мөн гэмт буруутай этгээдүүд хариуцлагаа хүлээж, ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй гэдгийг сэтгүүлчид бид уриалж байна” гэв.

Харин хэвлэлийн хуралд оролцсон сэтгүүлч Д.Эрдэнэтуяа хэлэхдээ, Бяцхан үрс амиа алдаж буй нь хамгийн харамсалтай тул бид нэгдэж байна. Монгол хүний амь нас үнэтэй, сэтгүүлчид бид үнэн бодит мэдээллийг түгээх үүргээсээ няцаагүй, цаашдаа үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх нь зүйн хэрэг. Маргааш болох зул өргөх арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриаллаа.

Дашрамд дурдахад, Сэтгүүлзүйн салбарт 10-20 жил ажилласан олон олон сэтгүүлчид эдгээр арга хэмжээг дэмжиж буй бөгөөд зул өргөх ёслолын зөвшөөрлийг хуулийн дагуу холбогдох байгууллагууд өгсөн юм байна.


Н.Алтанцэцэг Мэдээ.мн

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x