Их нартын байгалийн нөөц газрыг “Байгалийн цогцолборт газар”-ын ангилалд оруулах талаар хүсэлт тавив | Мэдээллийн дэлгэрэнгүй

0

Дорноговь аймгийн Их нартын байгалийн нөөц газрыг аргалийн тогтвортой өсч үржих нөхцөлийг хангах зорилгоор УИХ-ын 1996 оны 47 дугаар тогтоолоор “байгалийн нөөц газар”-ын ангилалд оруулж, тусгай хамгаалалтад авсан байдаг. Их нартын чулуу нь говь, хээрийн ландшафтын олон хэв шинжийг өөртөө агуулсан, аргаль, янгир зэрэг ховор зүйлийн амьтад амьдардаг өвөрмөц тогтоц бүхий газар юм.

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг тэргүүтэй ажлын хэсэг Их нартын байгалийн цогцолборт газарт энэ сарын 08-ны өдөр ажиллаж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал ахиулах асуудлаар уулзалт хийлээ.

Тус байгалийн нөөц газар нь Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумдын нутгийн заагт 667.69 км2 талбайг эзэлдэг. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 0.06-аас бага хувийг эзэлдэг ч нийт хөхтөн амьтдын зүйлүүдийн дөрөвний нэгийг агуулдаг онцлогтой. Эдгээр хөхтөн амьтдын гурваны нэг нь “IUCN”-ий үнэлгээгээр Монгол Улсын хэмжээнд “устаж болзошгүй, ховордож болзошгүй” гэсэн ангилалд байдаг бол тавны нэг нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолд заасан “ховор” ангилалд хамрагддаг.

Их нартад хар сүүлт, цагаан зээр элбэг амьдардаг. Хотны бүгээхэй, зээрд шонхор тохиолдоно. Идлэг шонхор, начин шонхор, сохор элээ, шилийн сар, цармын болон талын бүргэд зэрэг махчин шувуу, ялангуяа нөмрөг тас олноор үүрлэнэ. Махчин амьтдаас саарал чоно, шилүүс, мануул, шар үнэг, хярс, халздай дорго, өмхий үен байдаг. Жижиг хөхтнөөс дэлдэн зараа, дагуурын зараа, атаахай, чичүүл, алагдаахай, үхэр огдой, боролзон туулай, хээрийн болон хадны барагчин, хэдэн зүйлийн гар далавчтан элбэг. Хөхтөн амьтан, хэвлээр явагчдын 40 гаруй зүйл, 120 гаруй зүйлийн жигүүртэн шувуу энд амьдарч буйг судлаачид тогтоосон байдаг.


Их нартад цөлөрхөг хээрийн бүлгэмдэл зонхилох бөгөөд хур тунадаснаас хамаардгаараа өвөрмөц байдаг. Өвслөг ургамлууд нь тухайн газрын 35%-ийг бүрхдэг.

Таана, хөмүүл, хайлс, цагаан бургас, алтан харгана, лидэр, алтан үндэс, монгол буйлс, морин зээргэнэ, цайны бут, зээрийн ундаа, чихэр өвс, мангир, барагшун зэрэг 120 гаруй нэр төрлийн эмийн болон эмийн бус ургамал, эмэнд ордог 10 гаруй төрлийн чулуу бий. Мөн энд янз бүрийн өвчин анагаах чадалтай Халзан-Уулын рашаан зэрэг байдаг.


Мөн Их нартад “Хульхан ам”, “Шинэ усны ам”, “Хөх усны ам”, “Элсний ам”, “Гурван хоногийн ам” гэх мэт 1-3 км үргэлжилсэн булаг, модтой үзэсгэлэнт газрууд байхаас гадна жанжин Чойрын Их нартын туурь зэрэг түүх, соёлын дурсгалт газар бий.

Хэдийгээр 1997 онд байгалийн нөөц газрын ангилалд оруулж, улсын тусгай хамгаалалтад авсан ч хамгаалалтын захиргааг 2013 онд байгуулсан байдаг. Тухайн үед хамгаалалтын захиргааны чиг үүргийг “Аргаль агнуур судлалын төв” ТББ гүйцэтгэсэн байсан. 2017 онд Их нартын байгалийн нөөц газрын менежментийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, 2019 оноос Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Их нартын менежмент” ТББ гүйцэтгэж байна.

Монголд анх удаа орон нутгийн санхүүжилт, менежментээр байгуулж үйл ажиллагаа нь тогтмолжсон Их нартын байгалийн нөөц газрыг цаашид “Байгалийн цогцолборт газар” болгосноор байгаль хамгаалал хийгээд ан амьтныг хамгаалах үйл ажиллагаа, хамрах хүрээ нь  өргөжих боломжтой гэдгийг “Их нартын менежмент” ТББ-ын тэргүүн Т.Анандпүрэв танилцууллаа.

Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дөрвөөс таван хүний орон тоо, цалинг аймгийн ИТХ-аас шийдвэрлэдэг бөгөөд орон нутгийн ан амьтан, байгаль экологийн асуудлыг идэвхтэн байгаль хамгаалагчдын тусламжтайгаар хамгаалж иржээ. Үлдсэн санхүүжилтийг АНУ-ын Денверийн зоолоогийн сан, Калифони мужийн Анза боррего цөлийн парк болон тарвага сэргээн нутагшуулах төслөөс олдог.

Их нартын байгалийн нөөц газар, АНУ-ын Денверийн Зоолоогийн сантай 2000 оноос хойш 21 жилийн турш хамтран ажиллаж, Монголын ШУА-ийн биологийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, МУИС, МУБИС-тай хамтран биологийн мониторингийн судалгааг амжилттай зохион байгуулж ирсэн байна.

АНУ-ын Денверийн Зоолоогийн сангийн санхүүжилтээр судалгаа, шинжилгээ, олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, олон нийтийн оролцоог хангасан “Гэрээс гэрт” хөтөлбөр, Даланжаргалан, Айраг сумын сурагчдад экологийн боловсрол олгох, Эко клубийн аялал, сайн дурын идэвхтнүүдийн цалин, нөхөрлөлийн бүлгүүдийг ажиллуулдаг байна.

Нэг талаар аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага бий ч нөгөө талаар байгалийг унаган төрхөөр нь хамгаалж, хадгалж үлдэх шаардлага тулгарч байна. Тиймээс цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх тэр дундаа төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьжээ.

Эх сурвалж: http://dalanjargalan.dornogovi.khural.mn/

УИХ-ын ажлын хэсгийнхэн Их нартын ан амьтан, бэлчээр, агаар, ус, хөрсийг хамгаалах, тус бүс нутгийн ойролцоо уул уурхай эрхлэхгүй байх зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Хууль эрх зүйн орчныг сайжруулах, бэлчээрийн тухай хуулийг шинэчлэх, отор нүүдлийн асуудлыг зохицуулах, тогтвортой санхүүжилттэй болох, хүний нөөц, төсөв, материаллаг баазыг бэхжүүлэх шаардлага байгааг “Их нартын менежмент” ТББ-ын уламжилж, ажлын хэсгийн санал дүгнэлтэд тусгаж өгөхийг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x