Б.Дэлгэрмаа: “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө бол Хүндэтгэлийн дэнжид байршуулсан анхны гадаадын хөшөө ба Москва хот дахь монголчуудын анхны бөгөөд цорын ганц хөшөө юм

Б.Дэлгэрмааг 2015 оны 11 дүгээр сард УИХ-аас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжиж, 2016 оны 3 дугаар сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Тэрээр Монгол-Оросын дипломат харилцааны 100 жилийн түүхэнд томилогдсон анхны эмэгтэй Элчин сайд юм. 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байхдаа Б.Дэлгэрмаа нь хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны тэнцлийн алдагдлыг багасгах, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл зэрэг олон салбарын хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө уйгагүй ажилласан юм. Түүнийг ажиллах хугацаанд 2016 оны 4 дүгээр сарын 16-нд Монгол-Оросын хамтын ажиллагааны дунд хугацааны Хөтөлбөр, 2016 оны 6 дугаар сарын 23-нд Монгол-ОХУ-БНХАУ-ын Эдийн засгийн Коридорын Хөтөлбөр, 2017 онд “Монгол малыг эрүүлжүүлэх Хөтөлбөр-2”, 2018 онд “Азийн автозамын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээр” зэрэг олон чухал баримт бичиг батлагдсан байна. Б.Дэлгэрмаагийн хичээл зүтгэлээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоо 300-аас 550 хүртлээ өсчээ. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах зэрэг хоёр орны олон салбар дахь харилцаа шинэ агуулгаар баяжиж сэргэв. 2017 онд Петербургийн Эдийн засгийн Форумд Монгол Улсын Ерөнхий сайд хүндэт зочноор оролцохын сацуу ажлын айлчлал хийх мөн оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Владивосток хотноо болдог Дорнын эдийн засгийн Форумд оролцох явдлыг хангах талаар хичээн ажиллаж байв. Түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд төр засгийн 60 гаруй ажлын айлчлал хийгдэж, Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа шинэ түвшинд гарсан гэж хэлж болно. Эдгээрийн үр дүнд Монгол Улс ба ОХУ-ын харилцаа Иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаанд хүрч очиход бодит хувь нэмэр оруулсан билээ. Б.Дэлгэрмаагийн дипломат албанд гаргасан ололт амжилт, хүчин зүтгэлийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин цол олгожээ.


Хөшөөг байршуулахаас хэдэн сарын өмнө Москва хотын захиргаанаас хөшөөний суурь дээр ямар бичвэр үйлдэх вэ хэмээн асуулаа. Би Ерөнхийлөгчийн Тамгын газарт бас дахин хандлаа. Ямар ч хариу ирдэггүй. Энэ үеэр миний хань Г.Эрдэнэбаяр ирсэн байсан юм. Түүнд хэлтэл “Монголын ард түмэн, Аугаа их Эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкын цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн, Их Ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” гэж надад бичиж өглөө. Түүнийг нь би орос хэлнээ хөрвүүлэв. Энэхүү бичвэр монгол орос хэлнээ хөшөөний суурийн хоёр талд бичигдэн үлдсэн юм.


