БНСУ-ын шууд хөрөнгө оруулалт 7.35 сая ам.доллароор буурчээ

0


 

Монгол болон БНСУ бол олон зуун жилийн түүхэн харилцаатай улсууд билээ. Тус улстай улс төр, эдийн засаг, нийгэм зэрэг бүхий л салбарт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсний дотор гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр сүүлийн жилүүдэд нягт харилцаа бий болгож чадсан юм. Энэ нь урд, хойд хоёр хөршийн эдийн засгийн нөлөөг саармагжуулах, нэг улсаас хараат байдлыг багасгах, гадаад худалдааны олон эх үүсвэртэй болох, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой. 

БНСУ 1990 оноос хойш манай улсад нийт 579 сая ам.долларын хөрөнгө оруулсан нь гадаадын нийт шууд хөрөнгө оруулалтын хоёр хувийг эзэлж байна. Энэ нь манай улсад бусад орнуудын оруулж буй хөрөнгө оруулалттай харьцуулахад маш чамлалттай үзүүлэлт юм. 

Ковид-19 цар тахлаас өмнө буюу 2018 онд БНСУ-ын шууд хөрөнгө оруулалт 27 сая ам.долларт хүрсэн бол 2021 онд 4.15 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 7.35 сая ам.доллароор буурчээ. 

Хоёр улсын нийт худалдаа эргэлт 1990-2015 оны хооронд 100 дахин нэмэгдсэн хэдий эдийн засгийн хамтын ажиллагаа хүсэн хүлээсэн түвшинд хүрээгүй хэвээр л байна. БНСУ-тай хийж байгаа худалдаа нь өнгөрсөн оны байдлаар манай улсын нийт импортын үнийн дүнгийн 5.6 хувь, экспортын 0.3 хувийг эзэлжээ. Хоёр орны худалдаа эргэлтийн оргил үе болох 2012 онд 480 сая ам.доллар хүрч байлаа. 

Хоёр орны нийт худалдаанд БНСУ-аас импортоор авдаг бараа бүтээгдэхүүний хувь хэмжээ дийлэнх хэсгийг эзэлж байна. Тиймээс цаашид худалдааны тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх, экспортоо нэмэгдүүлэх нь манай улсын хувьд чухал зорилт юм.  

Энэ хүрээнд манай улс БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар зорьж буй. Ийм хэлэлцээр байгуулснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамааралтай, түүхий эдийн үнийн савлагаанд өртөмтгий эмзэг эдийн засгийг төрөлжүүлэх, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж буй.
Хэлэлцээр байгуулах хүрээнд хоёр орны хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулагдсан. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гол үр дүн нь худалдааны тариф болон тарифын бус хориг саад буурах, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны байнгын механизм бий болох, аж үйлдвэрийн томоохон төслүүд дээр хамтран ажиллах, хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд байгуулагдах гэж үздэг. 

Түүнээс гадна гангийн болон машин үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай зэсийн баяжмал, коксжих нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн болон хүнсний органик бүтээгдэхүүн экспортлох боломж, нөхцөлийг гэрээнд тусгах нь чухал юм. 

Манай улсын экспортын ихэнх хувийг түүхий эд, материал эзэлж байгаа тул эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь макро эдийн засагт төдий л нөлөө үзүүлэхгүй гэж зарим судлаач үзэж байгаа боловч нөгөө талаараа манай улсын үйлдвэрлэлийн түвшнийг дэлхийн зах зээлд гаргах үүд, хаалга байж болох юм. 

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар БНСУ руу чулуун нүүрс, молибдены хүдэр, баяжмал, сүлжмэл бүх төрлийн хувцас, хар төмөрлөгийн хаягдал зэрэг цөөн тооны бүтээгдэхүүн экспортолжээ. 

 

 

Монгол Улсад бүртгэлтэй БНСУ-ын хөрөнгө оруулалттай 2500 гаруй компани аялал жуулчлал, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниудаас манай улсын худалдаа, үйчилгээний салбарт дэлхийн конвиниенс сүлжээ дэлгүүрийн бизнесийн туршлага, ноү-хау, үйлчилгээний соёл, стандарт, үйл ажиллагааны цар хүрээг мэдрүүлсэн хэд хэдэн жишээг нэрлэж болно. Солонгосын хөрөнгө оруулалттай CU, GS25 сүлжээ конвениенс дэлгүүрүүд нь оюутан залууст ажил эрхлэх боломж олгож, цагийн ажил гэх ойлголтыг Монголын хөдөлмөрийн зах зээлд бүрэн утгаар нь мэдрүүлж буй зэрэг олон давуу талтай. 

2013 онд БНСУ-ын 51 компани 12.9 сая ам.доллар, 2014 онд 37 компани нийт 23.3 сая ам.доллар, 2015 онд 23 компани шинээр бүртгүүлж, 26.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус хийжээ. 

 

 

 

 

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x