Б.ЖАРГАЛСАЙХАН: Хүлэмж барих нь ченжүүдэд, Монгол руу баас шээсээр бордсон ногоогоо илгээдэг хятад ногоочдод ашиггүй

0

ХЯТАД НОГООЧДОД АШИГГҮЙ НОГООНЫ ХҮЛЭМЖ БА ТЭДНИЙ ЧЕНЖҮҮД…

Б.Жаргалсайхан

Хятадуудын өөрсдөө ч иддэггүй хүнсний нохой, тахиа зэргийг Монголчууд яагаад иддэг юм бэ. Яагаад хамгийн хямдхан, хор хөнөөлтэй ногоо, тахиагаар зоогийн газрууд үнэтэй хоол хийдэг вэ. 
Яагаад эх оронч, хятадуудыг үзэн ядагч та бид тал нутгийнхаа хөрсөн дээр тарьсан ногоог авдаггүй юм бэ. Хариултууд энгийн л дээ. Эрэлт байгаа газар нийлүүлэлт байгаа учир ченжүүд хамгийн хямд, химийн хортой ногоо, зургаан гуятай тахиа зэргийг зөөсөөр л байх болно. Тэгэхээр яах вэ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн хүнсний ногоог оруулахгүй байхын тулд Монголчууд өөрсдөө ногоогоо хангалттай тарих ёстой. Зундаа жаахан ногоо тариад намар үнэ нь навс уначихдаг байдлаас гарахын тулд жилийн дөрвөн улиралд хүнсний болон жимс жимсгэнээ тарьж сурцгаая. Өвөл хавар ногооны хомсдол үүсэн хятадаас зөөдөг. 
Монголчууд жимсээ Орос, Хятад Казахстан, Киргизстан, Солонгос, Японоос зөөж байна. Тийм баян улс уу. Гол горхио ширгээн алт ухаад тэр олсон мөнгөөрөө тансаглаж байгаа нь царай нь тэр. Бидэнд боломж байгаа юу. Зурагтаар “Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэг”-ийн тэргүүн Х.Алтанцацрал
“Эрс тэрс уур амьсгалтай Монгол Улсын хүнсний ногоо, жимсний хэрэгцээг хангах ямар ч боломж байхгүй. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх гээд “Хубилай” бондоос 17.1 сая ам.доллар өгсөн ч “Голомт” банк хүүлээд дуусгасан” гэж ярилаа. Энэ хүний гутаранги ярианаас үзвэл Монгол Улс хятадаас ногоогоо зөөсөөр байх уу. “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат “Хүнсний ногоо тарихад маш их зардал гардаг учраас Хятад ногоотой өрсөлдөх боломжгүй. Төр Засгийн зүгээс хил гаалийн татвараа өндөрсгөөд иргэд эрх оронч, үндэсхэрг үзлээр хүнсний ногоогоо авах хэрэгтэй” гэх юм. Эндээс хятадууд бага зардал гаргаад ногоо хямд зараад байна уу гэсэн асуулт гарч ирнэ.
Саяхан хотын дарга С.Амарсайхан 50 га газарт хятадуудаар Хүлэмж бариулна гэжээ. Манай эх орончид хийгээд, ногоочид эсэргүүцэн холбоо хүртэл байгуулсан сураг байна. Миний бие хүртэл Хотын дарга С.Амарсайхан хятадуудад 50 га газар өгсөн байж магадгүй хэмээн ихэд хардан дахин дахин яриаг нь үзэв. Мөн “Хятадуудад 50 га газар өгч магадгүй” гэсэн С.Мөнхчулууны яриаг ч сонслоо. 60 тэрбумын Ц.Сандуйн Засаг даргад зүтгүүлээд байсан С.Мөнхчулуун ч яахав ээрч муураад магадгүй, бодлоор гэх мэт ярьжээ. С.Амарсайхан 50 га газарт Хятадын Засгийн газрын зээлээр дөрвөн улиралын хүнсний ногооны хүлэмж барих гэрээ хэлцэл хийжээ. Мөн хятад мэргэжилтнээр тодорхой хугацаанд Хүлэмжийн ногоо тарихыг монголчуудад заалгах гэнэ. Яг үнэндээ монголчууд тэнгэртэй харьцан хоёр мянган жил мал аж ахуй эрхлэсэн болохоос Хятадууд шиг түмэн жил газар шагайн ногоо тариагүй учраас туршлага багатай ард түмэн. Хэзээнээс хүнсний ногоо идэж эхэлсэн юм бэ дээ?
Жилийн дөрвөн улирлын хүлэмж барина гэдэг юу нь буруу байна. Тэгэнгүүт нөгөө муу хотын даргаа хятадын үр удам болгоод авав. Увсын баяд ч билүү, дөрвөд гээд Ц.Нямдорж гуай ярьж байсанг санах юм. За тэр ч яахав.
Жилийн дөрвөн улирлын хүлэмж барих нь хэнд ашиггүй вэ, Хэнд ашиггүй вэ. Мэдээж хятадаас ногоо оруулж ирдэг ченжүүдэд цаашлаад Монгол руу баас шээсээр бордсон ногоогоо илгээдэг хятад ногоочдод ашиггүй. Хэнд ашигтай вэ. Ядахдаа Монголын хөрсөнд ургасан гэж сэтгэл амар ногоо хэрчих монголчуудад ашигтай. Хорт хавдраар хорвоогоос явагсад сэтгэл амар байх болов уу. Зах зээлийг хориглох, хөөх аргаар бус өрсөлдөж давдаг юм. Манай ногоочдод хятадуудыг ялах бүрэн боломж бий. Үүнийг тооцоолоод эсэргүүцмээр юм. Хятад гэдэг үг оруулсан байхад эсэргүүцэж болох ч эрүүл саруулаар эргээд олох ашгаа харья. 50 га газар монголчуудаар ногоо тариулчихаад юугаар бордож байгааг эргэж тойрч харж болно доо. Тэр Х.Алтанцацралтын хэлээд байгаа шиг “Эрс тэрс уур амьсгалтай Монгол оронд Хүлэмжинд ногоо тарих хэцүү” л байх аа.

Б.Жаргалсайхан

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x