Б.Энхбаяр: Монгол Улсын эрх зүйн системд цаашдаа аливаа хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ | Мэдээллийн дэлгэрэнгүй

0


    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  (2022.06.03) нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчөлт оруулах тухай хууль батлагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 

    Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар санаачлан боловсруулж 2021 оны  04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.  

    Хэвлэлийн бага хурлын эхэнд төсөл санаачлагч гишүүдийн нэг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийг боловсруулсан шалтгаан нөхцөл, ач холбогдлын талаар товч мэдээлсэн. Тэрбээр мэдээлэлдээ, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол яллах,  нотлогдоогүй нөхцөлд цагаатгах шийдвэр гаргадаг. Харин манай улсын хувьд гурав дахь шийдвэр буюу хэргийг мөрдөн байцаалт нь буцаах гэдэг шийдвэрийг гаргаж ирсэн. Энэхүү  шийдвэрийн уршгаар маш олон хэргүүдийг мөрдөн байцаалтад буцаах замаар хэрэг замруулж, хуулийнхан авлигачдад хонгил үүсгэдэг ийм механизм бүрдсэн байна гэж дүгнэн  гишүүд хуулийн төслийг өргөн барьсныг онцолсон. Мөн хууль ердийн журмаар хэрэгжихийг тодотгоод хуулийн төсөл батлагдсанаар аливаа хэргүүд гэм буруугүйн шүүхийн шатгнаас мөрдөн байцаалтад буцахгүй. Ганцхан шатнаас буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс буцна. Энэ шатанд тухайн хэргийн талаар нотлох баримтуудыг хангалттай цуглуулсан, хэрэгтэн, ялагдагч, сэжигтэнд эрх, үүргийг нь танилцуулсан, эсэх өмгөөлөгчтэй хамт байцаасан уу, хууль бусаар эрүүдэн шүүж байгаад гарын үсэг зуруулсан уу үгүй юу гэдгийг тусгайлан шалгадаг юм. Энэ үе шатанд хууль зөрчсөн байвал хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хангалттай нотлох баримт цугларчээ гэж үзвэл шүүх рүү шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрх зүйн системд  цаашдаа аливаа хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ гэдгийг тодотгосон. 


    Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн мэдээлэлдээ,  хуулийн төсөл батлагдсанаар хүн хэлмэгдүүлэх явдал  эрс багасахыг онцолсон. Мөн  одоогийн нөхцөл байдал, тогтолцоогоор хэрэг маргааныг мөрдөн байцаалтад буцаадгаас болж хүн хэлмэгдүүлэх, эсвэл ял завшуулдаг байдал нэлээдгүй хэмжээгээр гараад байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн  хуралдаан дээр хэргийг буцаахгүй болохоор тодорхой хэмжээний эрсдэлүүд үүсэх юм биш үү гэдэг болгоомжлол яригдсан. Хуулийн төсөлд анхан шатны шүүх дээр 30  хоногийн хугацаагаар нэг удаа одоо хойшлуулах тухай заалт байсныг Засгийн газар болон хуулийн байгууллагууд 60 хүртэл хоног байх санал тавьсныг Ажлын хэсэг хүлээн авсныг тодотгож байлаа. Хэдийгээр хэдхэн заалттай хууль боловч хэрэгжиж эхлэхээрээ хууль шүүхийн байгууллагынхнаас арга ажиллагаагаа өөрчлөхийг шаардана гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн хэлсэн үгэндээ тодотгохын зэрэгцээ Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх чиглэлд идэвхтэй ажиллаж энэ хүрээнд  уг хууль батлагдсанаар эргэлтийн шинжтэй томоохон  алхам болсон гэж Ажлын хэсгээс үзэж байна гэв. 


    Мөн Улсын Их Хурлын гишүүн, төсөл санаачлагчдын нэг Б.Пүрэвдорж хуулийн ач холбогдлын талаарх хэлсэн үгэндээ, нийгэм олон нийтэд ил болсон “Жаст”-ын хэрэг өнөөдрийг хүртэл 10 гаруй жилийн турш өмгөөлөгч, мөрдөгч, яллагч шүүгч дөрвийн дунд шийдэгдэлгүй явсныг жишээ татан онцлоод цаашдаа хүний эрхийг дээдэлдэг дэлхий нийтийн хандлагыг дагаж аливаа хэрэг, маргаан шүүхээр шийдэгддэг, эсвэл цагаатгагддаг тогтолцоог Монгол Улсад нутагшуулж байгаагаараа чухал хууль болсон гэдгийг мэдэгдсэн. 


    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, төсөл санаачлагчдын нэг Ц.Сандаг-Очир батлагдсан хуулийн талаар үг хэллээ. Тэрбээр, МАН 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө томоохон амлалт авсны нэг нь эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох зорилт тусгасныг дурдаад Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл буюу авлига, албан тушаал буюу улс төр, нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргүүд нийгэм, олон нийтийн дунд сүр дуулиан болж байгаад усанд хаясан чулуу шиг замхардаг. Шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг шат дамжлагаас болж зарим нөхөд  хугацаа хожих, ял завшдаг гажуудал бий болсон. Энэ гажуудлыг засаж, залруулах нь хуулийн гол амин судас  нь болсныг тодотголоо.


    Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Цогтбаатар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчөлт оруулах тухай хууль батлагдсанаар эрх зүйн салбарынхны сэтгэлгээнд томоохон өөрчлөлт, өндөр хариуцлага авчирна гэдгийг тодотгоод дэлхий нийтийн хандлагыг л бид хуульд тусгаж,  тогтолцоог нь л сэргээж байгаагаа мэдэгдсэн.

    Хэвлэлийн бага хурлын төсгөлд Улсын Их Хурлын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.    





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x