Зам дагасан хөгжлөө ‘НОЙЛ’-оос эхэлье » Econews.mn

0


Орон нутгаас нийслэл рүү, нийслэлээс орон нутагт тэмээн жингийн цуваа шиг хэдэн өдрөөр явж очдог цаг нэгэнт ард хоцорсон. Зам харгуйн хувьд ч, замд гарах унааны хувьд ч тэр. Аль, аль нь хүртээмжтэй болж, юмс өөрчлөгдсөн. Цар тахлын дараагаас дотоодын болон гадаадын жуулчдын тоо нэмэгдэж, Монголыг аялал жуулчлалын салбараар дамжуулан дэлхийд таниулах, сурталчлах үйл хэрэг эрчимжиж буй. Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгосон билээ. Уг санаачилгын хүрээнд энэ онд нэг сая эсхүл түүнээс ч их жуулчин хүлээн авна гэж салбарын сайд, Ерөнхий сайд нар мэдэгдсэн. Гэхдээ “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэх үг бий. Энэ удаад шууд утгаараа “сав” бэлдэх тухай авч үзье.

Монголд зочилж ирсэн олон улсын жуулчдын хувьд хамгийн их гайхдаг бас тулгамддаг асуудал нь нийтийн бие засах газар. Яг үнэндээ дотоодынхонд ч асуудал. Баруун, зүүн, урд, хойд аль ч зүгийг чиглэсэн ялгаагүй нийслэлээс гараад л өтгөн, шингэнээ эр, эмгүй цувуулна. Уг нь бид соёлжсон XXI зуунд амьдарч байгаа, Монгол бол хөгжиж буй орон. Үүнийгээ халхалчихдаг “хээрийн хүн хээгүй” гэх үгтэй ч болоод амжсан. Монголын үүх түүх, соёл, байгалийн тогтоц үзэсгэлэнтэй. Харин жуулчдад үйлчлэх соёл, анхдагч хэрэгцээгээр нь хангаж чадахгүй байна.

Орон нутгийг зорих зорчигчид болон жолооч нарын хувьд 50-100 км яваад биеэ суллаж, чилээгээ гаргах хэрэгцээ шаардлага бий. Тэгэхээр 50-100 км тутамд нийтийн бие засах газрын асуудал яригддаг гэсэн үг. Өнгөрсөн оны зөвхөн үндэсний их баяр наадмын үеийн тоон үзүүлэлтийг авч үзвэл, нийслэлээс 117 мянга 710 автомашин орон нутгийн чиглэлд зорчжээ. Нэг автомашинд дунджаар 4-5 хүн зорчсон гэж тооцвол 670 мянга 270 иргэн дотоодод аялсан байна. Тэгэхээр нэг сая гадаадын жуулчин, нэг сая дотоодын жуулчны асуудал гэсэн үг.

Шийдлийн хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ч, иргэд ч энгийн бөгөөд амархан байдлаар шийдвэр гаргагчдад зам дагасан зорчигчдын алжаал тайлах зориулалтын зогсоолыг байгуулж, нийтийн бие засах газрын асуудлыг шийдмээр байгаагаа хэлж, зөвлөсөөр ирсэн. Бидний мэдэх ганц жишиг зогсоол нь “Урьхан”. Алжаал тайлах зам зуурын зогсоол олон улсад нэг төрлийн соёл болж хөгжсөн. Орон нутаг, хот хооронд зорчиход дараагийн зогсоол хүртэлх зайг тодорхой болгож өгснөөр дотоодын болон гадаадын аялагч, жуулчдад ойлгомжтойгоос гадна зорчигч өөрийн зохион байгуулалтыг хийх юм. Гэвч манайд уг соёл нэвчиж эхлээгүй байна. Байгаагаас “Урьхан” л байна. Яг үүнтэй ижил жишиг зогсоолыг тогтсон зайд, тогтсон стандартын дагуу барьж байгуулах нь өнөөгийн аялал жуулчлалын салбарт нэн шаардлагатай. Гэхдээ энэ нь зөвхөн нийтийн бие засах газрын асуудлыг л шийдэх гэсэн нэг арга шүү дээ. Уг нь  аялал жуулчлалын бүс нутгийн зам дагуу боловсон нийтийн бие засах газар, ариун цэврийн байгууламж байгуулах төслийг шатахуун түгээх станцуудад түшиглэн байгуулахаар тогтсон байдаг ч энэ нь өдгөө хүртэл хэрэгжиж эхлээгүй байна. Угтаа улсын өнцөг булан бүрд байгуулах талаар бус тогтсон хэсэгт л байгуулахыг иргэд олон нийт шаардаж буй. Манайхан шиг өргөн уудам нутгаараа бахархдаг улсад өнцөг булан бүрд стандарт, шаардлагад нийцсэн нийтийн бие засах газар байгуулах нь зохимж муутай. Жишээ татвал Ховдын хязгаарт байгуулсан нойлд хэн өдөр тутамд орж ашиглах вэ. Хоёрт, тэрхүү нийтийн бие засах газрыг хэн дөрвөн улирлын турш арчилж тордох вэ гэдэг асуудал. Тиймээс тогтсон цэгт, тогтсон стандартын нойлыг зам дагуу байгуулах нь хамгийн зөв шийдэл юм.

Цар тахлаас өмнө манай улс 900 мянга гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбар томоохон амжилт үзүүлээд байсан. Гэхдээ гурван жилийн өмнө шүү дээ. Тухайн үед манай улсад зочилсон жуулчин дахин ирэхэд өнөө л нойлын асуудалтай байсаар байх уу. Цар тахлын хугацаанд улс орнууд бүтээн байгуулалт, хөгжлийн хувьд хэд дахин уралдаж, хилээ нээхдээ томоохон бүтээн байгуулалтыг хийгээд амжсан. Хамгийн ойрын жишээ гэхэд БНХАУ хамгийн том “Universal studio”-г байгуулж мянга мянган жуулчныг татаж байхад бид нүхэн болон “байгаль” нойлтойгоо Байгаль орчин, аялал жуулчны яам нь олон улсын алдартныг цахим хуудастаа нүүр улайлгүйгээр “тавтай морил” хэмээн угтсаар байна. Иймд зам дагасан хөгжлөө эхнээс нь цэгцтэйгээр, “нойл”-оос эхэлье.

https://itoim.mn/a/2023/06/21/society/qzuскачать dle 12.0

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x