Далай ээжээ аваръя | Mongolian Economy

0


Хөвсгөл нуур Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг. Хэрэв нуур бохирдвол манай улс ундны усны хомстолд орох аюултай гэдгийг Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганд оролцсон эрдэмтэн судлаачид сануулж байв. Тийм ч учраас нуур, ус бүрт зориулан хууль батлаад байхгүй ч Хөвсгөл нуурыг тусгайлан хуулиар хамгаалах ёстой гэдгийг тэд онцолсон юм.  

Хөвсгөл нуурыг бохирдуулагч гол хүчин зүйл нь нуур орчмын жуулчны баазууд. Одоогоор нуурын бүсэд 100 шахам жуулчны бааз, 130 гаруй гэр буудал, найман зочид буудал, 15 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн дийлэнх нь цэвэрлэх байгууламжид холбогдоогүй тул хөрс, ус, нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. 

Хөвсгөл нуурын бохирдол цэг бүрт харилцан адилгүйгээс гадна улирлын чанартай байгааг судлаачид онцолж байв. Тухайлбал, өвлийн улиралд булингарын илэрцгүй байдаг бол зуны улиралд хүний хүчин зүйлийн нөлөөгөөр булингар ихээр үүсдэг байна. 

Усны чанарыг биотик индексээр үнэлэхэд, Хөвсгөл нуурын хойд эрэг-Хороо гол, Ханх сумын дагуух нуурын эрэг, Хатгал дахь жуулчны баазуудын харалдаа хамгийн их бохирдол үүссэн байжээ. 

Харин Аммоний бохирдлын хувьд амралтын газруудын ойр орчим ахуйн бохирдол, шивтрийн гаралтай аммоний ион илэрдэг бол малтай айлуудын ойролцоо нуурын эргээр малын баас шивтрээс бохирддог байна. 

Тиймээс энэ зунаас эхлэн нуур орчмын жуулчны базуудад тодорхой стандарт тогтоон, нүхэн жорлон ашиглахыг бүр мөсөн хориглолоо.  БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Аж ахуйн нэгжүүд Ногоон зээлийн санхүүжилтээр био суултуур авах боломжтой. Хэрэв нүхэн жорлонгоо шийдэхгүй бол аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахгүй гэж ойлгох хэрэгтэй” гэж чуулганы үеэр онцгойлон мэдэгдсэн. Мөн цэвэр бохир ус, замын дэд бүтцийг системтэй байгуулахаар төлөвлөжээ.

Хоёр өдөр үргэлжилсэн “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ы хүрээнд дөрвөн салбар хуралдаан зохион байгуулж, зөвлөмж гаргав. 

Жуулчны баазуудаас гадна жуулчдад чиглэсэн нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх шаардлага бий. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Хөвсгөл нуурын эко системд учирч буй эрсдэл, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгааг ч онцолсон. Судалгаанаас үзвэл, 2004 онд 7700 гаруй жуулчин Хөвсгөл нуур луу аялсан бол өнөөдөр жуулчдын тоо 12 дахин өсөж, 90 мянга давжээ. Харин 2021 онд цар тахлын улмаас гадаад жуулчдын хөдөлгөөн зогсож,  дотоодын 58 мянган жуулчин очиж амарсан байна. 

Хөвсгөл нуурын аялал жуулчлал ийн эрчимжиж буй учраас аялагчдын соёл, боловсролд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг ч идэвхжүүлэх шаардлагатайг жуулчны компаниудын төлөөлөл хэлж байв. Тухайлбал, ирэх сарын 3-5-ны өдрүүдэд болох “Хөх сувд” мөсний баярыг байгаль орчинд халгүй байдлаар зохион байгуулж, оролцогчдод зөвлөмж тараах зэргээр зохион байгуулалтад нь онцгойлон тусгаж өгөх шаарддлагатай, үүнд орон нутгийн зүгээс онцгойлон анхаарах хэрэгтэй гэж байсан юм.  

Далай ээжийг цаазын тавцанд аваачсан өөр нэг том шалтгаан бол эмх замбараагүй газар олголт. Хөвсгөл нуур орчимд сүүлийн 20-иод жилийн турш тодорхой төлөвлөлтгүйгээр газар олгожээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Далай ээж дараагийн Зайсан, Нүхт биш гэдгийг чуулганы үеэр тодотгосон. Тийм ч учраас  энэ оноос эхлэн аялал жуулчлалын чиглэлээр шинээр газар олгохгүй байх, өмнөх газар олголтыг шалган дахин төлөвлөх зэрэг ажлыг гүйцэтгэхээр болжээ. 

Чуулганаар хэлэлцсэн өөр нэг онцлох сэдэв нь аюултай хог хаягдлыг цэвэрлэх талаар байлаа. Энэ ажлын хүрээнд нуурт живсэн машин, техникийг татан гаргах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, 2024 он гэхэд нуурыг живсэн машин, техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн цэвэрлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлж, бүртгэлжүүлэхгүй бол хүссэн хүн бүр моторт завь хөлөглөн бохирдол үүсгэх нөхцөл бий болоод байгаа аж. 

Мөн чуулганд оролцогч эрдэмтэн, судлаачид Хөвсгөл нуур орчмын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, эмзэг байдлын судалгааг хийж, эрсдэлийг бууруулах арга аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах шаардлагатайг онцолж байв. Хөвсгөл нуурын судалгааг олон  байгууллага өргөн хүрээнд хийж байгаа ч хоорондоо уялдаа холбоо тааруу байдаг. Тиймээс ойрын хугацаанд Хөвсгөл нуурыг судлах төв байгуулж, нуурын усны чанарын лабораторыг шинэчилэн, судалгаа шинжилгээнд суурилсан хамгааллын ажил хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж тэд хэлж байсан юм. 

 

 

 

 

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x