Геологийн салбарын улсын зөвлөгөөн болж байна

0


Монгол Улсын нутаг дэвсгэрийн 57 хувьд 1:50.000 масштабтай геологийн зураглалын ажил хийгдээгүй, нарийвчилсан эрэл, эрэл үнэлгээний шатны хайгуулын ажлууд үндсэндээ орхигдоод байгаа энэ цаг үед салбарын түвшинд хууль, эрх зүйн шинэчлэл хийгдэж байна. Тухайлбал, геологи, уул уурхайн салбарын гол хууль Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбарын яам, агентлагаас санаачлан боловсруулж байгаа билээ. Тиймээс Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлөөс санаачлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний геологийн Алба, Ашигт малтмал, газрын тосны газар, бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр Геологийн салбарын улсын зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нээж үг хэлэхдээ “Геологи, хайгуулын салбар бол уул уурхайн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, улс орны хөгжлийг илтгэх суурь салбар бөгөөд 2022 онд уул уурхайн салбарын эдийн засагт оруулсан тоон үзүүлэлтийг дурдвал дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн салбарын 69 хувь, экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Гэсэн хэдий ч улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах ажлын эрч саарах хандлагатай болж ирлээ. Үүнийг нэг талаас хөрөнгө оруулалт буурсантай холбож болох ч цаад агуулгаараа хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин тогтворгүй байгаатай холбоотой юм” хэмээн тодотголоо.

Тэрбээр мөн “Энэ нөхцөл байдлыг засаж залруулах үүднээс ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгохтой холбоотой харилцааг хялбаршуулах, ил тод хүртээмжтэй болгох нь улс орны нийтлэг эрх ашигт нийцэх юм. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх явдал бол манай Засгийн газрын бодлогын цөм бөгөөд салбарын дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллаж, эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалж, салбартаа төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг өргөжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна” гэлээ.

Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй ”Хурал зөвлөгөөн хийгээд л асуудлыг шийдэх боломжгүй нь ойлгомжтой. Тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлууд олон. Оносон зүйлс ч их бий. Энэ бүхнийг тунгааж үзээд энэ зөвлөгөөнөөр ил гаргаж тавья гэж зорьж байна. Хуралдаанаас зөвлөмж гарна. Түүнийгээ хууль тогтоогчдод хүргэхэд анхаарна гэдэгт итгэж байна” гэж онцоллоо.

Геологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллага, орон нутгийн 500 орчим төлөөлөгч оролцож байгаа уг зөвлөгөөний гол зорилго, ач холбогдол нь салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар нээлттэй хэлэлцэж, зөвлөмж гаргахад оршиж  байна. Уг зөвлөмжийг төр, засгийн холбогдох бүх л шатанд хүргэж, салбарын хууль, эрх зүйн баримт бичгүүдэд тусгуулах нь зөвлөгөөний гол үр дүн юм.

Зөвлөгөөнд УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга “Монгол Улсын Геологийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчин”, Монголын геологийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Тодбилэг “Монгол Улсын Геологийн салбарын өнөөгийн байдал”, МУИС-ийн Геологи-Геофизикийн тэнхимийн дэд профессор Х.Уламбадрах “Геологийн салбарын хүний нөөц, геологичдын оюуны үнэлэмж”, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй “Геологийн салбарын тулгамдсан асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлгүүд өрнөх юм.

Геологийн салбарт төр засгийн зүгээс онцгой анхаарч, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болжээ. Түүнчлэн Үндэсний геологийн албаа бэхжүүлж, геологийн суурь судалгаа, эрлийн хэтийн төлөвийг тодорхойлох нь манай улсын геополитикийн түлхүүр, суурь зарчмыг бий болгоход томоохон бааз суурь болох учиртай. Монгол Улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, бүх төрлийн геологийн судалгааг эрчимжүүлэх, геологичдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, салбарын ажиллагсдын нийтлэг, хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн тус зөвлөгөөн цаашид таван жилд нэг удаа болох юм.

 

 

 

 



Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x