Замын-Үүд боомтод Хятад талын хүчин чадал нь муудаад ирэхээр том тэрэгний хөдөлгөөнд ачаалал үүсээд байгаа гэв DNN.mn
Замын-Үүдэд 10 гаруй км ачаа тээврийн том оврын машины дараалал үүссэн нөхцөл байдлын талаар албаныхнаас мэдээлэл авлаа. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Г.Сайнзаяагаас тодруулав.
-Замын-Үүд боомтод ачаа тээврийн машинууд 10 гаруй км очер үүсгэсэн байгаа талаар танайхаас ямар нэгэн тайлбар өгөх үү?
-Гаалийн хяналтын бүсэд гаалийн байгууллага машин оруулдаггүй. Замын-Үүдийн авто тээврийн газар болон гаалийн хашаа руу аль машин яаж орж болох талаарх хилийн цэргийнхэн зохицуулалт хийдэг. Гаалийн хяналтын бүсэд тухайн машин орж ирээд бараагаа мэдүүлсний дараа л гааль тэр машинд хяналт шалгалт хийдэг. Манайх яг тэр очер үүссэн, дугаарлаж байгаа асуудлын талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Замын-Үүдийн ачаа тээврийн жолооч нар ярихдаа тэнд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л төрийн байгууллагын хүнд суртлаас болж энэхүү очер дараалал үүссэн гээд байгаа юм л даа?
-Тэнд гаалийн байцаагч зогсоод зохицуулалт хийх ямар ч боломжгүй шүү дээ. Тэгэхээр төрийн өөр байгууллага л байх. Хил дээрх, боомтод болж байгаа бүх асуудлыг гааль л гэдэг юм л даа. Гааль машиныг хилээр орж ирэхэд нь шалгана.
Ачаатай байвал гаалийн хяналтын бүсэд ачааг нь оруулж ирж, гаальд мэдүүлэхээр нь тэр машиныг шалгах эрх нь нээгддэг. Тэгэхээр тэнд очерлож байгаа асуудлыг наана байна уу, цаана байна уу гэдгээсээ хамаараад Замын цагдаа, хилийн цэргийнхэн хариуцах асуудал.
Гаалийн ерөнхий газраас дээрх тайлбарыг өгөв. Харин Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа “Ачааны автомашины гарах чиглэлд жаахан түгжрэл үүссэн. Бусдаар бол ямар нэгэн асуудал гараагүй. Ачааны машин гарах чиглэлд яагаад түгжрэл үүссэн гэхээр Хятадын талд хүлээн авах чадал нь өдөрт 200-250 машин. Хуучин өдөрт 300-350 машин гаргаж байсан бол одоо тэгж авах боломжгүй болж, хүчин чадал нь муудаад ирэхээр том тэрэгний хөдөлгөөнд ачаалал үүсээд байгаа гэсэн тайлбар өгсөн. Тийм л асуудал үүссэнээс өөр асуудалгүй” гэв.
Тэгвэл замын-Үүдэд ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг жолооч Ч.Эрдэнэбат ярихдаа “Гааль дээр нэг сэжиг бүхий зүйл гарсан. Өмнө нь эндхийн Гаалийн даргаар ажиллаж байсан Зоригоо гэх хүн Гаалийн ерөнхий газрын үнэлгээний хэлтсийн дарга болчихсон. Түүнээс үүдэн Улаанбаатар хотын татварыг багасгаж Замын-Үүдийн боомтын татварыг нэмсэн. Үүнийг бүх хүн мэднэ. Эрээнээс хот руу явах зардал нь илүү багасаж өгснөөр гаалийн зөрүү гаргаж өгч байгаа нь тэр.
Өөрийнх нь ашиг сонирхлын зөрчил нь тэнд үүсээд байна. Саяхнаас эндхийн гаалийн байцаагч нарыг үнэлгээ хийхийг нь болиулж, хотод үнэлгээ хийлгэдэг болгосон. Жишээлбэл, би Эрээнээс 60 тн цемент оруулж ирлээ гэж бодоход энд мэдүүлгээ бичиж хот руу илгээнэ. Тэгээд хотод Гаалийн ерөнхий газар үнэлгээ хийж буцаан явуулснаар тэрхүү гарсан үнэлгээгээр нь татварыг төлдөг болгочихсон. Үүнээс маш явцуу, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүд хийж байгаа нь харагдаж байна.
Энэ нь гааль санхүүгийн олон хууль болоод дэлхийн стандартыг зөрчиж буй асуудал юм. Энэхүү ашиг сонирхлын зөрчил нь тэднийг авлига авах нөхцөл бололцоогоор хангаад байна. Гаалийн татвар асар өндөр үнэтэй болсноор хүмүүс өндөр татвар төлснөөс авлига өгөхийг илүүд үздэг. Ингээд л Улаанбаатарт монопол байдал үүсээд байгаа юм. Татвараас үүдэлтэйгээр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт үүсээд байна. Би тээвэрлэлтээс гадна хүмүүсийн бараа бүтээгдэхүүнийг зуучилж оруулж ирдэг. Тийм ч учраас амьдралд нийцэхгүй татвар тооцоод байгаа нь мэдрэгддэг. Бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг хүмүүс чинь гаалийн татвар, тээврийн зардал, ашиг зэргээ нэмээд борлуулахаар чинь үнийн өсөлт бий болох нь аргагүй шүү дээ” гэлээ.
Харин чингэлэг тээврийн талаар УБТЗ-ын тээвэр зохицуулалтын албаны дарга М.Цогтоос тодруулахад “Чингэлэг тээвэрт ямар нэгэн асуудал үүсээгүй хэвийн явагдаж байгаа” гэсэн хариулт өглөө. Мөн Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос чингэлэг тээврийн талаар “Өнгөрөгч долоо хоногт буюу зургадугаар сарын 5-11-ний өдрийн хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 12 галт тэрэг гарсан гэсэн сайн мэдээтэй байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 5000 орчим чингэлгийн үлдэгдэл хэлбэлзсэн хэвээр байна. Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 6-8 хоног тээвэрлэгдэж байгаа ба Замын-Үүд өртөөнд шилжүүлэг ачилт 3-6 хоног хүлээгдэж байж ачигдаж байгаа нөхцөл байдалтай байна. Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайнуудын нийт үлдэгдэл 1365 чингэлэг, үүнээс ачаатай 720 чингэлэг, хоосон 285, хоосон бичиг баримтгүй 272 чингэлэг байна. Замын-Үүд өртөөнд 88 импортын чингэлэг байна” хэмээн мэдээлэв.
С.ОТГОНБАЯР
Б.ЭНХГЭРЭЛ