Амьдралд хүн болгосон байгууллагаасаа урвана гэж байхгүй

0


 Эрчим хүчний салбарт зөв бодлого үгүйлэгдэж, аюулын харанга дэлдэж байгаа энэ үед “Energy Mongolia” сэтгүүлийн баг “Эрчим хүчний салбараа аваръя” цуврал контентын хүрээнд 2024 оны анхны сурвалжилгаа Дулааны IV цахилгаан станцаас эхлүүлсэн юм.

Монгол хэмээх айлын тулгын галыг асааж, ард түмнээ идэр есийн хүйтэнд гэрт нь дааруулахгүй, гэрэл цахилгаан, дулаанаар ханган ажиллаж байгаа байгууллага бол Дулааны IV цахилгаан станц юм. Тус станц Монгол Улсын цахилгаан, дулааны 60 орчим хувийг үйлдвэрлэдэг. Хэдийгээр бусад станцаасаа арай залуу гэх тодотголтой ч тоног төхөөрөмжийнх нь насжилт аль хэдийн 40 жилийг ардаа орхисон. Тиймээс тоноглолуудад гэмтэл, саатал гарсаар байгаа нь ажиллах нас дууссаныг бэлхнээ харуулна. Гэвч төр, засгаас үүнд анхаарал хандуулж, үндсэн тоноглолоо шинэчлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материал шинээр авахгүй байгаа энэ үед станцын ур чадвартай ажилчдын хүчээр засаж сэлбэх, сэргээн засварлах замаар ажиллаж байгаа нь туйлын үнэн.  

Эрчим хүчний салбарт зөв бодлого үгүйлэгдэж, аюулын харанга дэлдэж байгаа энэ үед “Energy Mongolia” сэтгүүлийн баг “Эрчим хүчний салбараа аваръя” цуврал контентын хүрээнд 2024 оны анхны сурвалжилгаа Дулааны IV цахилгаан станцаас эхлүүлсэн юм.

Бид тус станцын Судалгаа, хөгжлийн албаны дарга Г.Галбадрахаас “туршлагатай сайн ажилтнаа уулзуулаач” гэдэг хүсэлт тавихад Д.Тулга инженерийг санал болгосон юм. Түүнтэй анх уулзахад үзэл бодолдоо үнэнч, хүнд өөрийгөө авсаар ярих шинжгүй, зарчимч хүн шиг санагдсаныг нуух юун. Харин станцаа бидэнд танилцуулж, нүүр хагарсны дараа хөгжилтэй, нээлттэй, бас нэрэлхүү, даруу хүн гэдэг нь харагдсан юм. “Алтан гар, мөнгөн гар ч гэж юу байдаг юм. Өөрийгөө магтах нь ч хаашаа юм” гээд өөрийнхөө хийж хэрэгжүүлсэн ажлыг бидэнд ярьж өгөхгүй байв. Ер нь хүн өөрийнхөө талаар ярих, магтах нь тийм ч сайн зүйл биш гэх. Ялангуяа эрчим хүчний салбарынхан өөрийгөө дөвийлгөх дургүй, ил гарч асуудлаа ярьдаггүй даруухан байдаг бололтой.

Шинэ сэлбэг авалгүйгээр, актлагдсан зуухны бүх эд ангийг засварлаж ажилд оруулжээ

Д.Тулга инженерийн аав Дистэй эрчим хүчний салбарын Хөдөлмөрийн баатар хүн. Дулааны I цахилгаан станцад насаараа гагнуурчин хийсэн, ёстой л алтан гартай ажилтан байжээ. Эрчим хүчний салбарт удам дамжин ажиллаж буй Д.Тулга инженер өдгөө 60 нас дөхөж, тэтгэвэрт гарах эрх нь үүссэн ч эрчим хүчний салбартаа, энэ л станцдаа зүтгэсээр явна.

Тодруулбал, тэрбээр Украины дайнаас шалтгаалж насосны сэлбэг материал ирэх боломжгүй үед актлагдсан зуухны тэжээлийн усны насосны бүх эд ангийг засварлаж ажилд оруулсан байна. Энэ нь амжилттай болсон учраас 2023 онд дахин нэг насос засчээ. Нэг насос тэрбум төгрөгөөр үнэлэгддэг байна.  

Д.Тулга инженерийн санаачилсан шинэ арга технологи нь нэгж эд ангийг техникийн шаардлагыг хангасан байхаар сэргээн засварлах, тухайн тоноглолыг засахдаа заавал шинэ сэлбэг орж ирэхийг хүлээж суухгүйгээр инженер хүний ур ухаан, гараар засаж болдгийг харуулдаг тухай Г.Галбадрах дарга тодотгон хэлсэн юм. Г.Галбадрах, Д.Тулга  хоёр дарга, цэрэг болон 30 гаруй жил Дөрөвдүгээр станцдаа олон саад бэрхшээлийг даван хамтран ажилласаар иржээ. Тэрбээр цааш нь “Аливаа хүн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, түүнийгээ амьдралд утгаар нь хэрэгжүүлж чадаж байгаа нь бахархал төрүүлмээр. Манай Д.Тулга инженер ямар нэгэн зүйлийг санаачилж, ажил болгож хэрэгжүүлж чаддаг. Зүгээр ярих биш, хийнэ л гэсэн бол ямар ч асуудалгүй ард нь гардаг. Мэдэхгүй байсан зүйлийг ч судлаад хийчихдэг хүн. Алтан гартай хүн л маш нарийн ухаан шаардсан ажлыг хийнэ шүү дээ. Дээрээс нь нэмээд алтан толгойтой ч гэмээр. Сэтгэхүйн хурд өөр. Зарим хүмүүст мэдэхгүй даалгавар өгвөл эсэргүүцнэ биз. Харин Д.Тулга мэдэхгүй байсан ч хийхийн тулд зүтгээд ард нь гардаг. Жишээлбэл, бидэнд аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байсан градирны салхины урсгал хаадаг зүйл байсан юм. Тэрийг бид өөрсдөө зургийг нь гаргаад шинээр хийсэн. Засварын инженер байхдаа олон ажил хийсэн. Олон шинэчлэлийн ажлын эхлэлийг бид хоёр тавьсан” хэмээн алтан гартай инженерээрээ бахархан ярив.

Д.Тулга: Эрчим хүчний салбараар улс төр хийхээ л больчихмоор байна 

Д.Тулга инженертэй хэсэг хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Та ажил хөдөлмөрийн гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?

-Би Политехникийн Дээд сургуулийг 1989 онд Машин үйлдвэрлэлийн технологич, инженер мэргэжлээр дүүргэсэн. 1989-1992 онд Барилгын машин механизмын заводод Хүнд механизмын хэсгийн засварчин хийж байгаад 1993 онд Дулааны IV цахилгаан станцын Механик цехэд засварчингаар ажилд орж байлаа. Түүнээс хойш энэ станцдаа ажиллаж байна даа.

-Дулааны дөрөвдүгээр станцаараа овоглоод 30 гаруй жил болжээ. Одоо аль албанд ажиллаж байна вэ?

-Токарийн хэсгийн мастер, Зуухан цехийн засварын инженер, Гадаадын төсөл хэрэгжүүлэх албаны төслийн инженерээр ажиллаж байсан. 2008-2012 онд Өмнөговь аймгийн “Даланзадгадын ДЦС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар очиж ажилласан. 2012 онд дахин Дөрөвдүгээр станцдаа ирж, Засварын албанд инженерээр ажиллаж байгаад 2012-2015 онд Эрчим хүчний хөгжлийн төвийн дэд захирлаар очсон. Дараа нь мөн л эргээд станцдаа Зуухан цехийн даргаар ажиллаж, 2018 оноос Судалгаа хөгжлийн албаны зохион бүтээх төсөл судалгаа, хөгжлийн менежерээр ажиллаж байна.  

-Таны аав эрчим хүчний салбарт насаараа үр бүтээлтэй ажиллаж, Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хүн. Эрчим хүчний салбар хүнд, өдөр шөнөгүй ажилладаг гээд энэ салбарын ажилчдын үр хүүхэд холуур явдаг юм билээ. Та яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

-Миний аав дулааны I цахилгаан станцад гагнуурчин байсан. Улаанбаатар рашаан сувилалын зүүн талд манайх байдаг байлаа. Хүүхэд нас тэнд өнгөрсөн дөө. 1960-аад онд Монгол Улсын гал голомт Дулааны I цахилгаан станц байлаа. Гэмтэл их гарна. Унтаж байхад станцаас аваарын тэрэг хүрч ирээд аавыг минь аваад явна. Тухайн үед сайн мэддэггүй л байж. 1993 онд эрчим хүчний салбарт ажиллаж эхэлснээр хүнд ажил гэдгийг нь мэдэрч эхэлсэн. Дулааны IV цахилгаан станцын зуухан цехэд анх ажилд ороход аавын шавь, цуг ажиллаж байсан хүмүүс олон байсан. Тухайн үеийн шалгуураар “аав нь мундаг Хөдөлмөрийн баатар байхад чи ийм байх ёстой” гэсэн хариуцлага, үүрэг гэмээр зүйл их мэдрэгддэг байлаа. Сайн байх ёстой гэдэг зарчимд сургачихдаг юм болов уу гэж боддог.  Энэ зарчмаараа ажилласаар 30 гаруй жил болсон байна.

-Та одоо шөнө ажилдаа дуудагддаг уу?

-1990-ээд оны хүнд үеийг бодвол өнөөдөр харьцангуй гайгүй. Бид 1990-ээд онд маш олон хэцүү давааг давсан. Станц руу нэг орвол тас хар юм гарч ирнэ. Өвлийн хүйтэнд станцаа хөлдөөчихгүйн тулд дотроо ил гал түлдэг байсан үе. Харанхуй тоос, шороотой хүнд нөхцөл байсан. Одоо бол тэр үетэй харьцуулахад хэд дахин сайжирсан. Анх байгуулагдсан цагаас хойших хугацааг арван жилээр хувааж үзвэл 1983-1993 он хүртэлх цаг хугацаа шинэ техник технологийг эзэмшиж, суралцах үе байсан юм болов уу. 1993-2003 онд Оросын мэргэжилтнүүд нутаг буцангуут бидний толгой дээр гэнэт бүх үүрэг, хариуцлага ирсэн. Бидний үеийнхэн муухайгаар хэлбэл, тоноглолуудыг эвдэлж байж сурсан хүмүүс. 1996 оны тайланг эргэн харахаар зуух жилд 430 удаа зогссон байдаг юм. Өдөрт 1-2 удаа зуух зогсож байсан гэсэн үг. 1993-2003 онд техник технологио шинэчлэх, тоног төхөөрөмжөө засварлах зэрэг мэдлэгтэй болсон үе байжээ гэж боддог. 2003-2013 он бол мэдлэгээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, станцаа улам бүр сайжруулсан үе байж. 2013 оноос хойш ололт амжилтаа бататгасан он жилүүд гэж боддог. Өнөөдөр бид зуухныхаа зогсолтыг удирдаж чаддаг болох тухай ярьж, тэмүүлж байна. Зуухны зогсолтын тоог жилд 60 болгон бууруулж чадсан нь станцынхны амжилт, мэдлэг чадвартай болсны тод жишээ юм.

Эрчим хүчнийхээ хэрэглээг бүрэн хангаж чадахгүй болсон нь  өөрөө том аюул шүү дээ

-Дулааны IV цахилгаан станц өнөөдөр ямар байдалтай байгаа вэ. Гэмтэл, саатал хэр гарч байна. Гарсан бэрхшээлийг хэрхэн даван туулж байна вэ?

-Боловсон хүчингүй буюу залгамжлах залуу халаа, сэлбэг материал улам л хомс болж байна. Мөн зэрэгцээд эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, түүнийг хангаж чадахгүй хэмжээнд хүрлээ. Одоо аваарын харанга дэлдээд эхэлж байна. Бухимдах л юм. Хэлэхээр улс төрөөс хамааралтай болчихдог. Үнээ нэмье гэхээр ард түмнээ бодож байна гэдэг. Эрчим хүчний салбараар улс төр хийхээ л больчихмоор байна. Цахилгаанаа 300 төгрөгөөр хэрэглэгчид аваг. Үнэхээр ард түмнээ бодоод байвал зөрүү мөнгөө улсын төсөвт суулгаад эрчим хүчний салбарынханд өг. Энэ бол төр засаг ард түмнээ бодож буй илэрхийлэл. Хулгай луйврыг бодохоор дэндэж байна. 

Бид 40 жил ажиллачихлаа. Дараагийн 40 жил нь яах юм. Энэ хэвэндээ байвал манай салбар удахгүй сөнөнө. Юм гэдэг хязгаартай. Хязгаар руугаа тун ойрхон очсон шүү. Бид ажил үүргээ сайн биелүүлэхийн төлөө зүтгэдэг. Тоноглолоо засах нь засна, ажиллуулдаг нь ажиллуулна. Мэдээж хариуцаж байгаа учраас муу засна, муу ажиллуулна гэж байхгүй. Аль болохоор өөрийнхөө мэддэг, чаддаг, сурсан хэмжээгээрээ засаад явуулж байна. Биднээс үл шалтгаалсан байдлаар ажил доголдоод байхаар хэцүү. Болохгүй болохоор бид гарах арга замуудаа хайгаад байна шүү дээ. Танай сэтгүүл бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэх гээд “Эрчим хүчний салбараа аваръя” контент хийж байгаа нь сайн. Сайн учраас бид та бүхний хийсэн зүйлийг дэмжиж байгаа. Эрчим хүчнийхний дунд буй эмзэг асуудлыг та бүхэн “Эрчим хүчний салбараа аваръя” гэж оновчтой үгээр илэрхийлсэн.  

-Энэ жил гэмтэл хэр гарсан бэ. Хязгаарлалтыг олон хийж байх шиг байна?  

-Тоноглолууд хуучирсан. Үүнийг дагаад гэмтэл гарч байгаа учраас хязгаарлалт хийхэд хүрдэг. ОХУ-аас өгдөг цахилгааныг 150 МВт-аар хязгаарлана гэхэд давхцаад манай станц дээр нэг зуух зогссон. 100 МВт-аар хязгаарлалт хийсэн.

-Өвөл найман зуух ажилладаг юм байна. Зундаа хэдэн зуух ажилладаг вэ. Засвар шинэчлэлтийг хэр хийж байгаа вэ?

-2000 оны эхээр зуухан цехэд ажиллаж байхад зундаа дөрвөн зуух, гурван машины горимоор явдаг байсан. Одоо бид таван зуух, дөрвөн машины (турбингенератор) горимоос буухгүй байна. Хэрэглээ өссөн гэсэн үг. Гэтэл энэхүү эрчим хүчнийхээ хэрэглээг бүрэн хангаж чадахгүй болсон нь өөрөө том аюул шүү дээ. Аюулын харанга дэлдэхээс өөр яах билээ. Тогтсон хэв маяг, авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээ одоо цагт зөв биш гэдэг нь нотлогдоод байна. Станц долдугаар турбиныг 2015 онд суурилуулсан. 2018-2019 онд эхний дөрвөн турбинээ сайжруулалт хийгээд насжилтыг нь 35 жилээр нэмэгдүүлж бараг шинэ турбины хэмжээнд болгосон. Гэсэн хэдий ч солигдоогүй үлдсэн шугам хоолойнууд, тоноглолууд олон байгаа. Огт гар хүрч солигдоогүй тоноглол төхөөрөмж ч олон бий.

-Та бүхэн аюулгүй ажиллагаагаа хэрхэн хангаж ажилладаг вэ?

-Аюулгүй ажиллагаагаа мэдээж хангаж ажиллана. Нэг зуух зогсоход 100 мянган айлын гэрэл шууд унтарна. Ийм үед бид 50-70 градустай болсон халуун зуух руугаа ороод л гэмтлээ засна шүү дээ. Гэхдээ аюулгүй байдлаа, хөдөлмөр хамгааллыг сахиж ажиллана.

-Та хэдэн шавьтай вэ. Гарын шавь бий юу?

-Олон шавь бий. Зуухны засварын инженер хийж байгаа хүн байна. Намайг багшаа л гэнэ. Бас нэг шавь маань өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний захирал хийж байна.

-Дөнгөж сургуулиа төгссөн инженер станцад орж ирээд хэр хугацааны дараа ажилдаа дөртэй болдог вэ?

-Дээд сургууль төгссөн инженер бие даагаад ажилладаг болно гэвэл таван жил элбэг болно. Таван жилийн дараа арай гайгүй болно. Мастерын түвшний хүн болно гэсэн үг. Хамгийн мундаг алтан гартай засварчин болъё гэвэл арван жил элбэг зарцуулна. Гэтэл одоо дөнгөж шинээр ажилд орсон залуу нэг жил болоод гарч байна. Үүнийг ганцхан манай станц яриагүй, салбараараа ярьж байна. Цахилгаан станц, эрчим хүчинд  ажиллаж байсан гэхээр компаниуд нь дуртай авдаг юм шиг байна лээ. Өндөр хариуцлага шаардсан нарийн ажилд хатуу заавар, зөвлөгөө, хагас цэрэгжилтийн гэж нэрлэдэг зарчим үйлчилнэ. Үүнийг давсан хүн мундаг ажилтан болно шүү дээ. Гэтэл захаас нь зуурах гэж байгаад гараад явчихаар ямар хэрэг байх вэ дээ.

-Эрчим хүчний салбарынхан салбартаа чин сэтгэлээсээ хайртай, санаа зовдог, залуучууд нь ахмад үеэ хүндэлдэг, ахмадууд нь залуу үедээ үлгэр дуурайл болдог, үнэнч шударга, зарчимтай хүмүүс юм шиг санагддаг. Та нэг газраа удаан ажиллахаар уйдах ч юм уу, залхмаар үе гардаг уу?  

-Манай нэг инженер станцад олон жил болсон ажилтныг хараад “Нэг газраа ингэтлээ удаан ажиллаад, нэг хаалгаар олон удаа орохоосоо залхдаггүй тэнэг байх аа” гэж бодож байсан гэдэг. Тэгсэн одоо би өөрөө 30 жил ажиллачихсан байна хэмээн инээж байж билээ. Хүнд дассан орчин, татагдах хамт олон гэж байдаг. Тэрэндээ эргэж ирэхийг хүсдэг юм байна. Хүний суурь өнгө өөрчлөгдөхгүй гэж энэ. Ямар нэгэн байгууллагад ороод байгууллагын соёлд уусаж, тэндээ дасан зохицож, татагддаг болсон байвал чи тэр байгууллагын нэг эд эс, өнгө нь гэсэн үг. Ганц ч будаг түрхүүлээгүй байна гэдэг ажил, амьдралд гүн гүнзгий оролцоогүй  байна гэсэн үг. Зүгээр л сайхан байж байгаад гараад явчихвал амьдралд чинь дурсагдах зүйл байхгүй шүү дээ. Бие биенээ хүндлэх, ажлаа чин сэтгэлээсээ хийх, нэг зүгт харах нь бидний соёл, ажил амьдралын хэвшил болсон зүйл. Тэр нь та бүхэнд анзаарагддаг болов уу. Ер нь амьдралд хүн болгосон байгууллагаасаа урвана гэж байхгүй. Тийм газар, байгууллагаа төрөлх гэдэг тодотголтой хэлдэг шүү дээ.

Нэг зуух зогсоход 100 мянган айлын гэрэл шууд унтарна. Ийм үед бид 50-70 градустай халуун зуух руу ороод л гэмтлээ засдаг

-Та Дулааны IV цахилгаан станцад ажиллах хугацаандаа бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж байсан ажлуудаасаа ярина уу?

-Зуухан цехийг хоёулаа үзсэн. Тэр бол миний машин үйлдвэрлэлийн технологийн мэргэжлээ зуухны засварчнаар сольж, мэргэшсэн хэсэг. Зуухан цехэд судалгааны хэсгийг анх байгуулж байсан. Мэдээлэлтэй бүртгэлтэй болсон гэж ойлгож болно. Дөрвөн инженертэй судалгааны хэсгийг станцад анх удаа нэвтрүүлж байлаа. 2002-2003 оны үеэр бичиг баримтын нэгдсэн стандарт бий болгоод засварын ажлын тайлангаа нэг загварт оруулж, тоног төхөөрөмжүүдийн тэмдэглээ, бүртгэл хийсэн. 20 гаруй жил бүртгэж тэмдэглэж ирлээ. Судалгааны ажлын маш том мэдээллийн сан болсон байна. Энэ ажил  маань сайн болжээ гэж боддог. Хуучин турбинуудаа ашиглаад хайс хашлага хийж байлаа. 2008 онд Дулааны IV цахилгаан станц Даланзадгадын дулааны цахилгаан станцыг өөд нь татах менежментийн багийг илгээж байсан. Багийн ахлагчаар дөрвөн жил ажилласан. Бид богино хугацаанд их юм хийж байсан юм билээ. Байгууллагын соёлыг төлөвшүүлэхээс эхлээд алдагдлыг нь бууруулж чадсан байдаг. Шийдье гэж бодож явсан ажлууд маань амьдралд хэрэгжсэнийг харах сайхан байна.  

-Механик цех ямар үүрэгтэй ажилладаг талаар манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

-Механик цех нь станцын тоноглолуудад шаардлагатай сэлбэг эд, ангийг өөрийн орны нөхцөлд технологийн дагуу засварлах, шинээр хийж, бэлтгэл хангадаг. Эд ангиуд чанартай байх эсэх нь энэ цехээс шалтгаална. Би энэ цехэд 1993 онд анх ажилд орж эрчим хүчний салбарын ажилтан болж байсан. Механик цехэд зуухны экран, уур халаагчууд, экономазер, коллекторыг шинээр хийж байна. Ер нь бол зуух нь хоолойнуудаас бүрдсэн тоноглол юм. Зууханд 40 жил болсон солигдоогүй төхөөрөмжүүд ч бий. Бид засаж сэлбээд, зарим тоноглолоо шинээр хийгээд явж байна. Орос, Хятадаас шаардлага хангасан материалуудаа авчраад өөрсдөө үйлдвэрлэж байгаа. Орчин үеийн техник технологи шингэсэн тоног төхөөрөмж авч чадвал түүнийгээ дагаад хүмүүс хөгжинө. Тэр болгон авч чадахгүй байна.

-Зуухан цехэд ашигладаг тээрмийн эд ангиудыг засаж сэлбээд үйлдвэрлэлд ашиглаж байгаа гэсэн. Өндөр үнэтэй учраас тэр болгон гаднаас оруулж ирж чадахгүй, хүндрэл үүсэж байгаа юм билээ. Энэ нь чухам ямар төхөөрөмж юм бэ?  

-Одоо бидний үзэж байгаа хэсэг бол тээрмийн бул сэргээн засварладаг хэсэг. Зуухан цехийн засварын инженер байхдаа хаалт арматур, бул сэргээн засварлах нэртэй энэ хэсгийг байгуулж байсан. Өнөөдрийг хүртэл тогтвортой ажиллаад 24 жил болж байна. Үйл ажиллагаа нь өргөжөөд, хүмүүс нь чадваржсан. Багануураас ирж байгаа нүүрсийг зуухандаа оруулахын тулд гурил мэт нунтаг болгодог. Нунтаг болгодог төхөөрөмж нь тээрэм. Тээрмийн булны эд ангиудыг засдаг газар. Энэ тээрэмд ордог сэлбэг материалд өндөр үнэтэй, элэгдэлд тэсвэртэй ган, өндөр хатуулаг үүсгэх гагнуурын утас ордог.  Гадаадаас бид валютаар авдаг. Үүнийг сэргээн засварлаад шинэ юм шиг болгоод буцаагаад ашиглаж байна. Энэ сэлбэг ирж чадахгүй бол засварын ажил муу болно, дотор гэмтэл их гарна гэсэн үг. Дотор гэмтэл гарахаар цахилгаан хязгаарлана. Гэтэл ард иргэдээ цахилгаан, дулаанаар хангахын бид тулд тасралтгүй ажиллах ёстой байдаг. Тийм үед бид яах аргагүй л хуучин төхөөрөмжөө засах, аргалах, сэлбэх байдлаар засварлаад л үйлдвэрлэлээ явуулна.

-Дулааны IV цахилгаан станцын зуухнуудын халах гадаргууны ажиллах хугацаа дуусаж, нийтэд нь солих шаардлагатай болсон гэсэн. Хөрөнгө мөнгөнөөс шалтгаалж, зөвхөн гэмтсэн хэсгийг л хэсэгчлэн засварлаад явж байгаа юм байна, тийм үү?

-Тийм ээ. Зуухыг бүрдүүлэгч халах гадаргуу хэмээх хоолойн ажиллах цаг дуусаж солих шаардлагатай байдаг. Хэсэгчлэн солих байдлаар засвар хийж ирсэн бөгөөд цаашид хөрөнгө мөнгө гаргаж зуухаа бүрэн шинэчлэх шаардлагатай байгаа. Ажилчид хэдий болтол торгоох вэ дээ. Аливаа зүйлд хязгаар гэж бий. Хязгаартаа хүрэхэд тун ойрхон байна. Зуухны шугам хоолойн ажиллах цаг дуусаж солих шаардлагатай. Бид хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаанаар хэсэгчлэн солих байдлаар явж ирсэн. Цаашид ийм байдлаар засварлаж явах нь эрсдэлийг улам бүр нэмэгдүүлнэ. Зуухны халах гадаргууны эд анги зангилааг бид өөрсдөө урьдчилан хийж чадаж байна. Үүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, бусад бүх эд ангийг өөрсдөө хийхээр төлөвлөж зуухаа шинэчлэх хэрэгтэй.

Нүүрсийг шатааж дулаан гаргаад, үүсэж буй дулааныхаа энергийг энэхүү хоолой доторхи буюу зуухны экран гэж нэрлэгддэг хэсгийн усанд шингээгээд, тэрхүү ус нь 140 атмосферийн агаарын даралттай, 560 градусын температуртай уур болгоод турбин рүү өгдөг юм. Өндөр даралттай уурын хүчийг механик энерги буюу эргэлдэх хөдөлгөөн болгон хувиргадаг тоноглолыг турбин гэж нэрлэдэг. Турбины эргэлдэх хөдөлгөөн нь генератор гэдэг цахилгааны энерги бий болгодог тоноглолыг эргүүлж бидний хэрэглэдэг цахилгаан гэдэг зүйлийг үйлдвэрлэж байна. 

Дулааны энергийг уурын кинетик энергид хувиргаж байгаа зуух гэдэг тоноглол чинь энэ. Энэ тоноглол маань үндсэндээ 40 жил ажиллаж байгаа гэсэн үг. Мөн бидний эргэн тойронд байгаа тоноглол, шугам хоолой бүгд 40 жил болсон. Эдгээр тоноглолын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах гэж станцын 1500 шахам ажилтан өдөр шөнөгүй ажиллаж байна. Засварынхан тоноглолыг засаж сэлбэдэг. Энэ дотроо тухайн тоноглолуудын онцлогоос шалтгаалан цахилгаан, дулаан, хянах хэмжүүр автоматик, механик, хими гэх мэт олон салбар шинжлэх ухааны мэргэжил бүхий мэргэшсэн ажилчдаас бүрэлдсэн хамт олон Монгол Улсынхаа эрчим хүчийг үйлдвэрлэж байна. Цахилгаан ба дулааны энергийг үйлдвэрлэнэ гэдэг нь маш олон хүний хүч хөдөлмөр шаардагдсан чухал ажил болдог нь ийм учиртай.

Д.Тулга инженерийн бүтээлүүд үр ашиг өгч, зардлыг бууруулжээ

Д.Тулга инженер биднийг станцынхаа үйлдвэрлэл явуулж буй гол хэсгүүдээр дагуулж явав. Мангас шиг том зуухнуудыг хараад үүнийг үнэхээр хүн ажиллуулдаг гэж үү хэмээн сүрдмээр санагдсаныг нуух юун. Тэрбээр хамгийн наад талын хажуу бөөрнөөс нь уур гарч буй зуухыг заагаад “бага зэргийн гэмтэл учраас энэ зуухыг ажиллуулж байна. Зуухны өндөр 46 метр. Энэ зууханд гал асаагаад, ус буцалгаж уур болгоод уур нь турбинаар орж эргээд тэр эргэлтээрээ генераторыг эргүүлээд цахилгаан энерги үйлдвэрлэж байгаа юм. Энд долоон турбингенератор, найман зуух ажиллаж байна” хэмээн тайлбарлав.

Тэрбээр Зуухан цехдээ анх 2001 онд суурин засвар хийх үүрэг бүхий Сэргээн засварлах бригадыг бий болгожээ. Ингэснээр цехдээ насоснуудад их засвар хийдэг болсон бөгөөд Мазутын насос нэг ширхэгийг сэргээн босгож суурилуулжээ. Тодруулбал, Д-500 насосны актлагдсан корпус засварлаж мөн нэг насос сэргээн босгосон, Багерын насос, Д500, ЦН400 зэрэг насосны засварыг хийдэг болсон байна. Зууханд шилжилтийг хэмждэг репер гэдэг хэмжигчийн  хийцийг шинэчлэн гаргаж, улмаар бүх зуухандаа суурилуулжээ.

Өндөр хариуцлага шаардсан нарийн ажилд хагас цэрэгжилтийн зарчим үйлчилнэ. Үүнийг давсан хүн мундаг ажилтан болдог

Мөн 2002 онд Арматур бул сэргээн засварлах бригадыг шинээр зохион байгуулснаар  тээрмийн булны засвар, хаалт арматурыг урьдчилан засварлаж бэлтгэдэг болсон байна. Хаалтны бугель эргүүлэгч машин, седло өнгөлөгч машин хийж хаалт засварлахдаа ашигладаг болжээ. Түүнчлэн Германд үйлдвэрлэсэн тээрмийн нягтруулгын хэсгийг 2003 онд Хятад Улсын мэргэжилтэнүүдтэй хамтарч нүүрсэн нягтруулгатай болгох ажлын зураг төслийг хийлцэж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Бас үнсэн сангаа олон дахин ашиглах технологи гарган танилцуулсан нь дэмжигдэж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь их үр дүнтэй ажил болжээ. Одоо зуухны тэжээлийн усны насосны эд анги засварлах технологи нь амжилттай туршигдаж байна. 

“Бидний үеийнхэн зах зээлийн хүнд цаг үеийг өөрсдийн хүчээр, сурч боловсрох, мэдлэг хуримтлуулах, туршлагатай болохын төлөө цаг хугацаатай зэрэгцэн ажилласаар өнөөгийн түвшинд хүргэсэн. Бидний дараагийн үеийнхэнд энэ хүрсэн түвшнийг бататгах, ахиулах, мөн аюулын харанга дэлдэж буй сорилтыг амжилттай давах үүрэг ирж байна. Орчин үеийн техник технологийн хөгжил хурдтай явагдаж байгааг анзаарч станцаа орчин үеийн хөгжлөөс хоцроохгүй авч явах том зорилго байна. Сорилт бүхэн хүнээс мэдлэг шаардана. Тэд чадна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн Д.Тулга инженер өгүүлсэн юм.

Цахилгаан ба дулааны энергийг үйлдвэрлэдэг нүсэр том машинуудыг ажиллуулдаг, засдаг, удирддаг инженер, техникийн ажилтнуудаар бахархахгүй байхын аргагүй юм билээ. Тэр тусмаа тэдгээрийг удирдан явуулдаг, зааж зааварладаг, тэр орчиндоо олон жил уйгагүй ажиллаж хөдөлмөрлөсөн Д.Тулга инженер шиг хүмүүсээр бахархах ёстой. Бас хайрлах, гамнах, тэдний үгийг сонсох ёстой юм. 

 



Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x