Аялал жуулчлалын ITB-2022 үзэсгэлэн виртуал хэлбэрээр зохион байгуулагдана

0
2022 оны ITB (Internationale Tourismus-Börse Berlin) дэлхийн хамгийн том аялал жуулчлалын конвенц виртуал хэлбэрээр 3 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Берлин хотын Messe Berlin үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.

1966 оноос жил бүр зохион байгуулагддаг ITB EXPO- дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн цар тахлаас үүдэлтэй цуцлагдсан хэдий ч ITB Берлин конвенц 2022 оны 3 дугаар сарын 8-10-ны хооронд виртуал хэлбэрээр зохион байгуулагдахаар боллоо. Энэ жилийн арга хэмжээ нь “Дижиталчлал, Xариуцлагатай, Уян хатан байдалд нээлттэй” байх сэдвийн дор 3 өдрийн турш явагдах юм. Дээрх сэдвүүдийн хүрээнд олон улсын илтгэгчид илтгэл хэлэлцүүлж оролцоно. Гурав хоногийн турш www.itb.com болон YouTube сувгаар “ITB Berlin Convention”-ийг 10-18 цаг хүртэл шууд дамжуулна.

Арга хэмжээний эхний өдөр “Ирээдүй ба уян хатан байдал” сэдвийн хүрээнд, цар тахлаас үүдэлтэй томоохон сорилтуудын дунд бизнесийн байгууллагууд ирээдүйдээ хэрхэн бэлдэх ёстой вэ? cэдвийн дор нийгэм дэх мега чиг хандлага, дэлхийн аялал жуулчлал, аялал жуулчлалын салбарын гол сэдвүүдийг хөндсөн илтгэл хэлэлцүүлэг болно.

Зайнаас ажиллах, Зүүм уулзалт, цахим төлбөрийн шийдэл нь өдөр тутмын амьдралыг эрс өөрчилсөн. Эдгээр чиг хандлага нь аялал жуулчлалын салбарт ч ихээхэн нөлөөлсөн. Чуулганы хоёр дахь өдөр “eTravel болон аялал жуулчлалын дижиталчлал” сэдвээр технологи, аялал жуулчлалын мэргэжилтнүүд таамаглал, чиг хандлага, хэтийн төлөв, шилдэг санаануудыг агуулсан илтгэл хэлэлцүүлгүүдээр үргэлжлэх болно.

Тус өдрийн гол арга хэмжээ нь “Технологи ба аялал: Технологи нь аялал жуулчлалын борлуулалт, маркетингийн ирээдүйг хэрхэн тодорхойлж байна вэ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү хэлэлцүүлгээр Марк Зукербергийн метаверс дэлхий дахинд үзүүлэх нөлөөллийг гол болгож хэлэлцэх юм.

Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр 2022 оны 3 дугаар сарын 10-нд “Хариуцлагатай аялал жуулчлалын хэв маяг” сэдвийн хүрээнд үргэлжлэн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах, хариуцлагатай аялал жуулчлалын оновчтой шийдлүүдийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлгүүдээр үргэлжилнэ.

Мөн 3 дугаар сарын 17-ны өдөр худалдан авагчид болон үзэсгэлэнд оролцогчид санал бодлоо солилцож, аялал жуулчлалын технологид суурилсан шинэ бизнес загварчлалыг бий болгох Дижитал Бизнесийн өдөрлөг зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Эх сурвалж: www.itb.com

 

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x