Логистикийн мухардал буюу цаг хугацааны ялалт

0


Украин руу ОХУ халдан довтолсон энэ үед орчин цагийн дайны логистикийн нөхцөл байдал, санхүүжилтийн талаарх эдийн засагч Б.Майнбаярын нийтлэлийг уншигчдадаа сонирхуулж байна. Хэдий улс орон, нөхцөл байдал, цаг хугацааны зөрүү бий ч Украин-ОХУ-ын дайны талаарх тодорхой төсөөллийг уг нийтлэл өгөх болов уу.

Бид Афганистаныг дайнаар л илүүтэй мэднэ. Давхардсан тоогоор манай 7,100 орчим цэрэг тус улсад 2003-2021 оны хооронд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцжээ. Засгийн эрх авсан талибанчууд хэзээ нэгэн цагт Монгол Улстай харьцахад биднийг яаж харах нь их сонирхолтой. Ингэхэд манай цэргүүдийн хэрэглэсэн шатахуун, хоол хүнс зэрэг ар талын хангамж хаанаас, ямар маршрутаар, хэрхэн хүрч байсан бэ? Үүнийг судлаж үзэхэд дайны ялалтын шийдвэрлэх хүчин зүйл хангамжийн маршрутын асуудалд байсан гэж дүгнэж болохоор байна.

Өмнөд түгээлтийн сүлжээ

Пакистанаар дамжих хангамжийн сүлжээг ингэж нэрлэдэг. Уг сүлжээ нь далайгаар ихэнх замаа туулж Пакистаны Карачи хотын боомтоор дамжин, газрын тээвэрт шилжиж байсан хамгийн дөт зам юм. Энэ  сүлжээ дотроо хоёр ерөнхий маршруттай. Эхнийх нь Карачи – Хайдербад – Исламабад чиглэлээр Кайбер боомтоор дамжин Кабулд очно. Удаах нь,  Карачи – Хайдербад – Жакобабад чиглэлээр Чаман боомтоор дамжин Кандахар дахь бааз хүрдэг. Үүгээр дайны эхний долоон жилд нийт хангамж, тээврийн 80 хүртэлх хувийг хийсэн юм.

Эдгээр маршрутаар явахад Пакистаны нутагт НАТО нийт ачааны 15 хүртэлх хувийг Талибаныг дэмжигч зэвсэгт босогчдын дээрэм, довтолгоонд өртөж алдахад хүрдэг байсан ч тээвэрлэлт хийсээр байж.

Гэтэл 2011 оны арваннэгдүгээр сард НАТО-ийн агаарын хүчин Афганстан – Пакистаны хил дээрх Пакистаны хилийн цэргийн хоёр шалган нэвтрүүлэхийг Талибаных гэж андуурч бөмбөгдөн 28 цэргийн амь насыг хохироожээ. Энэ нь Пакистаныг хилээ хааж, НАТО-ийн цэргийн хангамж, бэлтгэн нийлүүлэлтийг зогсооход хүргэсэн байна. Мөн 10 жилийн хугацаанд хүнд тээврийн улмаас зам, дэд бүтцэд нь учруулсан хохирлын (100 тэрбум пак.рупи) нөхөн төлбөрт чингэлэг тутамд 5,000 ам.доллар төлөхийг Пакистан АНУ-аас шаардсан юм.

Хэдий тус улс хилээ 2012 оны долдугаар сард дахин нээсэн ч Афганистаны хойноос чиглэлтэй хангамж, түгээлтийн өөр хувилбар, маршрутыг НАТО илүүд үзэх болжээ. Мөн Ерөнхийлөгч Б.Обамагийн үед нэмж 30 мянган цэрэг дайчлах үеэс хурдтай, үр ашигтай байх хангамжийн өөр маршрутыг судлах шаардлага гарчээ.

Хойд түгээлтийн сүлжээ

Афганистаны хойд талаас Төв Азийн “стан” орнуудаар дамжуулж хангамж хийхийг ингэж нэрлэж байв. Уг сүлжээний эхний маршрут нь Балтийн тэнгисээс эхлэлтэй ОХУ-ын нутаг дэвсгэрээр төмөр замаар транзит хийх юм. Хоёр дахь нь ОХУ-ын Алс дорнодын Владивосток боомтоор дамжуулан Транс-Сибирийн төмөр замаар тээж Казахстан ороод цаашилж байжээ.

Гол транзит төв нь Киргизстаны Манас нисэх буудал дахь АНУ-ын бааз байсан ч ОХУ-ын шахалтаар Киргизстан 2014 онд тус баазыг хааснаар энэ сүлжээнд тавих найдлага багассан. Энэ нь ОХУ-д АНУ эдийн засгийн хориг тавьсан үетэй ч давхцаж байгаа юм. ОХУ ч Афганистантай хиллэж буй Төв Азийн орнууддаа нөлөө ихтэй тул транзит тээврийг хориглох шахалт хийх боломжтой юм.

Оросууд өөрийн нутгаар дамжих цэргийн тээврийн коридороо 2015 оны хавар хааснаар АНУ-ын түгээлтийн сувгууд цөөрч ирсэн байна.

Энэ үеэс гурав дахь маршрутаар түгээлтийг эрчимтэй хийжээ. Европоос хүнд тээврийн ачааны машинаар Болгар – Турк – Кавказын орнууд хүрч, улмаар Каспийн тэнгисээр дамжин Казахстанаар маш тойруу замын авто тээврээр үргэлжлүүлэн Киргиз, Тажикаар дамжин хүрэх үндсэн гол маршрут юм. Уг маршруттай нийлэх тэнгисийн зам нь Газар дундын тэнгисээр дамжин Туркийн Инсирлик боомтод хүрч, тэндээсээ төмөр замаар Азербайжаны Баку хүрч байсан. Мөн Газар дундын болон Хар тэнгисээр дамжин Гүржийн Поти боомтод хүрч тэндээсээ газрын тээвэрт шилжиж байсан чиглэл ч бий. Казахстан сүүлд 2018 онд Каспийн тэнгис дэх Курык боомтоороо дамжуулан НАТО-ийн хангамжийг авто тээврээр илүү дөт замаар тээвэрлэх маршрут нээсэн байдаг.

Галт зэвсгийн дийлэнхийг Персийн булангийн боомтуудад далайгаар тээвэрлэж, тэндээсээ Афганистан руу агаараар хүргэдэг байж. Туркийн Инсирликээс агаарын гол коридор эхлэлээ авч байсан нь сүлжээний зурганд тодорно. Мөн эхний жилүүдэд Европт байгаа баазаас цэрэг, зарим цөөн тооны хангамжийг Киргизстаны Манас нисэх буудлаар дамжуулан хийж иржээ.

Харьцуулалт

Хангамжийн сүлжээнүүд

Хойд түгээлтийн сүлжээний сул тал нь Пакистанаар транзит хийх маршруттай харьцуулахад тээврийн зардал 2-3 дахин их байжээ. Хойд сүлжээ нь хэдий аюулгүй, тогтвортой ч, 16 орчим орноор дамжих учраас олон хилээр гарч, хугацаа алдаж урт зам туулах сул талтай байсан. Өмнөд сүлжээгээр 8-11 өдөрт хүрч байхад, Хойд сүлжээгээр 60 өдөрт хүрч, зургаа дахин их хугацаа зарцуулж байв.

Пакистанаар дамжих хангамжийн маршрутын нэг сарын өртөг 17 сая ам.доллар байхад Хойд түгээлтийн сүлжээний өртөг 104 сая ам.доллар байсан гэсэн тооцоолол ч байна.

Дайны санхүүжилт

АНУ-ын Брауны их сургуулийн тооцооллоор АНУ уг дайнд 2001 оноос хойш нийт 2.3 их наяд ам.доллар зарцуулжээ. Үүнээс нэг их наяд ам.долларыг дайны үйл ажиллагаанд гаргасан бол 530 тэрбум ам.доллар нь Засгийн газраас дайныг санхүүжүүлэхээр авсан зээлийн хүүгийн төлбөр байна. Нийт дүнгээрээ дэлхийн найм дахь том эдийн засаг Италийн ДНБ-ийг ч давжээ. Уг тооцоололд ирээдүйд төлөх зээлийн хүү, ахмад дайчдын нийгмийн халамжийн төлбөр ороогүйг анхаарууштай. Уг зардал 2048 оноос өндөрсөж, 2050 он гэхэд зургаан их наяд ам.доллароос давахыг мэргэжилтнүүд онцолдог.

Дайны хангамжийг Батлан хамгаалахын ханган нийлүүлэлтийн агентлаг нь олон улсын тендер зарлаж шалгарсан компанитай гэрээлэн хийдэг. Шалгарсан компани цаашаа хэд хэдэн дэд-гэрээлэгчтэй ажиллах нь элбэг. Зэвсгийн хангамжийг АНУ-ын томоохон корпорациуд, хоол хүнснийг ихэвчлэн Герман, Нидерландын компаниуд ханган нийлүүлж байсан.

Дубай дахь Anham FZCO компани л гэхэд зөвхөн 2020 онд Афганистаны хүнсний ерөнхий ханган нийлүүлэгчээр шалгарч, гурван тэрбум ам.долларын гэрээ байгуулж байв. Хэдий байршил нь Дубай боловч удирдлага нь барууныхан аж.

Тэгвэл нөгөө талд талибанчууд хэрхэн мөнгө босгож байв? Талибанчууд санхүүгийн өргөн сүлжээ байгуулж чадсаныг тэмдэглэе. Тэд Катар, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб зэрэг орнуудын болон Пакистаны хувь хүмүүсээс санхүүгийн ихээхэн тусламж авч байжээ. Нийт дүнгээрээ жилд 500 сая хүртэлх ам.долларын дэмжлэг авч байсныг мэргэжилтнүүд тооцоолсон. Эндээс Булангийн орнууд хоёр талд тоглож байсан нь харагдана. Засгийн газар нь Америкийн талд, зарим хөрөнгөтнүүд нь талибанчуудын талд.

Мөн хар тамхи болон эрдэс баялаг тэдний орлогын нэг томоохон эх үүсвэр юм. Хэдий эргэлзээтэй ч хууль бус хар тамхины бизнес нь талибанчуудын нийт орлогын 60 хүртэлх хувийг эзэлж байсан гэдэг. Хууль болон хууль бус жижиг уул уурхайн олборлолтоос жилд 10 сая орчим ам.доллар олдог байж. Түүнчлэн хяналтаа тогтоосон бүс нутгаар нь дайрсан худалдаачдаас татвар авдаг байжээ.

Нарийн тооцох боломжгүй ч Талибан хөдөлгөөний жилийн орлого 300 саяас 1.6 тэрбум ам.долларт хэлбэлзэж байсан бололтой. Үүнийг 20 жилээр тооцоход 19 тэрбум ам.доллар гарах бөгөөд АНУ-ын нэг их наяд ам.доллартай жишихэд даруй 53 дахин бага байна.

Дүгнэлт

Израилийн цэргийн түүх, стратегийн мэргэжилтэн Мартин Ван Кревелд “Дайны ханган нийлүүлэлт” номдоо “Дайны бизнесийн 9/10 хүртэлхийг логистик эзэлдэг” гэж дурдсан. Логистикийн зам урт, бартаа ихтэй бол цаг хугацааны олонлогт ямар ч том гүрнийг сөхрүүлнэ.

Тээвэр нь олон орныг дамжвал тэдэнтэй харилцах улс төр, эдийн засгийн харилцаанд асуудал гарахад л тэдгээр улс эргээд хаалт тавих эрсдэлтэй юм.

Афганистан нь уулархаг нутагтай, эрс тэс уур амьсгалтай, авто замын сүлжээ муу хөгжсөн учир логистикийн үйл ажиллагаанд үлэмж саад учруулсан нь илэрхий. Энэ нь хангамжийг удаан хугацаанд хийхэд асар их зардал шаардаж, супер гүрэн Америкийг туйлдуулжээ.

Эдийн засагч Б.Майнбаяр

 

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x