
Астана олон улсын форум зургаадугаар сарын 8-9-ний өдрүүдэд БНКАЗУ-ын нийслэл Астана хотод болно.
2002 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Астанагийн эдийн засгийн форум”-ыг энэ жил шинэ шатанд гаргаж, шинэ форматаар зохион байгуулах санаачилгыг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гаргасан. Энэ дагуу Астанагийн олон улсын форум энэ жил өргөн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.
Астанагийн олон улсын форум геополитикийн хурцадмал байдал, улс хоорондын хамтын ажиллагааны уламжлалт загварыг үндсээр нь өөрчлөхтэй холбоотой дэлхий дахины өмнө тулгараад буй сорилтод нэгдсэн хариу арга хэмжээ авах, дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг нэгтгэх зорилготой гэж зохион байгуулагчид онцолж буй.
Улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, бизнес зэрэг салбар бүрийн олон улсын 1000 гаруй зочид, төлөөлөгчид оролцож, гадаад улс төр ба олон улсын аюулгүй байдал, олон улсын хөгжил ба тогтвортой байдал, эрчим хүчний аюулгүй байдал ба санхүү гэсэн дөрвөн том сэдвийн хүрээнд хэлэлцэж, санал бодлоо солилцох юм. Түүнчлэн дээрх дөрвөн сэдвийн чиглэлүүд нь 40 гаруй салбар хуралдаан, албан бус хэлэлцүүлэг болон бусад үйл ажиллагаанууд болно. Форумын стратегийн түншээр НҮБ болон CNN ажиллаж байгаа аж.