Арван аймагт дулааны станц барих ажил эхэллээ

0


БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Арван аймгийн төвийн дулааны станц барих” төслийн барилга угсралтын ажлын шав тавих нээлтийн ажиллагаа Хэнтий, Сүхбаатар аймгуудад тавдугаар сарын 13,14-ний өдрүүдэд боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Н.Ганибал, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны суурин төлөөлөгч Ким Дун Хён, “Кореан дистрикт хитинг инженеринг” компанийн ерөнхий захирал Хуан Мана Ён, “Бьюксан инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ким Дон Вун болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ёслолын арга хэмжээг нээж Засгийн газраас эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх, хот, сум, суурин газарт дулааны эх үүсвэр шинээр барих, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, дулаан хангамжийн чанар хүртээмж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.  “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот суурин газрын дулаан хангамжийн хүртээмжийг сайжруулах зорилгоор БНСУ-ын Засгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барих төслийг хэрэгжүүлж байнагэдгийг онцолсон.

Манай улсын Засгийн газар, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулсан зээлийн гэрээний хэрэгжилтийн хүрээнд төслийн зөвлөхөөр БНСУ-ын “Кореан дистрикт хитинг инженеринг” компанийн ”KDHEC-KDHC-GEI” түншлэл ажиллаж байна. Хэнтий, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд төсөл 26 сар үргэлжилж, 2024 оны халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлжээ.

Төслийн хүрээнд Хэнтий аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30 Гкал/ц хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 400-80 мм-ийн голчтой 18 км урт дулаан дамжуулах шугам, 1,1-4,5 Гкал/цагийн хүчин чадалтай 16 дулаан дамжуулах төв бүхий  төвлөрсөн дулаан хангамжийн систем бий болно.

Харин Сүхбаатар аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 20 Гкал/ц хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 400 – 80 мм-ийн голчтой 61 метр урт дулаан дамжуулах шугамыг тус тус шинээр барьж ашиглалтад оруулна.

Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэфициент (85-90%) өндөртэй тул нүүрснийхэрэглээг40гаруй хувь, үнсний гаралтыг25хувьхүртэлбууруулах юм. Эл станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна.

Аймгийн төвүүд иж бүрэн төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болсноор иргэдийн амьдрал, нийгэм эдийн засагт дараах эерэг нөлөөг үзүүлнэ. Хэрэглэгчид жилийн турш найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар хангагдах аж.  Мөн дутуу шатсан нүүрс, дэгдэмхий үнс хийсэж орчныг бохирдуулахгүй, аймгийн төвийн агаарын чанар сайжирч, амьсгалын замын өвчлөл буурна. Ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан 100 гаруй ажлын байр шинээр бий болох юм. Жижиг, дунд үйлдвэрлэлхөгжих боломж бүрдэж, бүс нутгийн хөгжил түргэснэ. Мөн иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж, орон нутгийн хөгжил дээшлэх зэрэг ач холбогдолтой.

 

 

 

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x