Б.Эрдэнэбаатар: Төслийг хэрэгжүүлснээр баруун дүүрэгт худалдаа, аялал жуулчлал, амралтын цогцолбор байгуулагдаж, түгжрэл 12-15 хувиар буурна

0


Олон улсын худалдаа логистикийн төвийн дэд захирал Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Нийслэлд дутагдаж байгаа амралт зугаалгын бүс, иж бүрэн төв байгуулагдах гэж байгаа нь олзуурхууштай. Яг ямар төслүүд хэрэгжих вэ?  

-Манай  олон улсын худалдаа логистикийн төв анх байгуулагдахдаа зөвхөн нийслэл хот доторх авто машин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслэл худалддаг зах цэгүүдийг нэгтгэх зорилготой байсан бол тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж үйл ажиллагаагаа  өргөтгөж 2018 онд НИТХ-ын шийдвэрээр “Олон улсын худалдаа логистикийн төв” төрийн өмчит ХК болгон өөрчлөн байгуулагдсан. Манай төв нийт 130 га талбайтай, хээрийн байгальтай. Мөн машины мэргэжлийн уралдаан тэмцээн, үзэсгэлэн худалдаа ихээр зохиогдох болсон, хиймэл нуур зэрэг давуу байдлуудтай. Иймээс худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал амралтын төв байгуулах зорилгоор долоон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төсөлд маань Хангарьд терминаль,  төмөр замын гаалийн хяналтын бүс, Улаанбаатар экспо үзэсгэлэнгийн танхим, Авто сэлбэг, тос тосолгооны материал, дагалдах хэрэгслэлийн бөөний төв, Хүнс барааны худалдааны бөөний төв төсөл, “Шувуут нуур” төсөл,  мод үржүүлэг, нуурын тохижилт, хамгаалалтын бүс тогтоох, зураглал гаргах зэрэг долоон төсөл багтаж байгаа.  Хэрэгжих хугацааны хувьд  2022-2025 хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. .

-Төслүүд хэрэв цогцоороо хэрэгжиж чадвал хотын баруун хэсгийн хөгжилд нилээд эерэгээр нөлөөлөх дүр зураг харагдаж байна уу?

– Тийм ээ.  Эдгээр төслүүд цогцоороо хэрэгжихэд нийслэлийн баруун дүүрэгт тээвэр логистик, гаалийн хяналтын бүс, олон улсын худалдаа үйлчилгээний төв, аялал жуулчлал  амралт, чөлөөт цагийн эко цогцолбор бүхий төв болно гэж тооцоолоод байна. Хангарьд терминаль байгуулагдснаар Таван шар, Сүлжмэлийн үйлдвэр,  Энхтайваны өргөн чөлөөний авто замын түгжрэл буурна. Энэ орчмын бөөгнөрөл ачаалал Драгон төвөөс үүдэлтэй.  Албан ёсоор 31 хэн автобусны зогсоолтой атлаа  14 аймгийн 800 гаруй хот хоорондын зорчигч үйлчилгээний тээврийн хэрэгслэл хүлээн авч  хүмүүс болон автомашины ачаалал,  хөдөлгөөний нягтрал, орчны чимээ, бохирдол түгжрэл зэрэг түмэн бэрхшээл бүхий Драгон төвийг Хангарьд терминаль руу нүүлгэнэ гэсэн үг юм.

Баруун болон төвийн 16 аймгуудыг холбосон 100  автобусны зогсоол, 16900 метр квадрат талбайтай оффисын барилга,, үйлчилгээний талбай, 300 машины зогсоол, нийтийн тээврийн дулаан авто зогсоол зэргийг цогцоор нь байгуулна.Гаалийн хяналтын бүсийг Сонгино хайрхан дүүргийн баруун хэсэгт байгуулах, Сонсголон Таван толгой чиглэлийн хуучин төмөр замыг ашиглалтад оруулж тээврийн хэрэгслэл бараа таваарын импортыг нэг цэгт төвлөрүүлнэ.  Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл, Нарны зам Энхтайвны өргөн чөлөө Ажилчдын гудамж дагуу нийт 15 гаалийн хяналтын бүс байдаг.  Эдгээр гаалийн хяналтын бүсүүдийн орчим ачаалал, бөөгнөрөл маш их байдаг бөгөөд Сонсголон Таван толгой хяналтын нэгдсэн гаалийн бүсийг байгуулснаар эдгээр хүндрэлүүд арилна гэж үзэж байгаа. Ийнхүү төмөр замыг ашиглаж гаалийн хяналтын талбай бүхий  ачаа тээврийн логистикийн төв байгуулагдснаар төвлөрлийг 12-15 хувиар бууруулна гэсэн мэргэжлийн байгуулагуудын судалгаа гарсан.

Түүнчлэн нийслэлийн томоохон үзэсгэлэнгүүд Мишээл эпспод болдог ч болдог ч дөнгөж 2376 ам метр талбайтай. Шинээр баригдах үзэсгэлэнгийн талбай 10500 ам метр талбайтай зоорийн байгууамжтайгаа нийлээд дөрвөн давхар том объект баригдана. Үүнийг дагаад олон улсын болон дотоодын үзэсгэлэн, худалдаа  тасралтгүй явагдах боломжтой. Мөн банк, татвар, даатгал, авто тээврийн хэрэгслэлийн улсын болон шилжилт хөдөлгөөний бүртгэл, авто техникийн хяналтын үзлэгийн төв буюу оношлогооны газар, авто сэлбэгийн бөөний худалдааны төв,  машин засвар гээд авто машинтай холбоотой бүхий л үйлчилгээг  нэг дор байрлуулах төв байгуулахаар төлөвлөсөн.

-Хиймэл нуурын хувьд байгалиасаа юм уу, хэзээ үүссэн бэ?

Шувуут нуурт мод тарьж байгаа нь

-Энэ нутаг дэвсгэрт карьерийн  зөвшөөрөл олгож их хэмжээний талбайг эзлэх болж 2004 онд зогсоосон. Гэтэл газрын гүнээс ус ундарч 17 га талбай бүхий том хэмжээний нуур үүсэж шувуудаас гадна  планктон, алгана, хэлтэг, сахалт эрээлж, шаамий зэрэг загас,  хэд хэдэн төрлийн замаг нууранд байгааг судалж байна.  Хамгийн сонирхолтой нь зэгс, бургас бүхий жижигхэн арлууд  нуурын дунд үүссэн.  Нууранд хун, галуу,  хэд хэдэн төрлийн нугас, хар галуу, хондон ангир,цэнхэр шаазгай, улаан гүеэт хөөндий, ангир, цахлай зэрэг 42 овгийн 204 зүйлийн шувууд  байгааг “Сараана” байгаль хамгаалах сангийн болон шувуу судлаач мэргэжилтнүүд тогтоогоод байгаа.. Нуурыг 102 зүйлийн нүүдлийн шувууд дайрч өнгөрдөг, 44 зүйл шувууд өндөглөж зусдаг, 33 зүйл шувуу суурин, 13 төрлийн шувууд тогтмол энд өвөлжиж байгаа нь үнэхээр гайхалтай ундарч одоогоор Нуур орчмын газар нь уулын хээрийн бүсээс нугын хэв шинжтэй болж 57 төрөл зүйлийн ургамал бүртгэгдсэн байна.

Нуурын усыг Усны газраас шинжилж үзээд  цэвэр цэнгэг, унданд  хэрэглэж болно гэсэн шинжилгээний хариуг усны газраас гаргасан.  Ийнхүү хэний ч гар хүрээгүй хөрөнгө мөнгөний зардалгүйгээр өөрөө бий болсон нуурыг түшиглэн иргэдийн амралт чөлөөт цагийг өнгөрөөх ногоон цэцэрлэг мод үржүүлэг бүхий “Шувуут нуур”томоохон цогцолборыг бий болгох боломжтой гэж НИТХ-аас үзэж шийдвэр гаргасан.

Юуны өмнө нуурыг цэвэрлэх, ойр орчим хаягдсан карьерын нүхнүүдийг дарж аюул ослоос сэргийлэх,  иргэд амралтын өдрүүдээр оноороо ирж, хог бохирдол бий болгож байгаа тул талхлагдахаа нь урьтаж  яаралтай хайс, хамгаалалт хийж аялал жуулчлалын хамгаалалтын бүсэд авах шаардлагатай байгаа юм. Үүсэн бий болсон  энэхүү амьд нуурыг яаралтай аялал жуулчлалын хамгаалалтад авч хөгжүүлэх шаардлагатай. Одоогоор  “Шувуут нуур” хэмээн олонд нэрлэгдэж буй нуурыг томоохон цогцолбор болгоход төр засаг, хувийн хэвшил болоод иргэд, олон нийтийн дэмжлэг ч маш чухал. Учир нь нийслэлчүүд бидэнд амьд ногоон байгууламж ус агаар шиг хэрэгтэй байна.

 

 

 

 



Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x