МУУГЗ, Пентатоник наадмын шагналт, хөгжмийн зохиолч БАЛЧИНЖАВЫН ДОЛГИОН “УЧРАЛЫН БЛЮЗ” АМЬД ХӨГЖМИЙН ТОГЛОЛТОО “Инээмсэглэл” хамтлагийнхандаа, урлагт зүтгэснийхээ 50 жилийн ойд зориулан, 11-сарын 9, 10-нд хийх гэж байгаа. Мөн өнөөдөр түүний шинэхэн уран бүтээл “Амьдрал найз дээр тогтдог” дуу мэндэлжээ. Хөгжмийн зохиолч маань шинэ уран бүтээлээ танилцуулж хамтлагаа анх яаж үүсэн бий болж байсан сонирхолтой түүхээс сонирхуулж хуучиллаа

Б.Долгион:
Амралтын өдрийн амар амгаланг айлтгая! Өнөөдөр би та бүхэндээ “Инээмсэглэл” хамтлагийн шинэ уран бүтээл болох “Амьдрал найз дээр тогтдог” дуугаа өргөн барихын зэрэгцээ өдгөөгөөс яг 50 жилийн өмнө болсон түүхээс хуваалцъя гэж бодлоо
6 “а”-д нэг лут гое дуулдаг пацаан байна аа. Ганхуяг гэдэг
…1969-1970 оны хичээлийн жил. Бид тухайн үедээ Зөвлөлтийн 3-р сургууль буюу одооныхоор бол Орос-Монголын 3-р сургуулийн сурагчид байв. Манай сургууль одооны 48-р сургуулийн байранд байж байгаад Циркийн дэргэд нүүж очсондог. Чулууны Ганболд 9-р ангид, Мажигийн Энхсайхан (одоо бурхны оронд байгаа) бас 9-р ангид, би болохоор 8-р ангид, Намсрайн Ганхуяг 6-р ангид сурдаг байв. Бид хэд хамтлаг байгууллаа. Их хөөрхөн түүхтэй. Ганболд, Энхсайхан бид гурав эхлээд санаа нэгдэн нийлэв ээ. Ганболд даралтат хөгжим,гитар тоглохоор, Энхсайхан маань ритм гитар, би бас-гитар барих болдог юм. Бөмбөрчин байдаггүй. Эрэл хайгуул боллоо доо. Би Ганхуягтай гитар тойроод хэзээний найзлачихсан байв. Хуягаа маань сүрхий дуулдаг. Ганболд маань хэзээний л зөв,сахилга бат сайтай,эвлэлийн үүрийн дарга ч байл уу автоматаар хамтлагийн ахлагч болсон байв. Би Ганхуягийг санал болголоо доо. 6 “а”-д нэг лут гое дуулдаг пацаан байна аа. Ганхуяг гэдэг.Бас онц сурдаг. Дунд сургуульд оны ялгаа ч бас онцгой байдаг даа. “Аваад ир” л гэж байна. Хичээл тарсны дараа Ганболд, Энхсайхан нар дээр Хуягаагаа хөтлөөд орлоо доо. Юу чаддаг юм гэж байна. Хуягаа ч “Spring,summer,winter and four…” гээд л тэр үед ид мандаж байсан Аphrodite’s childs хамтлагийн дууг авч өглөө дөө. Мундаг ч дууллаа. Бид гурав бага зэрэг зог тууссан шиг санаж байна. Бөмбөр тоглодог юм уу л гэж байна. Хуягаа нэг пионерийн бөмбөр балбаж өгөв. Болж байна гэсэн байдалтай Ганболд толгой дохис гээд л. Би болохоор Хуягаагаа лоббидож байгаа хүний хувьд маадгар байв. Ийнхүү Хуягаа маань “батлагдаж” хамтлагийн бас нэг гишүүн болов.
Нэг хэсэг нэргүй явж байгаад Хуягаагийн санаачлагаар орос сургуулийн хүүхдүүд болохоор “Теленок” буюу Тугал гэж нэрлэв

Эгдүүтэй хөөрхөн бас монгол өнгө аястай нэр байгаа биз. Гэхдээ бид нэрээ нээх айхтар зарлаад байдаггүй,зүгээр хамтлаг дотроо л өхөөрдөнө. За ингээд хамтлаг бол болоод байдаг хөгжмийн зэмсэг асуудалтай. Энд тэндээс гуйлгаар цуглуулна даа. Сургуульд гэвэл уртаашаа нэг пианино, пионерийн бөмбөр л байдаг. Яг энэ үед биднийг баярлуулсан нэг үйл явдал болов. Батболд гэж бидний найз байв. Аав нь Б.Дашцэрэн гэж том дипломат. Тухайн үед Америкт ажиллаж байсан шиг санаж байна. Батболдыг бид Бооео гэдэг байсан. Аав нь дипломат байсан тул энд тэнд элчин сайдаар томилогддог. Бооео маань ирж очоод л байдаг.Ирэхдээ худалч хүнд чемодан дүүрэн пянзтай ирдэгсэн. Бид гар дамжуулан сонсож гөөн мөн их баярладагсан. Тэр удаа Батболд маань цахилгаан гитар жижиг өсгөгчтэй авчирч сургууль даяар бөөн шуугиан болж билээ. Цахилгаан гитар ховор байсан тэр цагт арга байж уу. Үеэл ах нь болох Тогоогийн Энхболд буюу Энкууш (хожим Инээмсэглэл-д бөмбөр тоглож байсан) өсгөгчийг нь задлаад л гитарыг залгаад дугаргасныг би ерөөсөө мартадгүй одоо ч чихэнд сонсогдож байдаг. Ийнхүү бид мэргэжлийн гэмээр цахилгаан гитартай болж байсан түүхтэй.
Гэрээрээ цахилгаан гитар хийдэг “урчууд” ч гарч ирэв

Тийм нэг гитарыг Цамбын Соёмбо гээд доод ангийн найз маань миний нүдэн дээр хийж дугаргаж билээ. ДСП буюу шахмал банзаар корпусыг нь хийж жирийн банзан гитарын грифийг залган жижиг звукосниматель буюу дуу татагчийг суурилуулаад гэрийнхээ радиод залган дугарган тоглоход ямар их кайф болдог байсан гээч. (Зураг дээр Соёмбо-гийн хийсэн гитарыг хар) Ийнхүү энд тэндээс элдэв юм цуглуулж ямар чиг л байсан сургуулийнхаа үдэшлэг дээр “Бременские музыканты” бүрэн хэмжээний мультфильм-ын дуунаас болсон болоогүй нэг юм дуулж сургуулийн найз хөвгүүд охид алга нижигнүүлэн ташиж бид хэдийн хувьд сансарт ниссэн дайтай баярлаж байсан санагддаг юм. Энэ зурагнууд яг тэр үеийг гэрчлэж буй. Ийнхүү хожмын “Инээмсэглэл” хамтлагийн суурь тавигдаж байсан түүхтэй.
Би 200-гаад дуу зохиосны 198 нь “үйлдвэрлэгдсэн” буюу бичигдэж бичлэг, хуурцаг,пянзанд орсон байдаг
Удахгуй дунд сургуулиа төгсөөд гадаадад сурч байх хугацаандаа манай хэд Москвад оюутны урлагийн бригадад нэгдэж ЗХУ-ын хотуудаар тоглож байв. Энкууш, “Дөрвөлжин”-гийн Баатар нар нийлж Хуягаа маань “Улыбка” буюу “Инээмсэглэл” нэрийг хайрласан. Би Монголдоо үлдсэн тул түр холдож 1979 онд Хуягаа маань ИМО буюу Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсгөж ирээд ШУТУХ-нд албан хаагч болсноор бид тал талаас цуглав. Дээрээс нь Пунцагийн Батчимэг, Бадраагийн Бадрууган, Данзанхүүгийн Цогдэлгэр, Ядамсүрэнгийн Оюундэлгэр, Гэсэржавын Пүрэвдорж нэмэгдэж Раднаабазарын Энхбазар уран сайхны удирдагчтай “Инээмсэглэл”-ийн баялаг түүх өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ.
Энэ түүхийг бүгдийг нь бичвэл хэдэн ном болох түүх буй учир түр орхиод 50 жилийн өмнө болсон тэр үйл явдал дээр энэ удаа фокусласан болно. Миний хувьд тэр жил анхныхаа аяыг зохиож байв. Юм болгоогүй л дээ. Хүүхдийн санаанд орж ирсэн гэнэндүү тэр аялгуу мөхөс миний хувьд хожмын дуу зохиох луужин болж хөглөж иржээ. Би 200-гаад дуу зохиосны 198 нь “үйлдвэрлэгдсэн” буюу бичигдэж бичлэг, хуурцаг,пянзанд орсон байдаг. Өнөөдөр би та бүхэндээ 199-х дуугаа толилуулж байна. Энэ дуу клипээ би амьдралын болон уран бүтээлийн найз нартаа, “Инээмсэглэл”-ийнхэндээ, урлагт зүтгэснийхээ 50 жилийн ойд зориулан, 11-р сарын 9, 10-нд болох тоглолтоо тохиолдуулан бүтээсэн болно. Дууны найруулгыг найз С.Оргил маань хийж “2016” студид миний залуу анд Тумбар маань бичиж микс мастерингийг хийж тоглолтын ерөнхий зохион байгуулагч Чимгээгийн удирдлага, найруулагч Сүхээгийн авьяас билгээр “Хасмедиа” энтертайнмент-ийн хамт олон клипийг нь бүтээснийг Та бүхэндээ толилуулж байна.
Дууг “Инээмсэглэл”-ийн донж маягаар зохиож найруулсныг хэлэх нь зүйтэй байх. Гитарын гоцлолыг Хаммонд маягийн тэр үеийн даралтат хөгжмийн эгшиглэнгээр дугаргаж, 50 жил хамт байгаа найз нарынхаа хэв маяг, хэмнэлийг хадгалахыг мөхөс би хичээв. Энэ дуу, клипийг бүтээхэд туслалцаа дэмжлэг үзүүлсэн Нямбуугийн Төрбатдаа баярласнаа илэрхийлье!
“Амьдрал найз дээр тогтдог”
“Инээмсэглэл” хамтлагийн шинэ уран бүтээл
Хагас зуун жилийг эзэгнэн, залуусын зүрх сэтгэлд хоногшсон хит дуунуудыг амьдруулсан МУУГЗ, Пентатоник наадмын шагналт, хөгжмийн зохиолч БАЛЧИНЖАВЫН ДОЛГИОНЫ
“УЧРАЛЫН БЛЮЗ” АМЬД ХӨГЖМИЙН ТОГЛОЛТОНД
Та бүхнийг урьж байна!
Таны анги хамт олноороо уулзах өдөр…
Таны анд нөхөдтэйгөө учрах цаг…
Таны ахан дүүстэйгээ золгох мөч…
Таны амраг хайрттайгаа болзох хором…
Хэзээ: 2019.11.09-10, 17:00 цаг
Хаана: Corporate Convention centre, Концертын их танхим
Зүрхнээс гардаг эгшиг аялгуу
Зүйлийн түмэн нугачаан дунд
Зөвхөн танд л уянгалан очино…
БАЛЧИНЖАВЫН ДОЛГИОНЫ “УЧРАЛЫН БЛЮЗ” АМЬД ХӨГЖМИЙН ТОГЛОЛТ ТАСАЛБАРЫГ ШУУД ЗАХИАЛАХ БОЛ ЭНД ДАРЖ ЗАХИАЛАН БАЙГАА ГАЗАРТАА ХҮРГҮҮЛЖ АВЧ БОЛОХ ЮМ БАЙНА
