Бид хөгжсөөр л байна уу…

0


   (цуврал нийтлэл-3)

  “ТЭЛЭЛТИЙН БОДЛОГО”

Цар тахлын нөлөө дэлхий дахинд, улмаар манай улсын эдийн засагт хүнд сорилт болж байх үед бид “хэмнэлтийн бодлогыг” түлхүү ярьцгааж байсан. Үр өгөөж нь түргэн гарахгүй, ажлын байрыг олноор бий болгохгүй, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд жинтэй нөлөө үзүүлэхээргүй төсөл, төлөвлөгөөг хойш тавих зарчим бол зөв, зүйтэй арга хэмжээ байсан. Гэхдээ, энэ бодлого зөвхөн “гал унтраахад” л хэрэгтэй байсан. “Хэмнэлтийн бодлого” бол хөгжлийн бодлого биш ээ! Хямралыг давж гарах бодлого ч биш! Сүйрэлд ороод байсан эдийн засгаа “хэмнэлтийн” биш харин “тэлэлтийн” бодлогоор” аварч босгосон төдийгүй, бүр үсрэнгүй хөгжилд хүргэсэн 2 тод жишээг би энд дурьдмаар байна.

1)  1929 оны 10-р сарын 29-ны “Хар Мягмар гариг” гэж түүхэнд тэмдэглэгдсэн энэ өдөр АНУ-ын хөрөнгийн зах дээр том компаниудын хувьцааны үнэ гуравхан цагийн дотор 1000 дахин унаж “Их хямрал” эхэлсэн байдаг.

1932 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ф.Д.Рузвельт энэ Их хямралыг зогсоож чадсан төдийгүй, бүр эдийн засгаа үсрэнгүй хөгжих шатанд нь гаргасан гавьяатай ерөнхийлөгч гэгддэг. Тиймээс ч 1944 онд нас барах хүртлээ 4 удаа ерөнхийлөгчөөр сонгогдож байсан билээ. Тэрээр хямралыг давж гарахад эдийн засгаа хэмнэлтэнд оруулж “агшаах” бус, харин “тэлэх” бодлогыг амжилттай хэрэгжүүлж засгийн газрынхаа хөрөнгө оруулалтын зардлыг маш ихээр өсгөн хөгжлийн том төслүүдээ засгийн газрын бонд, зээл, хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж хэдэн мянган км авто зам, төмөр зам, нефтийн хоолой, далан, олон мянган орон сууц, үйлдвэрийн газруудыг барьж байгуулах төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд ажилгүйдлийг “0” болгож чаджээ.

Ф.Д.Рузвельт иргэдээ орон сууцжуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд 1938 онд FNMA-Federal National Mortgage Association гэдэг Үндэсний Мооргежийн байгууллагыг ажиллуулсны үр дүнд 1938-1968 онд АНУ хүн амынхаа орон сууцны асуудлыг бүрэн шийдэж чадсан түүхтэй. Энэ байгууллага 1968 оноос бие даасан компани болж өөрчлөгдсөн ба одоо 6,7 их наяд долларын активтай болжээ. Засгийн газар нь Government National Mortgage Association гэдэг байгууллага ажиллуулж, зээлийн баталгаанд орон сууцыг барьцаалж мооргэжийн зээлийг хүүгүй олгож байна.

Тэрбээр “Хямралын үед засгийн газар том төслүүдийг санхүүжүүлж ажлын байрыг үлэмж нэмэгдүүлснээр эдийн засгаа аварч чадна” гэсэн английн эдийн засагч Жон Мэйнард Кэйнсийн тухайн үеийн эдийн засгийн сэтгэлгээнд шинээр гаргаж ирсэн онолыг баримталсан байдаг. Мөн энэ үзэл баримтлалыг 2007-2008 оны санхүүгийн хямралын үед АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамо, Британийн Ерөнхий сайд Гордон Браун нар ч амжилттай хэрэгжүүлсэн гэдэг. (Кэйнсийн онол хямралыг давж гарахад хэрэг болсноос бус эдийн засгийн хэвийн хөгжилд сөрөг нөлөө ихтэй болох талаар хожим өгүүлэх “Мөнгөний бодлого” бүлэгт тодорхой авч үзнэ)

Эдийн засгийн “тэлэлтийн бодлогыг” хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, мөнгөний нийлүүлэлтээ ард түмний ажил амьдралыг эрс сайжруулах, ажлын байрыг олноор нь бий болгоход чиглэгдсэн бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд хойш тавилгүй цогцоор нь төлөвлөж нэгэн зэрэг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй

2)  Хятадад “Либераль хөрөнгөтнүүдийг Хятад орноос цэвэрлэх” гэсэн уриатайгаар 1966 оны 5-р сарын 16-ы өдөр эхэлж 10 жил үргэлжилсэн “Соёлын хувьсгал” хэмээх балмад бодлогын уршгаар хүн ам нь өлсгөлөнд нэрвэгдэж, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол нь бүхэлдээ дампуурч байсан “эмгэнэлт хар түүхийн үе” байлаа. Мао 1976 оны 9-р сард нас барсны дараа Хятадын улс төрийн байдалд өөрчлөлт орж “Соёлын хувьсгалын” үед хүнд ихээр хэлмэгдсэн Дэн Сяопин-ийг цагаатгаж улс төрийн албан тушаалуудыг нь сэргээсэн бөгөөд 1977 оны 7-р сард ХКН-ын ТХ-ны Бага хурлаар Дэн Сяопин ТХ-ны гишүүн, УТТ ба Байнгын Хорооны гишүүн, Цэргийн Зөвлөлийн орлогч дарга, ЕС-ын орлогч, ХАЧА-ийн Жанжин штабын дарга болжээ.

Дэн Сяопин “Хятадын онцлогтой социализмын” зарчмыг боловсруулан 1978 оны 12-р сард хуралдсан ХКН-ын ТХ-ны алдарт III бүгд хурлаар дэлхий дахинаа “БНХАУ-ын эдийн засгийн реформ шинэчлэл” гэдгийг зарлав. Тэрээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг “социалист-чөлөөт зах зээлийн эдийн засгаар солих” буюу капитализмыг социализмтай хослуулан хэрэгжүүлэх реформыг эхлүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтад үүд хаалгаа нээж, “эдийн засгийн тусгай бүсүүд” байгуулж, эдийн засгаа тэлж, ард түмнээ ядуурлаас ангижруулах нь чухал гэдэг асуудал дэвшүүлж, тэр зорилгодоо ч улс орноо хүргэж чадсан билээ.

ХКН-ын ТХ-ны тэрхүү III бүгд хурлаас хойш БНХАУ-ын удирдлага либераль эдийн засгийн реформыг тасралтгүй хийж, бодлогынхоо төвийг улс төрөөс эдийн засаг руу эргэлтгүй шилжүүлсэн ба гол бахархал нь 800 сая хүнийг ядуурал гуйланчлалаас гаргаж чадсан явдал юм. Хятадын ДНБ-ий өсөлт 40 жилд 80 дахин буюу 1980-2020 онд 191 тэрбумаас 15,6 их наяд доллар болж өссөн нь дэлхийн эдийн засгийн түүхнээ урьд хожид гараагүй үзэгдэл байлаа. Өнөөдөр ДНБ нь 2023 оны байдлаар 27.02 их наяд ам.долларт хүрч дэлхийн том эдийн засагтай улсуудын 2-рт эрэмблэгдэж, хамгийн том аж үйлдвэрийн салбартай, гадаад худалдааны хамгийн том эргэлттэй, гадаад валютын хамгийн их нөөцтэй орон болжээ.

Манайд байдал ямар байгааг жишиж үзье. 2023 онд инфляц 7.9%-д хүрч буурч, эдийн засаг 6.8% өсжээ. Энд уул уурхай, үндсэндээ Оюу Толгой, Таван Толгойн орлого нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр харьцангуй өндөр, тогтвортой байсан. Харин хөдөө аж ахуйн салбар 19.9% уналттай гарчээ. Өөрөөр хэлбэл бодлогын гажуудлын улмаас эдийн засгийн өсөлт жигд бус байна. Өнөөдрийн ЗУДЫН ГАМШИГ шинэ асуудал биш ээ! Дэлхийд онцгойрдог Нүүдлийн мал аж ахуйн хосгүй соёлоо, малчин ардаа хөгжүүлж дэвжүүлэх бодлогогүй зөнд нь орхисны л уршиг шүү дээ! Бэлчээрийн малын мах, органик цагаан идээ дэлхийд өндөр үнэлэгдэх брэнд болох боломжтой гэж ярихаас хэтэрсэнгүй.

Засгийн газрын “10 их наядын төлөвлөгөөний” нэлээд хэсгийг ЖДҮ эрхлэгчдэд жилийн 3% хүүтэй, 3 жилээр олгосон. Гэтэл ихэнхи ЖДҮ эрхлэгчид энэ их хөнгөлөлттэй зээлээрээ төсөл хэрэгжүүлэхийн оронд зээлийн мөнгөө ББСБ-д өндөр хүүтэйгээр байршуулж ямар ч эрсдэлгүйгээр “хүүний зөрүүгээр дилэр” хийх хувилбарыг илүүд үзсэн урьдах хөнгөлөлттэй зээлийн сангуудын үүх түүх давтагдсан даа. Үүний уршгаар инфляц 16.9%-д хүрсэн гашуун сургамж бас бий. Цалин хөлс, тэтгэвэр нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ шууд нэмэгдэнэ. Буцаад хэзээ ч буудаггүй. Валютын ханш буухад ч юмны үнэ буухгүй л байна.

Монгол Улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 100 гаруй мянган өрх толгойлсон эх, эцэг, 500 мянган ахмад настан байгаагаас талаас дээш хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд амьдарч байна. Нийт тэтгэвэр авагчдын 82.4% нь тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэр авч байна. ХЭҮК-ын судалгаагаар ахмадуудын 52.4% буюу 2 ахмад настны нэгийнх нь тэтгэвэр өдөр тутмын суурь хэрэгцээнд нь огт хүрэлцдэггүй (хоол, хүнс) гэж хариулжээ.

Иймээс, эдийн засгийн “тэлэлтийн бодлогыг” хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, мөнгөний нийлүүлэлтээ ард түмний ажил амьдралыг эрс сайжруулах, ажлын байрыг олноор нь бий болгоход чиглэгдсэн бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд хойш тавилгүй цогцоор нь төлөвлөж нэгэн зэрэг хэрэгжүүлж эхэлбэл “ЖИНХЭНЭ ТЭЛЭЛТИЙН БОДЛОГО” болно.

Улс орнууд ийм том төсөл төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ олон улсын хөрөнгө санхүүгийн эх үүсвэрүүдийг ашиглаж олон улсын хамтарсан төсөл хэлбэрээр хэрэгжүүлж байна. Дэлхий дээр хөрөнгийн эх үүсвэрүүд хангалттай байна. Ямар арга замаар энэ хөрөнгийг татаж болдог тухай дараагийн бүлэгт тодорхой өгүүлье.

УИХ-ын Дэд дарга, эдийн засагч Салдангийн Одонтуяа 



Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x