Д.Хаянхярваа: Монгол улс төмөр замгүй, 280 сая ам.долларгүй үлдсэн хэргийг 35 сая төгрөгөөр хаачихсан шүүх бүрэлдхүүнийг бас харж үзээрэй, Ерөнхийлөгч өө
Д.Хаянхярваа:
Бид олон зүйл дээр Үндсэн хуулиа зөрчиж байна. Үндсэн хуульд онцгой тохиолдолд энэ энэ хуулийг өөрчлөнө гэсэн заалт байхгүй. Асуудлыг шийдвэрлэх өөр арга замыг хайх ёстой. Хууль хяналтын байгууллагынханд алдаа завхрал байсан уу гэвэл байсан. Сүр дуулиантайгаар том хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчилдаг, эмнэлэгт хэвтүүлдэг, дараа нь батлан даалтад гаргадаг. Тэгээд л усанд хаясан чулуу шиг алга болдог системээр явсаар удаж байна.
“Цензургүй яриа” гэх нэвтрүүлэгт орсон үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асангууд эдийн засгийн ашиг сонирхлын бүлэглэл, хулгай, луйврын тухай монгол даяар ярьж байна. Үүгээр хууль хяналтынхныг томилдог эрх мэдэлтэй хүмүүс тэднийг хүчээр улс төр лүү татан оруулж өнөөдрийн энэ хуулийн завхралыг гаргах замыг нээсэн нь харагдаж байна. Энэ бол гарцаагүй үнэн. Хууль хяналтынхан ч эрх мэдэлтэй хүмүүст үйлчилж байгаад эцэст нь Үндсэн хууль зөрчин байж системээ нураахдаа туллаа. Өнөөдөр Үндсэн хуультай оронд хуулийн хүрээнд амьдрахын тулд хуулиа мөрдөж ажиллах шаардлага зүй ёсоор гарч байна. Ерөнхийлөгчийн тавьсан үндэслэлд том хэргүүдтэй холбоотой асуудал их байна. Мэдээж шалгаж эцэслэх ёстой. Мөн дутуу орхигдсон зүйл ч байна. 280 сая ам.доллар буюу өнөөдрийн байдлаар 730 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой төмөр замын хэргийг 35 сая төгрөгөөр хаагаад шийдвэр гаргачихсан шүүх бүрэлдэхүүнийг мөн харж үзээрэй, Ерөнхийлөгч өө. Энэ бол Монгол улс төмөр замгүй, 280 сая ам.долларгүй үлдсэн хэрэг шүү. Хэн эрх мэдэлтэй нь өөрт хамааралтай том хэргээ халааслаад авч үлдэн, эрх мэдэлгүй нэгэн рүүгээ дайрч давшилдаг тогтолцоогоор явж болохгүй. Шударга зарчим, шударга хууль Монголд үйлчлэх ёстой.