Байгаль хамгаалагчдыг хамгаалья | Mongolian Economy

0


Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудын оролцоотойгоор “Бид байгаль хамгаалагчид” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Чуулганд 21 аймгийн 120 гаруй байгаль хамгаалагч оролцож, өөрсдөд нь тулгамдаж буй асуудал, ажлын онцлог, нутаг орны байгаль орчны нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн юм. 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ байгаль хамгаалагчдын ажлын байрны эрсдэлийг бууруулах, ажил мэргэжлийн хувьд ахиж дэвших боломж олгох, гэр бүлийн амьжиргааг нь сайжруулахад ихээхэн анхаарч буйг онцолсон. Энэ зорилгоор салбарын яамны зүгээс “Байгаль хамгаалагчдын хөгжлийн хөтөлбөр”-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран боловсруулж байгаа аж.

Мөн байгаль хамгаалагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор ажлын байрны нөхцөл байдлын судалгааг бүсчлэн хийж, уг судалгаанд үндэслэн хууль эрхзүйн орчныг шинэчлэх ажлыг эхлүүлжээ. 

Харин ХНХ-ын сайд А.Ариунзаяа байгаль хамгаалагчдын зэрэг дэв, цалин хангамж, нийгмийн хамгааллын асуудлыг эргэн харах, судлах, шийдвэрлэх шаардлагатай талаар дурдаж байв. Тэрбээр “Улсын дундаж цалин 1.4 сая төгрөг бол төрийн албан хаагчдын дундаж цалин 1.1 сая. Харин байгаль хамгаалагчдын дундаж цалин 500-600 мянган төгрөг байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт. Энэ бол цалингаас гадна нэмэгдэл, урамшуулал нь орсон дүн. Байгаль орчны хамгаалагчийн ТЗ-2 ангиллыг ТЗ-4 рүү дэвшүүлэн цалинг нь нэмэх саналыг үе үеийн БОАЖ-ын сайд нар манай яаманд хүргүүлж байсан. Гэхдээ ангилал, зэрэглэлээр цалингийн хэмжээг тогтоох нь учир дутагдалтай. Тиймээс байгаль хамгаалагчдын 15 ангиллын тоог цөөрүүлж, цалингийн хэмжээг ижил түвшинд хүргэхээр Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллаж байна. Энэ ондоо багтаан цалинтай холбоотой өөрчлөлтүүдийг хийнэ” гэж мэдэгдэв.

Монголын байгаль хамгаалагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Баярхүү “Байгаль хамгаалагчдын нийгмийн хамгаалал, тулгамдсан асуудал, цаашид авах авах арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан нь анхаарал татаж байв. Тус холбоо байгаль хамгаалагчдаас тулгамдаж буй асуудлынх нь талаар судалгаа авахад цалинг нэмэгдүүлэх, багаж, тоног төхөөрөмжөөр хангах, тэтгэвэрийн насыг наашлуулах, чадавхжуулах сургалт тогтмол зохион байгуулах зэргийг хамгийн эхэнд нэрлэсэн байна. Мөн байгаль хамгаалагчдын нэр хүндийг нэмэгдүүлэх шаардлага ч ихээхэн тулгамдаж байгааг судалгаанд хамрагдагсад онцолжээ. Энэ бүгдээс үзэхэд, байгаль хамгаалагчдын өмнө тулгамдаж буй олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, ажлын нөхцөлийг шинээр тодорхойлох шаардлагатай нь харагдаж байгаа юм. Судалгаанаас үзвэл нийт байгаль хамгаалагчдын 30 гаруй хувь ямар нэг байдлаар халдлагад өртдөг ажээ. 

Байгаль хамгаалагчдын эрхийг хамгаалах, хөгжүүлэхэд салбарын яамнаас гадна хөдөлмөр нийгэм хамгаалалын, Боловсролын, Соёлын яам зэрэг төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд шийдвэрлэх цогц асуудал гэдгийг чуулганд оролцогчид хэлж байлаа. 

Дрон ашигладаг болбол байгаль хамгаалал өөр түвшинд хүрнэ

Увс аймгийн Түргэн сумын байгаль хамгаалагч Д.Банди: Ажлаа хийхэд нэн тэргүүнд унаа тэрэг шаардлагатай байна. Орчин үеийн ажлын багаж хэрэгсэл, техник төхөөрөмж бидэнд маш их дутагддаг. Тоног төхөөрөмж бүү хэл унаа унашгүй, гар мухар зүтгэж байна. Шатахуун, тосоо авахын тулд хамаг зовлонгоо тоочиж гаргуулдаг. Манай сум хоёр байгаль хамгаалагчтай. Хоёулаа нийлээд жилд 100 хүрэхгүй литр бензин ашиглаж байна. Хоёр хүн нийлээд 100 литр шатахуунаар ажлаа амжуулж байна гэхээр юу ч хийдэггүй юм шиг ойлгогдож магад. Гэхдээ тийм биш. Бид эх нутгаа гэсэн сэтгэл зүрхтэй тулдаа айлын машин, даргын унаанд дайгдан байж ажил үүргээ гүйцэтгэж байна. Малчдаас морийг нь хүртэл гуйдаг. Цалин хангамж бага ч гэлээ өнөөг хүртэл сэтгэлээрээ ажиллаж ирлээ.

Техник технологийн хөгжил биднийг шинэ түвшинд ажиллахыг шаардаж байна. Урьд нь бид уулын орой дээрээс дурандаж хэрэг, зөрчил гаргасан этгээдийг барьдаг байлаа. Гэтэл харилцаа холбоо хөгжсөн өнөө үед бидний хүч хүрэхгүй байна.

Нэг байгаль хамгаалагч 100 мянган га хариуцан ажилладаг. 100 мянган га талбайнхаа нэг хэсэгт явж байхад хулгайн анчид өөр хоорондоо холбоо тогтоогоод зугтах арга замаа олдог. Тиймээс хууль зөрчигчдийн хурдыг гүйцэхийн тулд орчин үеийн техник хэрэгсэл зайлшгүй шаардлагатай. Одоо цагт дроныг түгээмэл хэрэглэдэг болж. Тиймээс байгаль хамгаалахад энэ төхөөрөмжийг ашигладаг болбол байгаль хамгаалал арай өөр түвшинд хүрнэ. Одоогоор дрон ашиглаж байгаа нэг ч байгаль хамгаалагч манай улсад алга. Миний хувьд, 2008 онд авсан албанаас тавьж өгсөн ганц дурантай. Ямар хэмжээний элэгдэлд орсон нь тодорхой. Албанаас тавьж өгсөн  хувцас, компьютер байна. Ингээд л болоо. 

Бид 1995 онд мотоцикль, морьтой байсан, өнөөдөр ч тэр л хэвээрээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын байгаль хамгаалагч Н.Цогтсайхан: Манай сум зургаан багтай, гурван байгаль хамгаалагчтай. Тал хээрийн бүс учраас тарвага ихтэй. Мөн аймгийн төвтэй ойрхон учраас хулгайн анчид маш их. Манай зургаан багийн таван багт тарвагын тархац их байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хоёр баг нь бараг тарвагагүй болчихсон гэхэд хилсдэхгүй. 

Бид 1995 онд мотоцикльтой, морьтой байсан. Өнөөдөр ч мотоцикль, морьтойгоо л байна. Гэтэл нийгэм хөгжихийн хэрээр хулгайн анчид нь улам л зохион байгуулалттай болоод байна. Сүүлийн үеийн жийп, хараа сайтай дурантай, том буу барьсан хүмүүсийн араас хөөцөлдөхөд бидний хүч үнэхээр хүрдэггүй. Хулгайн анчдын араас 1.5 сая төгрөгийн үнэтэй хятадын жижиг мотоциклээр мөшгиж байна. Ийм унаагаар бид жийп хөөгөөд гүйцэх үү. Мөн дронтой болбол ямар хүмүүс аль замаар яаж яваад байгааг цаг алдалгүй тогтоох боломжтой. 

Байгаль хамгаалагчдын аюулгүй байдал ч чухал. Хулгайн анчидтай нүүр туллаа гэхэд цахилгаан бороохойноос өөр зүйлгүй. Дээр нь манай байгаль хамгаалагчид ганц ганцаараа явдаг. Зарим үед байгаль хамгаалагчдын биед халдах, буугаа булаалгах, тав зургуулаа нийлж, бөөрөлхөх энүүхэнд. Бүр буу тулгаж сүрдүүлсэн тохиолдол ч бий. 

Хулгайн ангаас гадна хууль бус мод бэлтгэл маш их. Олон жил энэ асуудлыг ярьж байгаа ч  шийдэгдэхгүй байна. Барилга, байшин барих гэж дур зоргоороо мод огтолдог явдлыг хязгаарлах хэрэгтэй. Сүүлийн 10 жилийн дотор модгүй шахуу боллоо. Харин Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд манай сум 2030 он хүртэл 502 мянган мод тарихаар төлөвлөөд байна. 

Цалингийн шатлалд учир дутагдалтай зүйл их бий

Өмнөговь аймгийн байгаль хамгаалагч Т.Бадамцэцэг: Аймгийн хэмжээнд уул уурхай эрчимтэй хөгжсөн. Энэ онцлогоо дагаад байгаль орчны асуудал их байдаг. Нөхөн сэргээлтийн хувьд сүүлийн жилүүдэд эрс сайжирч байна. Харин аялал жуулчлалын тухайд Сэврээ сум болон Ёлын ам орчимд жуулчдын хөдөлгөөн их. Тиймээс эдгээр бүс нутагт эко ариун цэврийн байгууламж байгуулахад ихээхэн анхаарч байна. 

Өмнөговь аймаг 17 байгаль хамгаалагчтай. Уул уурхай эрчимтэй хөгжсөн Гурван тэс, Ханбогд, Цогтцэций сум хоёр, хоёр байгаль хамгаалагчтай.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос шаардлагатай тоног төхөөрөмж авч, байгаль хамгаалагчдадаа олгодог. Тэгэхээр бусад аймаг ч энэ жишгээр явбал илүү оновчтой гэж бодож байна. 

Харин цалингийн шатлалын хувьд учир дутагдалтай зүйл маш их бий. Бидний ажлын нөхцөл харьцангуй хүнд. Тиймээс нийгмийн байдалд анхаарах зайлшгүй шаардлагатай. Уул уурхай эрчимтэй хөгжсөн гэдэг утгаараа энэ онд байгаль хамгаалах чиглэлд хүрэлцээтэй мөнгө төсөвлөсөн. Гэхдээ тоосжилт, агаарын бохирдлыг шийдэх санхүүжилт орхигдоод байгаа. Учир нь агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн санхүүжилтийн эх үүсвэр нь улсын төсвийн нэгдсэн том тогоонд орчихдог. Энэ эргээд аймаг орон нутагтаа ирдэггүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x