АНУ-ын иргэн усан дор хамгийн удаан амьдарсан хүний дээд амжилтыг тогтоов

0

АНУ-ын нэгэн их сургуулийн профессор даралт бууруулах техникгүйгээр усан дор хамгийн удаан амьдарсан хүний дээд амжилтыг тогтоожээ.

Жозеф Дитури энэ оны гуравдугаар сарын 1-нээс Флорида мужийн эргээс холгүй тэнгисийн усан дор 9 метрийн гүнд байрлах “Jule’s Undersea Lodge” нэртэй бүхээгт амьдарч эхэлсэн юм.

Өчигдөр түүний усан доор амьдарсан хоногийн тоо 74 хүрсэн нь энэ төрлийн дээд амжилт болжээ. Шумбагч хөлөг онгоцноос ялгаатай нь дээрх бүхээг нь усны даралтыг тохируулах техникгүй юм байна.

Өмнөх дээд амжилтыг мөн энд 2014 онд 73 хоног, хоёр цаг, 34 минутыг өнгөрүүлсэн профессорууд Брюс Кантрел, Жессика Фэйн нар тогтоож байжээ.

Профессор Дитури дээд амжилтыг эвдээд зогсохгүй цаашаагаа үргэлжлүүлэн 100 хоног амьдарч, зургаадугаар сарын 9-нд уснаас гарах төлөвлөгөөтэй байна.

Туршилтыг зохион байгуулагч, бүхээгийн эзэн Marine Resource Development Foundation сан өндөр даралттай орчинд хүний бие махбод, сэтгэл санаанд ямар өөрчлөлт гарч байгааг судлах зорилготой юм.

“Энэ төслийн зорилго нь дэлхийн далай тэнгисүүдийг хүн амьдрахад ашиглах, ингэснээрээ тэдгээрийг улам илүү хайрлан хамгаалдаг болох юм” гэж профессор Дитури ярьжээ.

Тэрбээр далайн гүнд амьдрахдаа байнгын дасгал хөдөлгөөн хийж, их сургуульд онлайнаар хичээл зааж байгаа. Мөн бяцхан студиэсээ хэвлэлд ярилцлага өгдөг юм байна.

Өнгөрсөн хугацаанд тэр Өмнөд Флоридагийн их сургуулийн 2,500 гаруй оюутанд далай тэнгисийн шинжлэх ухаан, био анагаах ухааны инженерчлэлийн онлайн хичээлүүдийг заажээ.

“Миний хамгийн их үгүйлж байгаа ганц зүйл бол нарны гэрэл. Нар бол миний амьдралын салшгүй хэсэг юм. Би өглөө бүр таван цагт босож дасгал хийсний дараа нар мандахыг хардаг байлаа” гэж профессор ярьжээ.

 

Эх сурвалж: Associated Press

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x