Койны халуурал, сургамж | Mongolian Economy

0


Коронавирусийн цар тахалтай зэрэгцэн санхүүгийн тахал болж дэгдсэн  нэг зүйл бол койны наймаа. Цахим мөнгөний арилжаанд эргэлт буцалтгүй орсон иргэд өнөөдөр ч идэвхтэй гүйлгээ хийсээр байна. Криптовалют буюу койн нь блокчэйн сүлжээнд бүртгэгдсэн цахим мөнгийг хямдарсан үед нь худалдан авч, өссөн үед нь зарж мөнгөө хэд дахин үржүүлэх боломжтой гэх ядмаг ойлголттой маш олон иргэн төрөл бүрийн койныг гар таталгүй худалдан авснаар энэ төрлийн мэдлэгтэй эрхмүүдэд “хувийн тоглолт” хийх боломж олгосон гэдэг нь өнөөдөр тодорхой болж байна. Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) судалгаанаас үзвэл манай улсад 59 койн зах зээлд гарч, виртуал хөрөнгийн 23 үйлчилгээ үзүүлэгч буюу платформ бий болсон байна. Эдийн засагч Ц.Лут-Очир “Крипто зах зээл одоогоор 1.7 их наяд ам.доллар алдаад байна. Харьцуулахад, 2008 оны “sub-prime mortgage crisis” буюу дэлхий нийтийг хамарсан орон сууцны хямралын шууд хохирол 1.3 их наяд байсан. Энэ удаагийн онцлог нь том банк, санхүүгийн байгууллагууд биш хувийн хөрөнгө оруулалт, залуус голцуу өртлөө” хэмээн цахим хуудсандаа бичжээ. 

Гэхдээ цахим зах зээлийн хямралд ганцхан монголчууд өртөөгүй. Биткойны ханш 2021 оны арваннэгдүгээр сараас хойш 50  хувиар унасан бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр оргилдоо хүрээд байсан Terra (LUNA) 99 хувь унаж, нэг ам.доллар хүрэхгүй ханштай болжээ. Крипто биржийн “тоглогчид” койнуудын ханш ийнхүү унаж байгааг цар тахлаас үүссэн эдийн засгийн хямрал, Орос-Украины дайн, валютын ханшийн савлагаатай холбож байгаа бол СЗХ-ны мэргэжилтнүүд техникийн болоод хууль эрхзүйн хувьд бүрэн бэхжээгүй цахим мөнгөний бирж дээр их хэмжээний эрэлт үүссэнтэй холбон тайлбарлаж байна.

Тус байгууллага өнгөрсөн оноос хойш нийт 14 удаа мэдэгдэл гаргаж, үүсэж болзошгүй эрсдэлийг сануулсаар ирсэнийг дурдах ёстой. Манай иргэд койны хөөсрөлд автсанаар яг хэдэн төгрөг “тавьж туусан”-ыг нарийн тооцоолох боломжгүй. Гэхдээ эдийн засагчдын тооцоолж буйгаар энэ дүн хоёр их наяд төгрөгт хүрсэн байх магадлалтай аж. Бусад хөрөнгө оруулалтын хэрэгслээс ялгаатай нь долоо хоног 24 цагийн турш арилжаалагдах боломжтой койн нь үнийн савалгаанд маш их өртөмтгий. Үүнийг нотолгоог төгрөгөөр худалдаалсан хамгийн өндөр эрэлттэй койнууд хэр их хэмжээний уналттай байгааг хүссэн крипто биржийн сайт-аас харж болохоор байна.

Голлох койны ханшийн өөрчлөлт

 Блокчэйн технологи гэж юу вэ?

Блокчэйн технологи нь бүртгэлийг дундын зуучлалгүй баталгаажуулах прецессийн автомат хувилбар гэдгээрээ ирээдүйд маш олон төрлийн хэрэглээний боломжийг агуулж байна. Энгийнээр хэлбэл, цахим төлбөр тооцооны дэд бүтэц болно гэсэн үг. Блокчейн технологийг зөвхөн койноор төсөөлж болохгүй. Технологи хөгжихийн хэрээр хүссэн хүсээгүй бид блокчэйн технологиор дамжуулан санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломж нээгдсээр байна. Жишээлбэл,  моргэйжийн зээл, уламжлалт хөрөнгийн бирж дээр арилжаалагдах хувьцаа болоод бонд зэрэг бүтээгдэхүүн ч крипто бирж дээр крипто валют хэлбэрээр арилжаалагдах боломжтой. Хамгийн гол нь эрхзүйн зохицуулалттайгаар олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай.

Эрхзүйн орчин

Аливаа улс орон зөвхөн хуулиар хүлээн зөвшөөрсөн мөнгөн тэмдэгт, гадаад валютаар арилжаа хийдэг. Тэгвэл хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй цахим мөнгө гэгч иргэдийн санхүүгийн харилцаанд хүч түрэмгийлэн орж ирсэн тул тохирох хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлэх шаардлага үүслээ. Ихэнх койн, токен хууль ёсоор зөвшөөрөгдсөн төлбөр тооцооны хэрэгсэл биш. Гэсэн ч урамшуулал, купон, хөрөнгөөр сольж болох эрхийн бичиг хэлбэрээр хэрэглээнд нэвтэрсэн. Тэр байтугай зарим койныг хязгаарлагдмал биш хэлбэрээр олон хүн ашиглах боломжийг бүрдүүлсэн нь тухайн койн, токеныг илүү эрэлттэй болгов. Товчхон хэлэхэд хууль бус тооцооны хэрэгсэл хүчээ авсан нь хууль бус үйл ажиллагаа эрхлэгчдэд мөнгөө угаах боломж олгосон байж ч болзошгүй. ФАТФ-аас 2021 оны аравдугаар сард гаргасан зөвлөмжид криптовалютыг шууд хориглолгүй, аажим нэвтрүүлж, алдаа дутагдлыг тухай бүр зохицуулах арга хэмжээ авах шаардлагатай талаар дурдсан байв. 

Монгол улс энэхүү зөвлөмжийг дагасан хууль эрхзүйн өөрчлөлт хийхээр төлөвлөж “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийг 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр батлагдсан. Товчхондоо энэ хуулиар бол СЗХ-д бүртгэгдсэн ААН койн гарган арилжаанд оруулах, бирж нээх эрхтэй бөгөөд бүртгүүлээгүй бол хууль бус гэж үзнэ гэсэн заалттай. 

Зарим улс энэ төрлийн гүйлгээ, үйл ажиллагааг шууд хориглож, хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байна. Тухайлбал,Япон, Сингапур улс криптовалютад илүү уян хатан хандаж байгаа бол Хятадад анхдагч зах зээл дээр койн гаргахыг хориглож, криптовалютын талаарх зохицуулалтыг олон хуульдаа хэсэгчилж оруулсан. Австри, Австрали, Франц, Малайз зэрэг улс мөнгө угаахтай холбоотой зохицуулалтыг хийж байгаа бол Бразил, Бельги, Индонез улсад бүрэн хоригложээ. 

Манай улсын хувьд койны арилжаагаар далимдуулан мөнгө угааж болзошгүй гэдгийг саяхан гэнэт ухаарч ТЕГ болон бусад холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг виртуал хөрөнгийн арилжаа эрхлэгчдийг шалгаж эхэлсэн. Шалгалтын явц, үр дүнгийн талаар одоогоор тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Мэдээж эл шалгалт манай тагнуулын байгууллагын цахим технологийн чадамжийг сорьсон ажил болох нь гарцаагүй. Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг “Мэдээж зохицуулалт хэрэгтэй. Терроризмыг санхүүжүүлдэггүй юм гэхэд мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэх ёстой. Тэр ч утгаараа тагнуулын байгууллагатай хамтарсан Засгийн газрын ажлын хэсэг виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явуулж буй иргэд ААН-ыг шалгах ажил үргэлжилж байна” гэжээ. 

Тэрбээр нэмж хэлэхдээ “Ард санхүүгийн нэгдлийн хувьд виртуал хөрөнгө гэж нэрлэдэггүй байх үед энэ салбарт орж, иргэдэд урамшуулал хэлбэрээр олгож, буцааж худалдаж авах, хөрөнгөөр солих зэрэг байдлаар бизнесээ үргэлжлүүлж байсан. Манай DAX бирж дээр маш олон хүн гүйлгээ хийж, виртуал хөрөнгийн харилцаанд орж нэг жилийн дотор томоохон татвар төлөгч болсон. Иргэд виртуал хөрөнгийн харилцаанд эргэлт буцалтгүй орсон. Иймд хуулиа илүү чамбайруулах, илүү нарийвчлан авч үзэх шаардлага байна” гэсэн юм. 

Харин эл асуудлыг хариуцах ёстой гол байгууллагын нэг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн “Манай хорооноос хууль тогтоомжид заасан шаардлагууд зөрчигдөх, хороонд  бүртгэлгүй этгээд шилжилтийн үеийн зохицуулалтыг зөрчиж арилжаа зохион байгуулах, виртуал хөрөнгийг хувьцаа мэтээр нийтэд сурталчилж, хууль бус үйл ажиллагаа үйлдэгдэх эрсдэл нөхцөл байдлыг илрүүлж нэр бүхий нэг хуулийн этгээдэд мэдэгдэл, хоёр хуулийн этгээдэдхугацаатай үүрэг даалгавар өгч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллаж байна” гэлээ.  

2022 оны нэгдүгээр сараас хойш шинээр койн гаргаж арилжаанд оруулахыг хориглосон ч иргэд өмнө нь худалдаж авсан койноо зарах , дахин худалдаж авах, олон улсын зах зээл дээр арилжаа хийх эрх нээлттэй байгаа.

2017-2021 онд олон шатлалт пирамид тогтолцооны аргаар үйлдэгдсэнэж байгаа гэмт хэргийн улмаас 27.4 тэрбум төгрөгийг монголчууд гадагшаа алдсан.

Харин виртуал хөрөнгийн арилжаа бол пирамид тогтолцооны аргаар иргэдэд өндөр ашиг амлан залилж буй хэрэг биш учраас цагдаагийн байгууллага хянах боломжгүй. Товчхондоо, та койн худалдан авсан шийдвэрийнхээ ашиг хонжоо болон эрсдэлийг хар толгойгоороо хариуцах юм. Койн бол ашиг олох зорилгоор хялбархан хийж болох хөрөнгө оруулалт биш гэдгийг монголчууд сүүлийн нэг жилд өндөр үнээр ухаарч  байна.

 

 

 

 

 

 



Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x