Ерөнхий сайдаас буучихаад, барилгын төсөл бариад Ерөнхийлөгчид зүтгэж болохгүй 

0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатыг Орхон аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтыг нээж  үг хэлэхдээ тэрбээр дараагийн 30 жилийн замналаа сонгох чухал үе ирээд буйг онцолсон юм.

“Надад мөрөөдөл бий” гэдэг Мартин Лютер Кингийн алдартай үг бий. Өнөөдөр монголчууд бид шинэ зууны босгыг алхаад явж байна. Өдгөө бид шинэ сонголтын буюу дараагийн 30 жил ямар замаар явах сонгох салаа замын уулзвар дээр иржээ. Учир юу гэвэл сүүлийн 30 жил Төв Ази дахь Монгол хэмээх жижиг улсын ардчиллыг өхөөрдөж донор улсууд зөндөө тусалсан. Цаашид бид өрөвдүүлэх тактикаар явах боломжгүй болсон. Тиймээс бид 30 жилийн өмнө олж авсан улс төрийн ардчиллаа улам сайжруулж эдийн засгийн ардчиллыг бий болгох хэрэгтэй байна.

Эдийн засгийн ардчилал сул байгааг аймгуудаар явахад ажигласан нэг дүр зургаас харж болно. Олон хүн уулзалтад ирэхээс айж байна. Учир тэд ажил, орлогоо алдахаас айж байна. Эдийн засгийн хувьд эрх чөлөөгүй байна гэсэн үг.

Бид нэг талаас гурван сая монголчуудын нэг, нөгөө талаас дэлхийн найман тэрбум хүний нэг. Тиймээс дэлхийн найман тэрбум хүний дунд яаж явах нь биднээс шалтгаална. Энгийнээр хэлбэл, ямар мэдлэгтэй, ямар чадвартай байхаас бидний хэрхэн амьдрах нь шалтгаална. Тэгэхээр бидэнд улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал зэрэг олон асуудлыг өөр өнцгөөс, өөр түвшинд харах шаардлага бий болоод байна.

Өнгөрсөн 30 жилийн туршлагаас бид юуг ойлгов? Бүхнийг намын нүхээр харж шийдэхгүй юм байна. Тиймээс намд өглөггүй, барьцаалагдаагүй иргэн төвтэй нийгмийг бий болгох хэрэгтэйг харж байна. Нам бол байх ёстой, парламентыг бүрдүүлдэг чухал зүйл. Гэхдээ Монгол Улс бол намаас хамаагүй том зүйл. Гурван сая хүн аль нэг намаар тэжээлгэнэ гэж харж суух нь утгагүй.

Ерөнхийлөгч бол УИХ дахь аль нэг намын дарга биш. Нэг намын талд орж өөр нэг намтай байлддаг хүн биш. Ерөнхийлөгч бол шүүхийн дарга биш. Шүүгчдийг дуудаж тэрийг барь, хэрэг үүсгэ гэж нөгөө айхтар хонгилуудыг бий болгодог хүн биш.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн. Ерөнхий сайд бол улс орны эдийн засаг, аж ахуйг авч явдаг. Харин төрийн тэргүүн улс орныхоо хөгжлийн төлөө Ерөнхий сайдтайгаа хамтарч ажилладаг. Ерөнхий сайдтайгаа мөнгө булаацалддаг хүн биш. Тэр тусмаа Ерөнхий сайдаас буучихаад, барилгын төсөл бариад Ерөнхийлөгч болох гээд явдаг хүн бүр ч биш.

Ерөнхийлөгч бол энэ гурван салаа мөчрийг нэгдмэл байлгадаг төрийн нэгдсэн бодлого, нэгдсэн хэрэгжилтийг хангадаг хүн.

Бид өнөөдөр, маргаашаа харж хэрэлдэж, уралдах биш ирээдүйгээ харж хөдлөх хэрэгтэй байна. “Холын зорилгогүй хүнээс ойрын зовлон салдаггүй” хэмээн Эзэн Чингисийн хэлсэн үгийг санах хэрэгтэй.

Бид аливааг өөрөөр харж, өөр түвшинд гарах хэрэгтэйг залуучууд сайн мэдэрч байна. Тэд өөрөөр амьдрахыг, дэлхийд гарахыг хүсэж байна. Ахмадуудын хувьд халамж, тэтгэвэр хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ тэднээс та хүүхдээ халамж, тэтгэмжээр амьдардаг болгомоор байна уу? гэвэл хэн ч тийм гэж хариулахгүй. Хүн бүр хүүхдээ мэдлэг чадвартай, ашиг орлоготой, бие даасан байгаасай гэж хүснэ.

Өнөөдрийн залууст үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүссэнээрээ амьдрах боломжийг ахмад үеийнхэн олгосон. Тиймээс тэдэнд өрөө төлөх нь зүй ёсны хэрэг. Харин дараа үе нь халамж, тэтгэмжид найдаж, олон улсаас гуйлга гуйж явж болохгүй. Хөгжих ёстой, илүү сайжрах ёстой. Тэр хүсэл, мөрөөдөл нь байна. Бид чадна!”

Нэр дэвшигчийг үгээ хэлж дууссаны дараа Орхон аймгийн иргэд, сонгогчид санал бодлоо хуваалцаж, асуулт асуулаа.

Иргэн Г.Батсайхан: Сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлага байна. Хоёр намын бус олон намын пропорциональ системд шилжих хэрэгтэй гэдэгтэй та санал нийлдэг үү?

Нэр дэвшигч Д.Энхбат: 2012 УИХ-ын сонгуулиар бид холимог тогтолцоог бий болгож байсан. Олон намын буюу хувь тэнцүүлсэн тогтолцоо гарцаагүй бий болох ёстой. Үүнд хоёр үндсэн шалтгаан бий. Сонгогчдын сонголт УИХ-д хувь тэнцэж, зөв суудаг байх ёстой. Өнөөдрийн мажоритар тогтолцоогоор 50 хувиа авсан улс төрийн нам үндсэндээ Засгийн эрхийн 90 хувийг авдаг. Хоёр дахь нь намын дотоод ардчилал. Намаас сонгуульд хэн нэгнийг дэвшүүлэхээс өмнө гишүүд нь пропорциональ тогтолцоогоор нам дотроо сонгууль хийж, асуудлаа шийддэг гишүүдийг гаргаж ирдэг болох ёстой. Тухайн хүн нь нам, гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг. Энэ бол намыг дотроос нь эрүүлжүүлэх арга юм. Пропорциональ тогтолцоо үнэхээр хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Улс төрийн намын тухай шинэ хуульд энэ асуудлыг тусгана гэж найдаж байна.

 

Иргэн: Өнөөдрийн уулзалтад нутгийн удирдлагууд ирээгүйд нийт Эрдэнэтчүүдийнхээ өмнөөс та бүхнээс хүлцэл өчиж байна. Ерөнхийлөгчийн сонгууль бол төрийн ажил. Намчирхсан үзлийн улмаас төрийн ажилд оролцохгүй байж болохгүй. Танд нэг зүйл л захья. Гадаадад очоод битгийй гуйлга гуйгаарай л гэж залуучуудынхаа өмнөөс хүсэх байна. Таны уулзалтын бичлэг, ярилцлагуудыг үзсэний үндсэн дээр Монгол Улсын зорилго юу вэ? гэж асуух гэсэн юм аа.

Нэр дэвшигч Д.Энхбат: Мэдээж хэрэг бусдаас гуйлгачилж, улалзаж явахыг хэн ч хүсэхгүй. Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг гэдэг. Бид бөхийдөггүй болохын тулд гэрийн даалгавараа сайн хийх хэрэгтэй.

Монгол Улсын зорилгыг Үндсэн хуульд томъёолсон байдаг. Харин өнөөдрийн яриатайгаа холбоод хариулвал бид хүсээд буй амьдралдаа хүрэхийн тулд өнөөдрийн Монголын эдийн засгийг тав дахин тэлэх хэрэгтэй. Тэр үед бид гуйлга гуйдаг амьдралаасаа сална гэсэн үг. Үүнийг яаж хийх вэ гэдэг нь хүн бүрийн хариулах ёстой том бөгөөд чухал асуулт. Монголын төр хүмүүсийг ардчилсан оронд амьдруулах үүрэгтэй. Өнөөдрийн дэлхий Монголд тав дахин өсөх боломжийг олгочихсон. Мэдээллийн технологи, төрөл бүрийн төхөөрөмж бий болчихоод байна. Харин бид энэ бүхнийг ашиглаж чадаж байгаа эсэх нь чухал. Тэгэхээр асуудал дахиад л гэрийн даалгавараа хийх тухай асуудал юм .

 

Иргэн: Сайн байна уу? Эрдэнэт бол Монгол-Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон хот учраас танаас оросоор асуулт асуух гэсэн юм аа. Залуучууд бид интернэтээс маш их мэдээлэл авч байна, тэр тусмаа улс төрийн бохир мэдээллүүд. Тиймээс хэнд нь итгэхээ мэдэхгүй байна. Бидний оролцоо, тусламж өнөөдрийн улс төрд хэрэгтэй юм уу? Хэрэгтэй бол бид яаж туслах вэ? Мөн таныг манай хотод ирж уулзсанд дахин талархал илэрхийлье. Залуучууд таныг маш их дэмжиж байгаа шүү. Би ч тэдний нэг нь.

Нэр дэвшигч Д.Энхбат: Баярлалаа. Сүүлийн таван жил бараг оросоор яриагүй тул бага зэрэг төсөөрчээ. Эрдэнэтчүүд, залуу үеийнхэн оросоор ярьж байгаад мөн “Монголын ардчиллын хөгжилд бид хэрхэн туслах вэ?” гэдэг чухал асуултыг асууж байгаад маш их баяртай байна.

Миний бодлоор оролцоо гэдэг бол ардчиллын түлхүүр үг. Тийм ч учраас залуусыг ийм төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үзэл бодлоо илэрхийлж, санал бодлоо солилцож байхыг уриалж байна. Ингэснээр хамтдаа хөгжиж, сая надад тавьсан асуултынхаа хариуг олох болно гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.

Уулзалтын бичлэгийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x