Ким Сон Чоль: Монголчууд дотооддоо 100 хувь жимс хүнсний ногоогоо хангаж, экспортлох боломжтой

0

Ногоон Ази сүлжээ ТББ-ын зөвлөх Ким Сон Чольтой ярилцлаа.

Юуны өмнө Монгол улсыг зорин ирж, ажиллаж амьдарч байгаад талархаж байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Би Монголд ирээд 22 жил болж байна. Анх “Ионсей Найрамдал” эмнэлгийн инженерээр ирж, 3 жил болоод 2002 оноос Хүрээ дээд сургуульд багшаар ажиллаж эхэлсэн. Харин 2001 оноос бүх төрлийн хүнсний ногоог тарьж ургуулж, судалгаа хийж байгаа. 5 жилийн өмнөөс “Ногоон  Ази сүлжээ” ТББ-ын усалгааны систем, тог цахилгаан, худаг, хүнсний ногоо тариалах зэрэг ажлуудад зөвлөхөөр ажиллаж байна.

-Монголд амьдрах хүсэл яагаад төрсөн юм бэ?

-34 настай залуу анх ирж байлаа. Миний үндсэн мэргэжил компьютер, цахилгаан автомативийн инженер. Монгол надад таарна, миний мэргэжил биш ч “Би ногоогоо тарина” гэж бодсон. Яагаад гэвэл Монгол хүн бүр мал хариулж чадна. Чадахгүй ч хэсэг хугацааны дараа бүгд л мал маллаж чаддаг болсон байна. Түүнтэй адил Солонгос хүн бүр ногоо тарьж чадна. Тиймээс Солонгост миний хийх ажлаас ихийг Монголд хийнэ гэдэгтээ  итгэж, мэдэрч байсан учраас удаан хугацаанд амьдарч байна. Их ажил хийхээр зорьсон. Хүссэнээрээ хангалттай их ажил хийж явна.

Шантрах үе байсан уу?

-Өнгөрсөн 22 жилийн хугацаанд онож, алдах зүйл их байсан. Болж бүтэхээсээ илүү бүтэлгүй тохиолдол нь олон байлаа Тэр алдаанаасаа суралцаж явсны хүчинд би өнөөдөр ийм үр дүнд хүрсэн байна. Би ямар нэг юм эхэлсэн бол эцсийн үр дүнг нь үзэж байж санаа амардаг зантай. Эхлүүлсэн бол дуусгах хүсэлтэй зан чанар маань ч нөлөөлсөн байх.  Ингээд хийж болохгүй бол өөр аргаар хийж үзье гэж маш олон аргаар туршиж, үзсэн.

-Ногоон Ази Сүлжээ ТББ-ын усжуулалтын чиглэлд зөвлөгөө өгч байгаа гэсэн дээ. Солонгосын болон Монголын уур амьсгал эрс ялгаатай. Байгалийн тогтоц,  усны нөөц боломж нь газар бүрт өөр байгаа болов уу?

-Улс орон болгоны цаг уур, уур амьсгал ялгаатай учраас тариалалт хийх аргууд нь өөр байдаг. Тиймээс шууд Солонгос арга технологийг Монголд нэвтрүүлэх гэж зорьдоггүй. Харин Монголын цаг агаарт тохирсон арга барил, тзхнологи гаргахад анхаарч ажилладаг. Ер нь Монголд хүнсний ногоо, мод тарих нилээн хэцүү, амаргүй гэж болно. “Ногоон Ази Сүлжээ”-ний ойжуулалтын талбай болгон өөрийн гэсэн онцлогтой. Зарим нь гүний ус ихтэй ч гадрагын нөөц багатай. Зарим хөрс нь шаварлаг байдаг тул тухайн орон нутгийн нөхцөлд тохирсон усалгааг яаж хийх вэ гэдгийг маш сайн төлөвлөсөний үндсэн дээр хийдэг. Тэр утгаараа усалгааны системийг угсрах, байрлуулах арга технологиуд нь өөр өөр байдаг.

-Усалгааны системийг үйл ажиллагаандаа ашиглах нь монголчуудын хувьд харьцангуй шинэлэг, шилдэг туршлагуудын нэг. Өөр хүмүүс зөвлөгөө авъя гээд танд хандаж болох уу?

-Надаас асууж сонирхвол би Facebook цахим хуудсаараа зөвлөгөө өгөөд л явдаг. Ер нь хэн нэгэн энэ талаар асууж сонирхвол би татгалзахгүй хэлж өгнө.

-Усалгааны системээр мод услах нь мэдээж хөдөлмөрийг хөнгөвчилж, усыг ч хэмнэж байгаа. Энэ тал дээр тооцоо судалгаа байдаг уу?

-Мэдээж олон сайн үр дүн гарна. Хамгийн чухал нь зөвхөн тэр модонд шаардлагатай усыг өгдөг. Өмнө нь шланкаар усалдагтай харьцуулвал усыг 3 дахин хэмнэнэ. Модыг суулгахдаа л дуслын усалгааг байрлуулаад явчихвал ургах чадвар 95 хувьтай болж, усыг маш үр дүнтэйгээр зарцуулах боломж бүрддэг. Харин сүүлд нь усалгааг шийдвэл ургах чадвар 90-ээс доош хувьтай байдаг. Мөн модны үрсэлгээ их чухал. Үнэхээр сайн суулгац байгаад дуслын усалгааны систем нэвтрүүлсэн бол 100 хувь ургана. Жишээ нь чацарганы модыг шланкаар услах арга хэрэглэвэл жимсний томролт нь илүү сайн байдаг. Гэхдээ нааш цааш шланкаа татах үедээ замд таарсан бусад модоо гэмтээдэг тул дуслын усалгааны систем нь үр дүнтэй арга. Монгол сүүлийн  үед ажиллах хүчний хомсдолд орж, ажил хийх хүн бага болсон. Тэгэхээр энэ арга нь олон хүн ажлуулахгүй цөөхөн хүнтэйгээр модыг услах, арчлах давуу талыг бий болгоно.

-Монгол Улсын Ерөнхийлөгч нэг тэрбум мод тарих уриалга гаргасан. Монгол орны хаана ч мод тарьсан энэхүү дуслын усалгааны системийг нэвтрүүлвэл үр дүнтэй санагдлаа?

-Мод ургуулна, услана гэдэг 1-2 жилийн асуудал биш. Урт хугацааны төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Хүнсний ногоог хавар тариад намар нь хураан авдаг. Харин чацаргана зэрэг жимсний мод тариалахад 3-5 жилийн дараа л жимс гарна. Монгол 3 сая 200 мянган хүн амтай. Тэгвэл тэрбум модыг юугаар яаж усалгаа хийх вэ. Хэдэн  хувингаар усалвал болох вэ. Усалгаа хийхгүй бол юу болох билээ. Магадгүй VI сард бороо орохгүй бол тарьсан мод бүгд үхнэ. Хувингаар  усалгаа хийнэ гэвэл нэг хүн өдөрт хичнээн модны усалгааг хийж чадах вэ. Тиймээс усалгаа хийх төлөвлөгөө байх хэрэгтэй. Мөн ямар мод тарих вэ гэдэг нь их чухал. Улиас уу? Улиасыг  их хэмжээгээр тарьвал “гай” болно. Хөвөн хийснэ. Хүүхдүүд асаагуураар нэг асаагаад л гал түймэр гарна. Дээр нь улиас усалгаа их шаарддаг онцлогтой тул тийм ч сайн сонголт биш. Гэхдээ Монголд ямар ч байсан мод тарих хэрэгтэй. Гол нь мод тарьсан хүндээ ашиг их өгөх ёстой. Ашиггүй бол энэ жил тариад дараа жил усалгаа хийхгүй мод хатна, тэрбум мод бүгдээрээ үхнэ. Иймд ямар мод тарьвал Монгол гоё болох вэ гэдгийг төлөвлөсөн алсын хараагаа гаргах хэрэгтэй. Гэхдээ мод тариад ашиг байна уу. Та юу гэж бодож байна?

-Жимсний мод тарих нь ашигтай гэж хүмүүс боддог?

-Мод тариад, таван хошуу малаа хариулж амьдрахаас дутахааргүй ашиг их байна гэж харвал хүн хийнэ. Ашиг жил бүр ирнэ гэж бодвол илүү сайн усална. Тэгвэл Монголын бүх газар модтой болно. Гоё болно. Модтой болчихвол цаг агаар ч өөр болно. Дулаахан, агаар цэвэршинэ, элс шороо шуурахгүй болно. Энэ жил аймаар байсан. Шуурга боссон. Түүнийг зогсоох хэрэгтэй. Мод тарихаас өөр арга байхгүй. Гэхдээ хүмүүс ихэвчлэн чацаргана тарьж байгаа ч жимсээ бүрэн хурааж авч чадахгүй байна. Тэгэхээр ашиг байна уу, байхгүй юу. Хурааж чадахгүй бол мэдээж ашиг байхгүй. 9. 10 сард амжиж хураах хэрэгтэй. Их оройтвол шувуу шүүсийг нь сороод дуусна. Их удаавал амт нь ч сонин болчихдог. Гол нь хүмүүс жимсний мод гээд чацаргана л тариад байна. Энэ зөв сонголт биш. Хураах хүн байхгүй. Тиймээс 7 сард, 8 сард, 9 сард хураадаг өөр өөр төрлийн мод тарих хэрэгтэй. Зунжингаа жимс хурааж, түүнийгээ зарж борлуулаад ашигтай болно.

Чацаргана түүхэд их ядаргаатай жимс. Маш хурдан хөдөлгөөнтэй хүн өдөртөө 12-15кг түүгээд маргааш нь ядарна. Дээр нь гараа хатгуулна. Бас чацаргана тийм ч их үнэ хүрдэггүй. Чацарганаас илүү үнэ хүрдэг, түүхэд хялбар жимс олон бий. Салхийг нь хамгаалж, салхины мод эхлээд тарих хэрэгтэй. Салхитай газар хүнсний ногоо, жимсний мод сайн ургахгүй. “Ногоон Ази Сүлжээ” ТББ маш зөв аргаар мод тарьж байгаа. Захаар нь салхинаас хамгаалдаг  улиас, хайлаас тарьж, гол руу нь жимсний мод тарьдаг. Одоогоор салхины хамгаалалтын мод нь жижигхэн байгаа ч 5-10 жилийн дараа том болно. Тэр үед жимс илүү их гарна. Монголд эзэнгүй хоосон, элс шуурч цөлжсөн газар маш их бий. Элсний нүүдлийг зогсоохын тулд маш их хөрөнгө мөнгө шаардагдана. Одоо хамгаалж эхлэвэл хурдан үр дүн гарна. Газрын доройтлыг сайжруулахын тулд мод тарьж байгаа байршлуудыг очиж харсан.

Мод тарьсан газар элсний нүүдэл зогссон талаар нутгийнхан нь хэлдэг. Олон газрыг ийм болгомоор байна. Хүчээр үүнийг хий, мод тарь гэвэл монголчууд  дургүй. Харин энд ийм мод тарьвал ашиг байна гэж ойлговол, тийм нүдээр  харвал битгий гэж хэлсэн ч хийнэ. Ямаа бэлчээрийг талхалдаг ч ноолуурт нь болоод тэжээж байгаа малчдыг буруутгаж болохгүй. Тиймээс ямааны ноолуураас жимс үнэтэй болно гэж бодвол хүмүүс мод тарина.  “Ногоон Ази”-ийн жишиг загварыг Монголын олон газарт нэвтрүүлж, хүмүүс хийж эхэлвэл элсний нүүдэл зогсч, газрын доройтол буурна. Маш олон хүний хүч хөдөлмөр шаардлагатай. Тиймээс сайн төлөвлөгөө боловсруулж, ганц нэг газар биш, олон газар цөөн хүний хүчээр үр дүнтэй тариалалт хийх нь чухал юм.

Монголд ямар жимсний мод тариалах боломжтой вэ?

-Гоё жимсний мод дэлхий даяар зөндөө байна. Харин Монголд хааяа -45хэм хүрдэг. Ийм өвөл мод хөлдөнө, үхнэ. Тиймээс “Ногоо Ази”-тай хамтраад хүйтэнд хөлдөхгүй, үхэхгүй гоё жимс гардаг мод юу байна. Ямар мод сайн ургах боломжтой вэ гэдэг судалгаа хийж, эхнээсээ үр дүн гарч байгаа. Бидний тарьсан шинэ жимс гараад эхэлвэл “Ногоон ази сүлжээ”-ний хэмжээнд нэвтрүүлэх талаар ярилцаад, Монголд  нутагшуулах боломжтой жимсний модны туршин тарилтууд хийж байна. Мэдээж чацарганыг бүх газар тариалж болно. Харин бид чавганы, нэрсний мод тарихаар судалсан, амжилттай яваа. Нэг чухал асуудал бий. Монголын хүн ам 3 сая 200 мянга. Цөөхөн байна. Бүгдээрээ мод тариад жимс гарлаа. Борлуулах зах зээлгүй болно Тиймээс экспорт хийх боломжтой жимсний мод тарих хэрэгтэй гэж би боддог. Хатаах, жүүс хийх эсвэл дотор үрнээс нь тос гаргаад экспортолж болно.

Бидний туршиж буй жимсний моднууд ургаад, үр жимсээ өгч, ашиг их гарахаар монголчууд сонсоно. Ямар аргаар тариалсан гэдгийг харна. Тэгээд бүгд дууриагаад хийж болно шүү дээ. “Ногоон Ази”-ийн жишиг загвараар дамжуулан амжилттай туршлагуудаа хуваалцах хэрэгтэй. Модыг яаж эдийн засгийн үр ашигтайгаар тарих вэ, хүмүүсийн амьдралд дэмжлэг болгох вэ гэдгийг харуулах хэрэгтэй. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаас нь харж төлөвлөгөө гарган туршлагуудаа хуваалцвал хүмүүс янз бүрээр хийж үзэж, туршиж цаг алдаж бүтэлгүйтэхгүй үр дүнд илүү хурдан хүрнэ шүү дээ.

-Монголын хөрсөнд тохирсон мод, ургамал тарих хэрэгтэй гэдэг. Манай хөрсний чанар ямар байдаг вэ?

-Монголын хөрс маш сайн ч хатуу байдаг. “Ногоон азийнхан” том өрмөөр цоолж нүхлээд, зөөлөн хөрс хийж модоо тарьдаг нь их сайн ургадаг. Нэмээд усалгааг л зөв шийдчихэд болно. Өөр асуудал байхгүй. Усалгааны янз бүрийн арга бий. Хямдхан хийж болно, үнэтэй ч хийж болно. Гэхдээ мэдээж чанарын ялгаа гарна. Голын хажууд мод тарьдаг хүмүүс ус урсах нарийн зам татаад усалж болно. Тэр аргаар их амархан модыг услана.

Яг тухайн орчинд, тэр модондоо тохирсон аргаар усалгааг шийдэж болно. Заавал усалгааны систем гэдэгт баригдах хэрэггүй. Гэхдээ усалгаа систем ажлыг хөнгөвчилж, үр дүнг нэмэгдүүлнэ. Монголд хэдэн зуун мод тариад бороо орохгүй бол гараар усалгаа хийх хэрэгтэй болно. Магадгүй зуун мянган мод услана гэвэл хэдэн хүн хэрэгтэй вэ. Өдөржин мод услаж таарна. Тэгвэл ажлын 5 хоногтой. 10 хүн байхад өдөртөө 15 мянган мод услана. 100 мянган мод байвал хэдэн хүн хэрэгтэй вэ.  Маш их цаг хугацаа шаардсан ажил болно. Хэн цалинг нь өгөх вэ.

-Тариалалттай холбоотой Монголчуудад хэлмээр зүйлс байгаа юу?

-Дэлхий даяар хүнсний ногоо, жимс үнэтэй болж байна. Хүнсний ногоо, жимс цаашдаа улам л үнэтэй болно. Монголын өвөл хүйтэн, зун богино, бороо бага ордог ч ус хангалттай бий, Гүний болон гадаргын ус байна. Гол нь газар нутаг хичнээн том билээ. Ногоо жимс тарьж болно. Монголд ургадаг жимс, хүнсний ногооны чанар маш сайн. Хор байхгүй. Чанартай хөрсөнд ургасан жимс, хүнсний ногоогоо экспортод гаргах хэрэгтэй. Гэтэл одоо 70 хувийг импортоор авч байна. Хил хаагдлаа гээд сандарч байна.

Миний таньдаг наймаа хийдэг хүн бүр танайд ямар ногоо байна, үнэ хамаагүй худалдаж авъя гэсэн. Энэ жил ногоо, жимс их үнэтэй байна. Магадгүй дараа жилээс зөндөө олон хүн ногоо тарих болов уу. Хэдэн жилийн дараа монголчууд дотоодын хэрэглээгээ 100 хувь хангадаг болж, илүү гарснаа экспортод гаргахад анхаарах хэрэгтэй. Монголд бүх боломж байгаа. Гол нь зөв зохион байгуулалт хэрэгтэй. Улсаас “Ямар ногоо тарих  вэ” гэдэг төлөвлөгөөнд тохирсон технологийг нь нэвтрүүлэх, ногоо тарих хүсэлтэй иргэдээ сургах хэрэгтэй байна. Харамсалтай нь тийм төлөвлөө, технологи алга.

-Тариалахад амархан гээд төмс голдуу тарьдаг. Гэхдээ намар хураан авах хүн хангалттай олдсонгүй “Хөлдөөчихлөө” гэж ногоочид харамсах нь бий?

-Төмс тариалахдаа ч зөв биш байна. Миний судалгаагаар 1га газарт усалгааны систем тавиад төмс тариалахад 50тонн гарах ёстой. Харин монголчууд 10-15 тонн авдаг. Энэ бол бага тоо. Тийм учраас ашиг байхгүй гэдэг. Төмс хураадаг сайн комбайн байхад цөөхөн  хүн хураалтад оролцоно. Улсаас тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Дандаа хүний хүчээр буюу хүүхдүүд, оюутнуудыг голдуу ажлуулдаг. Тэд ядарна. Ажлаа хүнд гээд хийхгүй. Олон хоног зарцуулах тусам зардал их гарна. Хүн зовоосон ажил учраас хүмүүс хийхгүй байгаа юм. Үнэндээ монгол төмсний чанар маш сайн. Экспортоор үнэтэй гаргах бүрэн боломжтой. Харин тэгтэл хураан авах боломжгүй гэж хараад байна. Харамсалтай.

-Монгол ногооны давуу тал их гэж үү?

-Тийм. Монголд хор хийхгүйгээр ногоо тарьж болдог. Солонгос Япон болон бусад улс оронд хортон шавьжнаас хамгаалж, ямар нэгэн хор цацахгүй бол хорхойд идэгдэж дуусна. Энэ бол маш том давуу тал.

Дэлхийд сурталчилахад ч давуу тал болох нь ээ?

Тэгэлгүй яахав. Янз бүрийн хорхой Монголын өвөлд хөлдөөд үхчихдэг. Солонгос дулаахан учраас үхэхгүй. Өвөл хүйтэн гэдэг сул тал ч сайн бодвол давуу тал болж чадна.

-Монголоор хэр их аялдаг вэ, хамгийн ихээр сэтгэлд хүрсэн газар?

-Ногоо тарихад Сэлэнгэ аймаг маш сайн. Байгаль гоё газар нь Хөвсгөл аймаг.

-Солонгосын хойгийн дайны үеэр хамаг моднуудаа дуусгаад, дараа нь дахин моджуулсан тухай түүх байдаг. Модны холтостой холбоотой?

-Нарс модны гадна хайрс нь хар өнгөтэй. Тэр хальсыг авахад дотор нь цагаан хальс бий. Тэр үед хүнс ховордож, хар хальсны дотор талын цагааныг нь иддэг байсан. Нэг модноос идэх юм хэр их гарах билээ. Маш бага гарах учраас нарс модыг тайрч, жаахан цагааныг нь авч, үлдсэн нь түлээний мод болдог байсан. Модгүй болсон. Би ч идэж үзсэн.

 -Тэр хүнд үед хүмүүст ямар мэдрэмж төрдөг байсан бол?

-Уул модгүй болж болохгүй гэж хэн ч боддоггүй. Өлсөж байгаа учраас идэж болохоор бүхнийг л иднэ. Гэхдээ модгүй болвол үер бууж, салхи шуурга дэгдэж, байгаль дэлхий таагүй болох учраас “Уулын модыг түлээний мод болгож болохгүй, үхсэн модыг л түлээ болго” гэсэн хууль гаргасан. Монголд ч мөн адил тийм хуультай.  Тэр цагаас хүн болгон жил бүр мод тарьж, одоо Солонгос битүү модтой, үер болохгүй, их бороо орсон ч моднууд усыг шингээгээд авчихдаг болсон. Харин Монголд жаахан бороо ороход ямар аймаар үер болж байна.

Лүнгийн зам?

-Тийм. Лүнгийн зам том жишээ. Хойд талд нь мод тарьвал зүв зүгээр болно. Хэн хийх вэ гэдэг нь их чухал. Гэтэл жил бүр зам засдаг. Тэгээд ирэх жил дахиад л бороо орно. Тэгэхээр ашигтай, хэрэгтэй гэдгийг хослуулах хэрэгтэй. Жимсний мод тарьвал тарьсан хүмүүст нь ашиг гарна.

Монголчуудын сурах арга барил болон хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл нь хэр байдаг вэ?

-Солонгос хүн нэг харвал, нэг сонсвол хурдан сурдаг. Яагаад гэвэл хэдэн мянган жил өвөг дээдэс нь ногоо тарьсан. Өөрөө ногоо ургуулж үзээгүй ч аав ээж, өвөө эмээгээ харсан. Харин монгол хүн тийм биш ч 1-2 жил болоход маш сайн сурдаг. Манай компанийн хамт олон бүгд монголчууд. Ногоо тарьдаг мэргэжилтэн байхгүй ч маш сайн ажилладаг.

“Ногоон Ази Сүлжээ” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Шин Ги Ху  дарга “Миний зорилго бол Ногоон Монголыг бүтээх. Монгол ногоон болохыг харахыг хүсдэг” гэж байсан. Таны хувьд ямар бодол байдаг вэ?

-Миний хувьд Монголчууд дотооддоо 100 хувь хүнсний ногоогоор хангагдаж, дараа нь экспортлодог болохыг хармаар байна. Миний бодлоор Монголчууд 5-10 жилийн дотор дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж чаддаг болно. Цар тахал хүнсний ногоо, жимсээ импортоор оруулж ирж хэрэглэж байгаа гэдгийг маш сайн ойлгуулсан тул илүү  их ногоо тарих болов уу. Анх намайг ирж байхад төмс, сонгино, лууван байцаанаас өөр ногоог авдаггүй байсан. Одоо бол бүх төрлийн нарийн ногоог хэрэглэдэг болсон. Энэ нь эрүүл мэндэд ч тустай. Мах гурил төмс, хааяа будаа л голдуу иддэг байсан. Одоо хөдөө ч олон төрлийн ногоо иддэг болжээ.

-Монголд хамгийн анх ирээд хэцүү санагддаг байсан зүйл юу вэ?

-Хэлний асуудал. Одоо ч чөлөөтэй, сайхан ярьж сураагүй л байна. Өвөл их хүйтэн байсан ч одоо сурчихлаа даа.

Зарим хүмүүс Монголын хүйтэнд уйлдаг?

Хөдөө бүүр хүйтэн. Улаанбаатарт гайгүй ээ.

Монгол  хүний ямар зан чанар танд таалагддаг вэ?

-Хиймээр байвал маш сайн хийдэг. Хурдан хийдэг. Гол нь хиймээр байвал юу ч хамаагүй хийж чадна. Тиймээс мод тарихаар шийдвэл маш сайн тарина. Жишээ нь, тэтгэвэрт гарахад “Тэтгэврийн мөнгө” л авна. Харин мод тарьвал илүү их ашиг олж, мөнгөтэй болно гэдгийг ойлгочихвол мод тарина. Нэг тариад дуусах биш, жил бүр нэмээд тариад байхад л орлого дагаад нэмэгдэнэ.

Монголчууд маш азтай, сайхан нутгийнхаа эзэн гэдгээ заримдаа мэдрэхгүй байгаа мэт санагддаг. Танд тэгж хэлмээр санагдах үе гардаг уу?

-Солонгост их хэмжээгээр ногоо тарьмаар байвч газар байхгүй. Харин Монголд хиймээр байвал хүссэнээрээ тарьж болох асар уудам газар нутаг нь байна. Монголчууд ашиг байвал хийнэ. Ашиггүй гэвэл хийдэггүй. Гэхдээ үнэндээ буруу аргаар хийж байгаа учраас ашиг гарахгүй байгаа юм. Хүнсний ногоо, жимсний модыг ингэж тариалвал ашиг гарна гэж үзүүлвэл хүмүүс хийнэ.

Би жимсний модонд их дуртай. Нэрс жимсийг тарьж, экспортолж болно. Үнэтэй жимс. Тарьдаг хүн бараг байхгүй. Уул руугаа л явдаг. Байгалиа сүйтгэж, зэрлэг жимс түүдэг. Харин эрэлт ихтэй сайн сортын нэрс сонгоод тарьвал амттай, үнэтэй. Гол нь хураахад хялбар. Монгол нэрийг нь мэдэхгүй ч 7 төрлийн ашиг сайн гарах мод олсон. Хүйтэнд тэсвэртэй. Тэр моднуудаас жимс гараад эхлэхээр монголчуудад танилцуулна. Экспорт хийх аргыг нь зааж өгнө. Эхэндээ Сэлэнгэ аймаг, Төв аймагт тариалах бодолтой байгаа. Улаанбаатараас хойшоо аймгуудад бороо их ордог. Мод тарих газаргүй болчихвол баруун тийшээ явна. Тэр болгоны дараа Монгол ногоон болоход ойртоно.

Хүнсний ногоо тарьвал газар хагарна. Газар хагарвал шороо шуурна. Тиймээс заавал мод тарих хэрэгтэй. Ногоо тарьсан ч мод тарих хэрэгтэй. Тэгвэл газрын шимийг зөв, сайхан хүртэнэ. “Ногоон ази сүлжээ” ТББ Монголыг ногоон болгож, мод тарих хүсэлтэй байна. Миний хувьд тэр моддын хажууд хүнсний ногоо тарихыг хүсч байна. Монголын байгаль гоё. Ер нь бүх зүйл нь гоё. Монголчууд ихэвчлэн санхүүгийн асуудлаасаа болоод л “Амьдрах хэцүү байна” гээд мөнгө олохоор гадаад руу явах сонголтыг хийж байгаа. Гадаад руу явбал хэцүү шүү дээ. Ганцаараа явбал бүүр хэцүү. Харин эх орондоо гадаад руу явахаас илүү их орлоготой болох боломжтойг мэдчихвэл явахгүй. Тэгж болно. Мод тарьвал, ногоо тарьвал ийм боломж байгаа.

П.Нарандэлгэр

Эх сурвалж: “Ногоон Ази” сэтгүүл 2021 он

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x