Зээлийн тасалдлаас эх үүсвэрийн хүндрэл рүү шилжиx үү

1


Цар тахлын эхэн үе буюу 2020 оны гуравдугаар сар гэхэд банкны салбарын нийт хадгаламжийн жилийн өсөлт таван хувиас доош орж, М2 (мөнгөний нийлүүлэлт) мөнгөний жилийн өсөлт нэг хувь руу унаад байв. Нэг талаас банкны салбарын эх үүсвэрийн өсөлт саарч, нөгөө талдаа цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн тодорхой бус байдал өсөж байсантай холбоотойгоор банкууд зээл олголтоо энэ үеэс нэлээд хязгаарласан.

Тухайн үед банкуудын нийт актив 34.9 их наяд төгрөг, тэдний эзэмшиж байсан төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ны хэмжээ 5.1 их наяд төгрөг буюу хөрвөх чадвартай хөрөнгө, нийт активын харьцаа 15 хувь байв. Банкууд зээлд гаргаагүй чөлөөт эх үүсвэрээ ТБҮЦ-нд байршуулдаг, нөгөө талдаа төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа (түргэн борлогдох хөрөнгө, татан төвлөрүүлсэн хөрөнгийн харьцаа)-г хангахын тулд тус үнэт цаасыг эзэмшдэг. Иймд тус харьцааг хангаад илүү гарч байгаа үнэт цаасны хэмжээгээр зээл нэмж гаргах боломжтой юм. Банкуудийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт 2020 оны гуравдугаар сараас 2021 оны гуравдугаар сарын хооронд сөрөг утгатай, зарим саруудад жилийн -7 хүртэл хувийн уналттай байжээ.

Цар тахлын эхэн үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2020 оны сонгуулийн өмнөх төсвийн зарцуулалт, гадаад валютын орох урсгалтай холбоотойгоор М2 мөнгөний нийлүүлэлт 2020 оны гуравдугаар сараас эргэн сэргэж эхэлсэн. 2020 оны арваннэгдүгээр сард Ковид-19 цар тахал дотоодод тархаж, хатуу хөл хорио тогтоож эхэлснээр Засгийн газар, Төв банкнаас төсөв, мөнгөний тэлэх бодлогыг хэрэгжүүлсэн.

Иргэд, өрх гэр, бизнесүүдэд үзүүлсэн төсвийн дэмжлэгийн шат дараатай олон арга хэмжээний дүнд иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламжийн хэмжээ үргэлжлэн тасралтгүй өссөн бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сард нийт хадгаламж, М2 мөнгөний жилийн өсөлтийн аль аль нь 30 хувийг даваад байв. Энэхүү өсөлтийн дийлэнхийг төгрөгийн хадгаламжийн өсөлт бүрдүүлжээ.

Тухайн үед банкуудын нийт актив 38.6 их наяд төгрөг, ТБҮЦ-ны хэмжээ 10 орчим их наяд төгрөг буюу эдгээрийн харьцаа 26 хувьтай байв. Өөрөөр хэлбэл, банкны салбар зээл олгох хангалттай хэмжээний эх үүсвэртэй байсан. Ийнхүү банкуудын эх үүсвэр 2020 оны дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй өссөн хэдий ч зээлийн жилийн өсөлт 2021 оны гуравдугаар сар хүртэл сөрөг өсөлттэй байсан нь “зээлийн тасалдал” (credit crunch буюу банкууд зээл олгох эх үүсвэртэй атлаа эдийн засгийн тодорхой бус байдал, зээлийн эрсдэлээс болгоомжлон зээл олгохгүй байх, үүний тулд нөхцөл, шаардлагаа чангаруулдаг үзэгдэл юм) үүсээд байсны тод илрэл байв. Өөрөөр хэлбэл, банкны салбарт 2020 оны тавдугаар сараас 2021 оны хоёрдугаар сар дуустал “зээлийн тасалдал” үргэлжилсэн гэж болно.

Энэ үед Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталж, 2021 оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс Ажлын байр дэмжих хоёр их наяд төгрөгийн зээл, Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл нь банкуудын эх үүсвэрт суурилан, Засгийн газраас хүүний татаас олгох замаар иргэд, аж ахуйн нэгжид жилийн гурван хувийн хүүтэй олгох зээл байв.

Үүний зэрэгцээ Төв банкны балансын тэлэлтэд суурилсан зургаан хувийн хүүтэй ипотекийн хоёр их наяд төгрөгийн зээл (Монголбанкны эх үүсвэр 60 хувь, банкуудын эх үүсвэр 40 хувь), Репо санхүүжилтийн хэрэгслийн хоёр их наяд төгрөгийн зээлийг мөн олгохоор төлөвлөгөөнд тусгасан. Үүнээс 2021 онд 1.97 их наяд төгрөгийн Ажлын байр дэмжих зээл, 835 тэрбум төгрөгийн Репо санхүүжилтийн зээл, 956 тэрбум төгрөгийн Ипотекийн зээл, 494.3 тэрбум төгрөгийн Хөдөө аж ахуйн зээл олгогджээ.

Ийнхүү банкны салбараар дамжин бодлогын зээл гарснаар “зээлийн тасалдал”-аас гарч, зээлийн үлдэгдэл огцом өсөж эхэлсэн. Тухайлбал, банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 2021 оны арванхоёрдугаар сард жилийн 21.3 хувийн өсөлттэй гарсан бол 2022 оны дөрөвдүгээр сарын байдлаар 28.9 хувийн өсөлттэй байв. Зээлийн өсөлт 2022 он гараад өсөж, өндөр түвшинд хэвээр байгаад нэг талаас өнгөрсөн оны суурь үеийн нөлөө, нөгөө талдаа ипотекийн зээл, репо санхүүжилтийн зээл, хөдөө аж ахуйг дэмжих зээлүүд үргэлжлэн олгогдож байгаа нь нөлөөлж байна.

Хил, боомт дээрх гацаа, үйлдвэрлэлийн импортын орц, шатахууны үнийн өсөлтөөс үүдэн эдийн засаг нийлүүлэлтийн хязгаарлалттай байгаа үед зээлийн үлдэгдэл 30 орчим хувиар өссөн нь хэт өндөр буюу инфляц, импортын өсөлтөд шилжих боломжтой юм.

Банкууд 2021 оны гуравдугаар сараас “зээлийн тасалдал”-аас гараад удаагүй байтал нийт хадгаламж, М2 мөнгөний жилийн өсөлт зургадугаар сараас нь эхэлж тасралтгүй буурсны дээр нийт хадгаламжийн үлдэгдэл есдүгээр сараас хойш буурч эхэлсэн. Тухайлбал, 2022 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт хадгаламж жилийн өмнөх түвшингээс 7.7 хувиар буурсан бол, М2 мөнгөний жилийн өсөлт 1.4 хувь болтлоо буураад байна. Эдгээр жилийн өсөлтийн бууралт нь төгрөгийн хадгаламжийн агшилтаар голлон тайлбарлагдаж байна.

Ийнхүү хадгаламж буурахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байж болно.

Нэгд, 2021 оны тавдугаар сараас хойш хатуу хөл хорио дуусаж, бизнесийн хязгаарлалтууд буурч эхэлснээр иргэд, аж ахуйн нэгжүүд дансан дахь мөнгөө хэрэглэж, улмаар импортын төлбөр болж эдийн засгаас гарч байгаа нь нөлөөлсөн.

Хоёрт, инфляц 2021 оны дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй хурдтай өсөж, төгрөгийн хадгаламжийн бодит хүү (хадгаламжийн нэрлэсэн хүү, инфляцын зөрүү) өнгөрсөн оны тавдугаар сараас хойш сөрөг түвшинд хадгалагдсаар байгаа нь банкны салбараас эх үүсвэр гадагшлах, иргэд аж ахуйн нэгжүүдийг мөнгөн хөрөнгөө койн, үл хөдлөх хөрөнгө, бэлэн валют зэрэг бусад өндөр өгөөжтэй хөрөнгө худалдаж авах сонирхолд хөтөлсөн байж болно. Тухайлбал, төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж 2022 оны дөрөвдүгээр сарын байдлаар -7 хувь байна.

Гуравт, төсвийн зардлын болон зээлийн өндөр өсөлт нь импортын өндөр өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлж, нүүрсний экспорт бага байгаа үед төлбөрийн тэнцлийг алдагдалд хүргэх буюу төсвийн зардал, зээлийн санхүүжилт нь гадаад валют болж, эдийн засгаас гарч байж болно. Энэ нь санхүүгийн салбарын гадаад цэвэр активын жилийн өсөлт 2021 оны долдугаар сараас хойш огцом буурч, 2021 оны арваннэгдүгээр сараас хойш дунджаар -15 хувийн өсөлттэй байгаагаар нотлогдоно.

Үүний зэрэгцээ зээлийн бодит хүү (зээлийн нэрлэсэн хүү, инфляцын зөрүү) 2021 оны арванхоёрдугаар сараас хойш сөрөг утгатай буюу зээл авах нь илүү ашигтай нөхцөл байдал үүссэн. Харин хүүний татаастай бүх зээлийн хувьд бодит хүү сөрөг түвшинд байна. Эдгээр баримт нь сүүлийн жил гаруй хугацаанд, одоо ч зээл авах сонирхол, хүсэлт яагаад өндөр байгааг тайлбарлах нэг хүчин зүйл юм.

Банкны салбарт дээрх шалтгаанаар эх үүсвэр (нийт хадгаламж, М2 мөнгө) буурч, харин зээлийн өсөлт өндөр хэвээр байгаа нь “эх үүсвэрийн хүндрэл/хямрал (credit crunch)”-д хүргэж болзошгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Ялангуяа, төлбөрийн тэнцлийн хүндрэл цаашид хэвээр үргэлжлэх тохиолдолд магадлал улам өсөхөөр байна. Тухайлбал, 2022 оны дөрөвдүгээр сарын байдлаар банкуудын нийт актив 41.3 их наяд төгрөг, харин эзэмшиж буй ТБҮЦ-ны хэмжээ нь 4.7 их наяд төгрөг буюу эдгээрийн харьцаа 12 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, тус үзүүлэлтийн хувьд банкуудын хөрвөх чадвар буюу зээлжих боломжтой эх үүсвэр цар тахлын эхэн буюу 2020 оны гуравдугаар сарынхаас муу нөхцөл байдалд хүрч ирээд байна.

“Эх үүсвэрийн хүндрэл”-д орох тохиолдолд зээлийн эрэлт өндөр байсан ч, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр бага байх тул банкууд зээлээ өсгөх боломжгүй болж, зээлийн нөхцөлүүд чангарахад хүрэхийн зэрэгцээ санхүүгийн зуучлал хэвийн явагдахад эрсдэл учирна.  Улмаар зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт 2022 оны II хагаст огцом буурч, зээлийн олдоц багасахад хүрч болзошгүй. Өөрөөр хэлбэл, “зээлийн тасалдал”-ын үед банкууд эх үүсвэртэй байсан ч тодорхой бус байдал, эрсдэлээс болгоомжлон зээл олголтоо хумидаг бол “эх үүсвэрийн хямрал”-ын үед дээрх тодорхой бус байдал дээр нэмээд зээл олгох эх үүсвэр хязгаарлагдмал болсноос зээлээ улам хумихад хүрэх эрсдэлтэй.

“Зээлийн тасалдал”-аас гарах арга хэмжээнүүд авсан боловч хоёр жилийн дараа эхний цэг дээрээ буюу зээлийн өсөлт эргэн буурах нөхцөл байдалдаа эргэн ирлээ.

Өндөр инфляцтай, төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй үед хүүг бага түвшинд удаан хугацаанд байлгаж, эдийн засгийг дэмжих гэсэн оролдлого нь дараагийн ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй анхааруулга болж байна.

Ийм орчинд бодлогын түвшинд юун дээр анхаарах ёстой вэ? Мэдээж өмнө нь туршсан хувилбар буюу Төв банкнаас банкуудад санхүүжилт олгох замаар үүссэн нөхцөл байдлыг зөөлрүүлэх гэж оролдож болох хэдий ч инфляц өндөр, төлбөрийн тэнцлийн, ханшийн дарамттай байгаа үед энэ арга хэмжээ нь тус болохоосоо илүүтэй нөхцөл байдлыг улам дордуулна. Харин өнөөгийн нөхцөлд бодлогын хүүг өсгөж төгрөгийн бодит өгөөж, харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх замаар банкны салбараас эх үүсвэр зугатах бус, харин хадгаламж үлдэх, нэмж орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна. Ингэснээр зээлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн бодлогын хүүний өсөлт инфляц, төлбөрийн тэнцэл, долларжилттай холбоотой суурь асуудлуудыг шийдвэрлэхэд нийцтэй бодлогын тохируулга байх болно. Үүний зэрэгцээ урд хилийн нөхцөл байдал дээрдэж, нүүрсний экспорт сайжирснаар асуудал нааштай чиглэлд эргэх боломж нээлттэй байна.

Мөн гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ (олон улсын санхүүгийн байгууллагуудаас бага хүүтэй, урт хугацаатай эх үүсвэр авах, экспортын аж ахуйн нэгжүүдийн орлогын урьдчилгаа авах, банк санхүүгийн байгууллагууд гадаад эх үүсвэр оруулж ирэхийг дэмжих гэх мэт) нь нөхцөл байдлыг зөөлрүүлнэ. Гадаад өрийн дарамт багатайгаар валютыг оруулж ирж, төв банкинд худалдсанаар гадаад валютын нөөц нэмэгдэхийн зэрэгцээ банкууд дахь гадаад валютын болон төгрөгийн эх үүсвэр нэмэгдэх юм.

Эцэст нь, инфляц, импортыг бууруулахад чиглэсэн сангийн бодлогын тохируулга нь үүсээд буй эдийн засгийн суурь асуудлыг илүү үр дүнтэй шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

Эдийн засагч Д.Ган-Очир

 

 



Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
Зээлийн тасалдлаас эх үүсвэрийн хүндрэл рүү шилжиx үү – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
5 өдрийн өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x