“Капитал банк” ХХК-иас НДС, ЭМДС-гийн нэхэмжилсэн өр төлбөрийг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов

0


Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 23-нд болж, дарах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
 
“Капитал банк” ХХК-иас НДС, ЭМДС-гийн нэхэмжилсэн өр төлбөрийг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов
 
Татан буугдсан “Капитал банк” ХХК-иас Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт банкны эрх хүлээн авагчаас санал болгож буй хөрөнгийг тооцож авах асуудлыг шуурхай зохион байгуулах, шилжүүлэн авсан хөрөнгийг борлуулж, холбогдох санд төвлөрүүлэх арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод, энэ ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
Хураагдсан өмчийг нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах, хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж, төрийг хохиролгүй болгох ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа.
Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сард татан буулгахад Монгол банкны шалгалтын тайлангаар бусдад 624,6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоосон. ЭМДС, НДС-гийн нийт 240,3 тэрбум  төгрөгийн өр төлбөртэй гарсан, үүнээс одоо 166,2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
“Төрийн байгууллагыг хохиролгүй болгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Капитал банкны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 118 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөөс 45,8 тэрбум төгрөгийн хөрөнгийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт, 71,2 тэрбум төгрөгийн хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлж өгөхөөр, үлдэгдэл төлбөрийг Капитал банкны эрх хүлээн авагч нь зээлийн эргэн төлөлтөөр барагдуулна” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.
 
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам аравдугаар сард ашиглалтад орно
       Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээврийг эхлүүлэхэд шаардлагатай 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгож, зүгшрүүлэх тээврийг ирэх гуравдугаар сард багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажил 2019 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газар 37 байна. Тавантолгой нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд, зэс, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байна. Төмөр зам баригдсанаар орд газар эдийн засгийн эргэлтэд орж уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ.   
 
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн сонгон шалгаруулалтыг энэ сард хийнэ
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг шууд гэрээ байгуулах концесст оролцогчийн сонгон шалгаруулалтыг энэ хоёрдугаар сард багтаан дуусгахыг Худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхт, концессийн гэрээг байгуулж барилгын ажлыг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан эхлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт үүрэг болголоо.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн, Жининь-Хөххот-Бугат /1722 км/ тээвэрлэлтийн маршрутыг Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат /1404/ болгон өөрчлөх нь төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 км-ээр богиносон, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах боломж бүрдэнэ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2021 онд боловсруулсан техник эдийн засгийн урьдчилсан судаалгаагаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь нийт 269 км урттай, хоёр өртөө, хоорондын зам дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөгдөж, Зүүнбаян өртөөнд холбогдохоор урьдчилан тооцоолжээ.
Төмөр замыг 2022 оны аравдугаар сард ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.
 
“Монголын эдийн засгийн чуулган 2022” энэ оны дөрөвдүгээр сард болно
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ.
Амгалангийн дулааны станцын өргөтгөх төслийн бэлтгэл ажлын хүрээнд тендерийн үнэлгээний хороо энэ сард байгуулагдан тендерийн баримт бичгийг боловсруулж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлажээ.
Мөн дулааны IV станцыг 500 тн/ц уур үйлдвэрлэх хүчин чадалтай зуухаар өргөтгөх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн ТЭЗҮ-ийг энэ сард баталсан бөгөөд санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Хөгжлийн банкинд хүсэлт гаргаад байна.
Улаанбаатар хотод өвлийн оргил ачааллын үед дулаан хангамжийн сүлжээтэй хослон ажиллах дөрвөн хийн эх үүсвэр барихаар төлөвлөсөн. Хийн дулааны дөрвөн эх үүсвэр барих санхүүжилтийг улсын төсөвт үе шаттайгаар тусгуулан хэрэгжүүлнэ зэрэг төслүүдийн явцын талаар танилцуулгад дурдлаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын танилцуулгатай холбогдуулан  
“Монголын эдийн засгийн чуулга уулзалт-Шинэ сэргэлтийн бодлого” арга хэмжээ болон түүний хүрээнд үе шаттайгаар зохион байгуулах үндэсний болон орон нутгийн хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа.
 “Монголын эдийн засгийн чуулган-2022” дөрөвдүгээр сарын 7,8-нд болно. Долдугаар сард “Наадам- чуулга уулзалт”, арваннэгдүгээр сард “Invest Mongolia” уулзалт зохион байгуулна.
  
Товч мэдээ
·      2022 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жилээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
·      “Эрдэнэт үйлдвэр”-ийн эд хөрөнгийг “Медипас” ХХК-д шилжүүлсэн асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт даалгав.
·      Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран байгуулсан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тус түншлэлд одоогоор 13 орон гишүүнээр нэгдэж ороод байна.  
·      Олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын жин, зайд медаль хүртсэн тамирчдад 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах нэг тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг тус хорооны даргад даалгав.
·      Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг 2022 оны гуравдугаар сарын 7-11-нд ОХУ, Беларусь улсад ажиллахыг зөвшөөрч, ажиллах удирдамжийг баталлаа.
·      Энэ сарын 25-нд цахимаар зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын зургадугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар



Засгийн газар

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x