Д.Чойжамц: Битүүний өдөр хүн бүр гурван зүйлийг л чухалчлан анхаарах хэрэгтэй

0

Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын айлдсан битүүлэх ёсны талаархи мэдээллийг хүргэж байна.

-Монгол хүн бүр битүүний өдөр гурван зүйлийг хичээх хэрэгтэй. Нэгд, биеэ хичээх хэрэгтэй. Дээл хувцсаа засварлаж, айлд орохдоо дээлээ зассан, малгайгаа зөв төвшинд тавьсан байдалтай битүүлэхээр орно. Хоёрт, хэлээрээ сайн сайхан зүйлийн бэлгэдлийн утгатай үгийг айлд орохдоо хэлдэг. Уужуу, тайван бай. Бие хэл хоёрын хооронд сэтгэл байдаг. Бие, хэл, сэтгэл гурвын ариун, цэвэр байдлаар хуучин оноо үдэж байгаа юм. 

Сэтгэлийн бэлгэдэл болгож хөөрөглөдөг. Хөөрөг бол хүндэтгэлийн илэрхийлэл. Хөөрөгнийхөө амсрыг бага зэрэг суллалаад тамхилах хэрэгтэй. Суллаж байгаа нь “би энгийнээрээ сайхан амьдарч байгаа, надад жаргал зовлонгийн тал дээр бэргэх зүйл байхгүй” гэдгийг илэрхийлдэг. Хөөрөг авч байгаа хүн яриагаа үргэлжлүүлж, аж амьдралын аливаа нэгэн зүйлийг ярилцаж болно. Хөөрөгний амсрыг жаахан чангалаад өгчихвөл тухайн айлд гунигтай үйл явдал тохиосныг илтгэдэг. Тиймээс хөөрөгний эзэн яриагаа цэгнэж, аажуу тайван байдалд ордог. Сайхан сэтгэл, эвцлийн бэлгэдэл болгож хөөргөөр тамхилдаг. 

Битүүний өдөр хөөргөдөг ёс нь Өндөр гэгээний үеэс бэлгэдэлтэй. Өндөр гэгээн эвцэж өгөхгүй дайн байлдаан, яриа таарахгүй үед хөөрөглөж, тамхилж бай гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Тэр үеэс л хөөрөгний ёс журам дэлгэрч, монголчууд хоорондоо эвцсэн байдаг. Тиймээс хэн нэгэнтэй түнжин эвдэрсэн, сэтгэл санаанд юм хийсэн зүйлээ шинэ ондоо авч орохгүй гэж битүүний өдөр хөөрөглөдөг. Шинэ жилд орохдоо “сэтгэлийн ямар нэгэн хиргүй боллоо шүү” гэсэн эвцэл найрамдлын бэлгэдэл болсон уламжлал юм. 

Битүүний өдөр монгол түмэн таван зүйлийн идээгээр зочноо дайлдаг номтой. Гэрээ цэвэрлэж, идээ будаагаа сайхан засна гэдэг тухайн зочны харах мэдрэхүйд барьж буй бэлэг. Нүдээр харж буй зүйл эвсэг найрсаг, дизайн сайтай байх юм бол сэтгэлд нь бүлээн дулаан хайрлаж байна. Удаах нь чихэнд өргөх өргөл. Бэлэг дэмбэрэлтэй үг яриа хэлэлцэж, дуу хуур эгшиглэх нь сонорт өргөж буй бэлэг юм. Аманд нь сайхан амт өргөдөг. Айлд ороод идээнд хүрэхдээ амьтны амь ороогүй цагаан зүйлээс эхэлж хүртдэг. Дараагийнх нь хамарт өргөж буй үнэр. Сайхан үнэрт ямар ч хүний сэтгэл баясдаг. 

Шинийн 1-ний өглөө

Шинийн 1-нд өглөө эртлэн босдог. Хамгийн ахмадаасаа хүндэтгэн золгож эхэлдэг. Амар мэндээ зөв мэндлэхээс эхлээд жаяг ёс их. Эв нэгдлийн баяр. Шинэ цагт Цагаан сарын утга бэлгэдэл улам өргөжиж байна. Ахмад хүн гарын алгыг доош харуулан золгодог нь буян болон, урт удаан наснаас залуу үедээ өгч байна гэж хууччуул үздэг байжээ. Харин залуу нь гарын алгыг дээш харуулан золгож буян, урт нас, удаан жаргалаас нь хуваалцаж байна гэж бэлгэшээдэг байна.

Хүнд хамгийн эрхэм зүйл бол урт нас. Ганцхан өөрөө биш гэр бүл, ард түмнээрээ урт наслах хэрэгтэй. Хэчнээн баялаг эд хөрөнгө, мөнгө төгрөг байгаад үхчих юм бол ямар ч хэрэг байхгүй. Түүний дээр урт наслаад бүх юм сайхан болдог уу гэвэл бас үгүй. Өвдөж хавдаад байвал яагаад ч жаргалтай сайхан байхгүй. Тиймээс өвчингүй байхын төлөө хичээх ёстой юм. 

Муу үг хэлэхээр муу үг л ирдэг. Тиймээс гэр бүл, хань ижил, үр хүүхдүүддээ сайхан үг хэлж эвцэж зохицож байгаарай гэж захъя. Сайхан үг, үйлдэл бүр гэр бүлд халуун дулаан уур амьсгал авчирдаг. Тиймээс ч бурхан багш хамгийн түрүүн өөр рүүгээ хар гэж бидэнд айлдсан байдаг. Өөрийгөө зассанаар гадна талын харьцаж байгаа араншин засардаг. Тиймээс зохисгүй шалтгааныг хаяж, барцадгүй мэнд суугаарай ард түмэн минь. 

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x