Дулааны шугамыг Дэлхийн банкны хөрөнгө оруулалт аварч байна

0


Эрчим хүчний яамны “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн захиалгаар Дэлхийн банкны санхүүжилтээр дулааны магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх төсөл хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2024 онд одоо байгаа насжилтын хугацаа дууссан хуучин хоёр дулааны магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх, шинээр гурван дулааны магистраль шугам гэр хорооллын бүсэд суурилуулах, нэг насос станц өргөтгөн шинэчлэх юм.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 2а магистраль шугам нь 1960 онд ашиглалтад орсон насжилтын хугацаа дууссан яаралтай өргөтгөн шинэчлэх шаардлагтай шугамын нэг. Уг ажлын гүйцэтгэгчээр “Рутан” ХХК тендерт шалгарсан бөгөөд бараа материалын захиалга одоогийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй, барилга угсралтын ажил эхлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. Барилга угсралтын ажлын явцад үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл болон хэрэглээний халуун усны хязгаарлалтын талаар трассын дагуу байрлах 60 гаруй барилга байгууламж эзэмшигчдэд албан мэдэгдэл хүргүүлж, хорооны иргэдэд Дэлхийн банкны байгаль орчин, нийгмийн стандарт шаардлагын талаар сургалт зохион байгуулжээ.

2а магистраль шугамын барилга угсралтын ажлыг 150-200м-ээр хувааж хэсэгчлэн барилга угсралтын ажлыг хийх юм байна. Харин хэрэглээний халуун усыг хоёр хувааж эхний хэсгийг тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд, хоёрдахь хэсгийг зургадугаар сарын 15-наас наймдугаар дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд хязгаарлах зэргээр зохион байгуулалтын арга хэмжээг төслийн зүгээс авч байгаа аж. Дулааны шугам шинэчлэх ажилтай холбогдуулан холбогдох мэргэжилтнүүдээс зарим зүйлийг тодрууллаа.

Э.Мөндөр: Шугам шинэчлэх ажилд 30 орчим сая ам.доллар зарцуулаад байна

/Эрчим хүчний яамны Төслийн зохицуулагч/

Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл” хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийж гүйцэтгэсэн бэ?

Манай төсөл 2020 оноос эхэлсэн. Төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын хуучирч муудсан шугам хоолойг шинэчлэх, өргөтгөх юм. Дэлхийн банкны 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төсөл. Бид 2025-2044 он хүртэл жилийн 7.5 хувийн хүүтэй зээлээ төлөх ёстой. Төслийн хүрээнд 2021-2022 онд 5-р магистраль шугамыг өргөтгөн шинэчилсэн. Мөн Нарны гүүрний баруун талд ил шугам байдаг байсан. Тэрийг далд оруулах ажил хийгдсэн. Нийтдээ 3.8 км шугамыг 2021-2022 онд шинэчилсэн. 2023 онд 5.8 км зургаан байршилд шугам солих ажил хийгдсэн. Нийтдээ 40 сая ам.доллароос одоогийн байдлаар 30 орчим сая ам.доллар нь зарцуулагдаад байна.

-Энэ жилийн тухайд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Зургаан байршилд шугам сүлжээ солих ажил хийгдэнэ. Зургаан байршлынх нь хоёр нь хуучин шугам шинэчлэх ажил байгаа юм. Гурав нь шинээр шугам солино. Нэг нь насос станц солино. Эхнийх нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах насжилтын хугацаа дууссан, хуучирч муудсан дулааны 2а магистраль 950хос.м шугамыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил хийгдэнэ. Дараагийнх нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах  насжилтын хугацаа дууссан, хуучирч муудсан дулааны 9г магистраль 1100хос.м шугамыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил байна. Эдгээр ажлыг хийх компаниуд шалгарч гэрээ байгуулаад одоо ажил эхлэх гэж байна. Гуравдугаар ажил нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд шинээр суурилуулж байгаа “Дулааны цахилгаан станц-2”-ын баруун урд үл хөдлөх тулгуураас Москва хороолол чиглэлд 2ф800мм-ийн голчтой дулааны 2700 хос.м магистраль шугамын ажлыг гүйцээх барилга угсралтын ажил байна. Энэ ажил дээр тендер зарлаад байж байна. Дөрөвдүгээрт нь, Баянгол дүүргийн 11,13,15 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр суурилуулах Нарлаг худалдааны төвийн зүүн талаас Бичил зургаадугаар хороолол буюу 28 дугаар сургуулийн баруун хойд тал хүртэл шинээр барих дулааны 476.7хос.м шугам ус дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажил байна. Тавдугаарт, Баянгол дүүргийн 7,8,12,13,15 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр суурилуулах Соломолл (и-март) худалдааны төвийн замын урд талаас эхлэн ОСНААУГ-ын ДДТ-95 хүртэл 0.6хос.км 553.5 хос.м, ф400, 57.3хос.м, ф300 дулааны магистраль 657.5хос.м шугам шинээр суурилуулах барилга угсралтын ажлуудыг хэрэгжүүлнэ.

-Төслийн дуусах хугацаа хэзээ вэ?

-2025 оны 12 дугаар сард дуусна. Улаанбаатар хотод солих шаардлагатай 50-60 хувь нь муудсан шугам байна. Эх үүсвэр станц барина гээд л яриад байгаа. Станцаасаа өмнө шугамууд нь хуучраад муудчихаад байна шүү дээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шугамыг солих боломжгүй. Мөнгө тавиад батлагдахгүй байгаа. Тиймээс хамгийн хялбар арга нь гадаадын зээл байдаг. Бид олон жил судалж, хөөцөлдөж байж Дэлхийн банкнаас энэ зээлийг авсан.

Д.Баяртогтох: Дулааны шугам солигдоогүй бол нэлээд хүндрэлтэй байдал үүсэх байсан

/“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Төслийн нэгжийн ахлагч/

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 2а магистраль шугамыг шинэчлэх ажил эхлэх гэж байгаа юм байна. Энэ шугам хотын төвийн аль хэсгээр байрладаг юм бэ?

-2а магистраль шугам Улаанбаатар хотын дулааны шугамуудын анхных гэж хэлэхэд болно. 1959 оноос төвийн хэсгийг төвлөрсөн дулаан хангамжид холбох зорилгоор 1 болон 2-р магистралийг анх тухайн үеийн ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан байдаг. Энэ шугамд шинэчлэлийн ажлууд хийгдэж байсан. Ингэж явсаар одоо ашиглалтын хугацаа нь дууссан. 30-40 жилийн настай болсон шугамууд дээр Дэлхийн банкны санхүүжилтээр одоо байгаа диаметрийг нь өргөтгөх ажил хийгдэж байна. Түүнчлэн зэрэгцээ явж байгаа хүйтэн усны шугам сүлжээг өргөтгөөд нэг сувагт оруулж шинэчлэх ажил хийгдэнэ. Ганцхан дулааны шугам биш цэвэр усны шугам замын нөхөн сэргээлтийг давхар хийх ач холбогдолтой. Энэ ажлууд хийгдсэнээр хотын төвийн орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж, цэвэр усны хангамжийн найдвартай ажиллагаа дээшлэх ач холбогдолтой. Энэ шугам Төв номын сангийн араас эхлээд Жамъян гүний гудамжаар яваад уулзар гарч, ГХЯ-ны баруун урд талын уулзварыг гараад, Чойдогийн гудамжаар яваад, Нэгдүгээр эмнэлгийн баруун талаас хойшоо нэвт эргээд Улаанбаатар зочид буудлын цэцэрлэгт хүрээлэн хүрэх юм.

-Шугам шинэчлэх ажлыг ямар хугацаанд хийж гүйцэтгэх вэ?

-Графикт хугацаа нь тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1 хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Гэхдээ замын нөхцөл байдал бусад асуудлуудтай холбоотой хүндрэл байна. Бэлтгэл ажлуудаа гүйцэтгэгч компаниуд бүрэн хангасан. Энэ жил 2а магистраль, 9г магистраль зэрэг томоохон шугамуудаа шинэчлэх ажлыг хийж дуусгавал төслийн нэлээдгүй ажил нугаларч байгаа юм. Өнгөрсөн жил Бага тойргийн 4а,б магистралийг сольсон. Сонсголонгийн зам дагуух магистралуудыг сольсон. 9ж магистраль буюу Мах комбинатын зүүн талаарх шугамуудыг сольсон. 12г магистралийг сольсон. Улаанбаатар хотын дулааны шугамын сольж байгаа хурд нь элэгдлийнхээ хурдыг хөрөнгө оруулалт нь гүйцэж чаддаггүй. Тэрнээс шалтгаалаад шугамуудын насжилт нэмэгдээд гэмтэл гарах магадлал нь ихсээд байдаг. Хуучирч муудсан шугамуудыг Дэлхийн банкны зээлээр сольж байна. Нэлээд үр дүнгээ өгсөн. Цаг үеэ олсон төсөл хэрэгжиж байна.

-Төсөл хэрэгжээд дуусахад нөхцөл байдал хэдэн хувиар дээрдэх вэ?

-2020 оноос хойш төслийн бэлтгэл ажлууд эхэлсэн. 2023 оноос дулааны шугам солигдоогүй бол нэлээд хүндрэлтэй байдал үүсэх байсан. Бид өвөл газар хөлдсөн үед засвар хийх боломжгүй  байдаг.  Гэмтэл гараад дулаан хангамж доголдох байсныг бууруулж чадсан.  Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн хот. Жилийн дөрвөн улирал өвлөө давах бэлтгэл хийдэг. Ойлголт муутай хүмүүс “Жил болгон л ухах юм” гэдэг асуудлыг ярьдаг.

-Бүгдийг нь шинээр сольчихвол жил болгон ухах шаардлагагүй биз дээ?

-Үнэхээр бүгдийг нь шинээр соливол 30 жилийн дараа гар хүрнэ. Шаардлагатай хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа учраас насжилтын хэмжээ нь улам л нэмэгдээд  байдаг. 2а магистралийн нэг онцлог нь нэвтрэх сувагтай. Нэвтрэх сувгаараа засварын ажлаа хийж гүйцэтгэнэ. Газар доорх хот маань чанартай сайн байвал газар дээрх хотод ямар ч асуудал гарахгүй шүү дээ.

М.Бүрэнбаатар: Дэлхийн банкны тавьдаг шаардлага нь өндөр байдаг

/“Рутан” ХХК-ийн Талбайн инженер/

Танай компани Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 2а магистраль шугамыг шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр шалгарсан юм байна. Ажил эхлэхэд хүндрэлтэй асуудал тулгарч байна уу?

 –Ажил эхлэх тал дээр хүндрэл бэрхшээл гээд байх зүйл одоогоор алга байна. Төв замуудыг сэтлэхтэй холбоотой байгууллагуудаас тодруулга авч байна. Нэг барилга байгууламжид дунджаар 60-100 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна. Тэгэхээр 6000 орчим аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчдын явган хүний болон авто машины орц гарцын асуудал хөндөгдөж байна гэсэн үг. Мөн 2а магистраль шугамын нөлөөлөлд хотын төвийн авто замууд өртөж байгаа нь ажлыг нэлээн хүндрэлтэй болгож байгаа. Энэ тал дээр Нийслэлийн замын хөгжлийн газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Тээврийн цагдаагийн алба, дүүргийн замын цагдаагийн алба, Гадаад хэргийн яам, Төрийн тусгай хамгаалалтын газруудаас зохих зөвшөөрөл дэмжлэгийг авч хамтран ажиллаж байна.

-“Рутан” компани эрчим хүчний төв магистраль шугам солих ажил дээр нэлээд туршлагатай юм билээ. Олон жилийн туршлагаас харахад ажил явуулахад ямар хүндрэл гардаг вэ?

-Манай компани эрчим хүчний төв магистраль шугам солих ажил дээр 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Олон жилийн туршлагаас харахад инженерийн шугам сүлжээний байгууламж дээрээ хувийн аж ахуйн нэгжүүд маш их тохижилт хийсэн байдаг. Тиймээс нөхөн сэргээлт тал дээр асуудал үүсдэг. Автозамуудыг нэлээд сэтэлнэ. Дэлхийн банкны тавьдаг шаардлага нь өндөр байдаг. Тухайн ажлыг хийхдээ байгаль орчин, нийгэмд учирч байгаа сөрөг нөлөөллийг аль болох бууруулах, арилгаж байж энэ ажлыг хий гэдэг шаардлага тавьдаг. Аль аль талаасаа хамтран дэмжиж ажил урагшилна. Бид ийм журмаар ажиллаж байна.



Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x